Ямар ч тамирчныг хормын төдийд од эсвэл нүд ирмэхийн зуур шившиг болгох агуу их хүч, ид шид спортод бий. Тийм ид шидийг мэдэрч буй нэгэн тамирчин Германы “Ханновер” багт байна.
Германы цомын тэмцээний 1/32 шигшээ тоглолтын 82 дахь минут. “Ханновер” баг өрсөлдөгч “Карлсруэ”-г 4:0-ийн харьцаатай илт давуу хожиж байхад зочин багийн дасгалжуулагч А.Брайтенрайтер урьд өмнө хэний ч харж байгаагүй 23 настай Хендрик Вайдандтыг талбайд гаргав. Гурван минут өнгөрөхөд Хендрик гоол оруулчихлаа. Ахиад таван минут өнгөрөхөд хоёр дахь гоолоо хийв.
“Ийм явдал үлгэрт бас заримдаа хөлбөмбөгт тохиолддог шүү дээ” хэмээн баг нь 6:0-ээр ялсны дараа “Ханновер”-ийн менежер Х.Хельдт өгүүлжээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Х.Вайдандт Ханновер хотын сонирхогчийн лигт “Гросс мюнцель” багт тоглодог байв. Гозгор Хендрик (195 см) бараг тоглолт бүрт гоол оруулах учир “Эгесторф-Лангредер” баг түүнийг элсүүллээ. Залуу довтлогч шинэ багийнхаа төлөө гурван улиралд 40 гоол оруулж, ачийг ачаар хариулах нь тэр.
Тэрбээр тухайн үед “Эгесторф” багт сарын дөнгөж 400 еврогийн цалинтай тоглож байв. Гэвч энэ зун тайлбарлахын аргагүй явдал түүнд тохиолдсон юм. Бүсийн лигийн сүүлчээсээ хоёр дахь тойрогт Х.Вайдандт “Ханновер”-ийн хоёрдугаар багийн хаалганд гоол оруулсан агаад өрсөлдөгч багийн дасгалжуулагчид түүнийг тоож, сорилгод оролцох санал тавьжээ.
Мэдээж Хендрик сорилгод тэнцсэнээр “Ханновер” түүнтэй сарын 3000 еврогийн гэрээ байгууллаа. Улирлын өмнөх тоглолтуудад Хенни (багийнхан нь түүнийг ийн дууддаг) найман гоол оруулж, улмаар дээр дурдсан Германы цомын тоглолтод оролцсон юм.
“Ханновер”-ийн дасгалжуулагч А.Брайтенрайтер “Хенни өнөөдөр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон. Бид ч түүний өмнөөс маш их баярлаж байгаа” хэмээн ярьжээ. Х.Вайдандтын хувьд Бундеслигт дасах шаардлага ч байсангүй. “Вердер”-ийн эсрэг улирлын эхний тоглолтын хоёрдугаар хагасын сүүлчээр талбайд гарангуутаа гоол оруулав. Түүний гоол багтаа хожил авчрах боломжтой байсан ч талбайн эзэд тоглолтыг тэнцүүлж (1:1) чаджээ. Ирэх бямба гарагт “Борусси” (Дормунд)-гийн эсрэг тоглолтод Хенниг гараанд гарвал гайхах хэрэггүй.
Хөлбөмбөгийн зарим шинжээч түүнийг мэргэжлийн хөлбөмбөгт оройтож (22 нас) хөл тавьсан алдарт М.Клозетой зүйрлэж байна. Ийнхүү хэдхэн сарын өмнө Германы сонирхогчийн доод лигт тоглож байсан Х.Вайдандт сарын 12-14 мянган еврогийн цалинтай мэргэжлийн тоглогч болох гэж буй юм. Энэ нь өнгөрсөн хавар авч байсан цалингаас нь даруй 30-35 дахин их билээ.
Н.Энхбаяр