Сүмимасэн гэдэг үг Японд байшин барилгын үүд, такси, дэлгүүр, ресторанд гээд хаа сайгүй сонстоно. Баярлалаа гэдэг үг ч хэрэглээнээс шахагдсан мэт гэмээр. Гэхдээ энэ үг япончуудын хувьд ямар утгатай юм бол?
ВВС-гийн сурвалжилах баг хулгайлсан гэж болох хоёр түлхүүрээрээ хаалга онгойлгохыг оролдож байх үед Токиод шөнийн 01.00 болж байлаа. “Airbnb” цахим хуудсаар дамжуулан түрээсэлсэн байраа бид олж чадахгүйд хамаг учир оршиж байв. Энэ хаяг бидний хайж байсантай адил санагдаж байсан юм. Бидний орох байрны эзний хэлсэнчлэн шуудангийн хайрцагт түлхүүр байлаа. Гэхдээ хэлж өгсөн кодоор нь тэр хайрцаг онгойгоогүй учир завсраар нь хуруугаа чихэн байж түлхүүрээ авсан юм.
Бидний оронд өөр нэгэн байсан бол оролдож үзэхгүй байсан байх. Гэхдээ бид 12 цаг нисээд, дараа нь Наритагийн нисэх буудлаас Шинзюкү (Токиогийн дүүрэг) рүү нийтийн тээврээр зорчсон болохоор их ядарч, нөхцөл байдлыг дүгнэхтэй манатай байв.
Цоож руу түлхүүрээ хийн эргүүлэхийг оролдож байтал хаалга гэнэт цэлийтэл нээгдэж, гэрийн халаттай эмэгтэй охинтойгоо зогсож байлаа. Биднийг ихэд гайхаж буй бололтой. Энэ ч бас бидний хайж байсан хаяг биш байжээ.
Харин гайхалтай нь хаалгыг нь эвдэх гэж байсан бидэн рүү хашгичих, эсвэл цагдаа дуудахын оронд эзэгтэй дараагийн 20 минутад бидэнд хаягаа олоход тусалж билээ. Бид японоор ганц ч үг мэдэхгүй, тэд англи хэл бараг ойлгохгүй. Хэрэгтэй хаягаа олж чадахгүй байгаа биднээс л уучлалт гуйж байв.
Уучлалт гуйх нь Японд их түгээмэл. Сайнаар бодоход тэд өөрсдийгөө зарим талаар доош хийгээд буй мэт, муугаар бодоход дэмий заншил мэт. Гэхдээ ингэх нь тус улсын амьдралын салшгүй хэсэг мэт харагдаж болох юм. Үүний тулд тусгайлан хийдэг үйлдэл бий. Тухайлбал, гараа духандаа хүргэх нь уучлалт гуйж буйн зэрэгцээ ийм аргаар жижигхэн биетэй, настай эмэгтэйчүүд цугласан олон хүн дундуур “сэлэх” нь хүн далай дахь байлдааны жижигхэн хөлөг онгоц шиг.
Уучлалт гуйх арга олон бий. Японы улстөрчид уучлалт гуйж буйг харвал арга нь 20-иор тоологдоно. Гэрт нь орохыг оролдож байсан байрны эмэгтэй их ёсорхог хэрнээ хамгийн түгээмэл аргаар уучлалт гуйгаад, явахын өмнөх хамгийн дулаан үгсийн оронд ийм үйлдэл хийж болдог гэж зөвлөжээ.
Сүмимасэн гэдэг үгийг уучлаарай хэмээх ойролцоо утгатай үгээр орчуулж болох ч хаалга бүрт, такси, дэлгүүр, зоогийн газар гээд хаа сайгүй аригато буюу баярлалаа гэхийн оронд хэрэглэж байна. Заримдаа япончууд бусдад үргэлж гэм хийчихээд уучлалт гуйгаад буй мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ тийм биш гэж Корнеллийн их сургуульд япон хэл судалж, “Japan airlines” компанид 15 жил ажилласан Лори Инокума хэллээ. Сүмимасэн гэдэг нь аригато гэдэг үгийг заавал орлох албагүй ч санааг нь агуулдаг гэнэ.
“Сүмимасэн гэдэг үгний ердөө 10 хувь нь л уучлалт гуйхыг илтгэнэ. 90 хувь нь хүндэтгэл, найрсаг байдал, чин сэтгэлийг илтгэдэг. Өдөр тутмын амны уншлага болсон үг. Хэн нэгэн ямар нэг зүйлийг таны төлөө хийвэл, жишээ нь, дэлгүүрт танд зам тавьж өгөх, эсвэл хаалга барьж өгөхөд хэлнэ” гэж Лори ярилаа. Англид ч мөн адил thank you гэдэг үгийг sorry хэмээхийн оронд хэлдэг.
Японы уламжлал илүү ухамсартай амьдрахад тус болдог гэж “Japonisme” хэмээх номын зохиогч Эрин Ниити Лонгхерст өгүүлжээ. “Энэ бол уучлалт гуйх биш, талархлаа илэрхийлэх соёл. Миний ярих дуртай нэг түүх бий. Нэг удаа британи эгч минь хэвлэлийн бага хурлын үеэр япон эмэгтэйтэй танилцахдаа түүнийг гэртээ урьжээ. Зочин ирэхдээ Японоос авчирсан, маш гоёмсог боодолтой, жижиг бэлгээ гэрийн гишүүн бүрт төдийгүй миний хоёр дүүд өгсөн. Хэн нэгэн түүнийг гэртээ урина гэж япон эмэгтэй мэдээгүй ч бэлэг бэлтгэсэн байсан. Энэ л миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм” гэж Эрин дурсав.
Энэ зун ОХУ-д болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ч япончуудын аливаад хүндэтгэлтэй ханддагийг илүү тодоор харуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан билээ. Японы шигшээ баг сүүлчийн тэмцээндээ ялагдсан ч хувцас солих өрөөгөө цэвэрлэхээр саатсан байдаг. Түүгээр ч зогсохгүй оросоор “баярлалаа” гэсэн бичиг үлдээн, талархлаа илэрхийлсэн юм.
Тэгэхлээр уучлалт гуйх нь бүх нийтийг хамарсан соёлын чиг баримжаатай холбоотой Японы найрсаг харилцааны нэг л илрэл үү? “Хүмүүс дунд аж төрж, хөршүүдтэйгээ зэрэгцэн оршихын тулд Японд найрсаг харилцаа чухал” гэсэн тайлбарыг Лори өгчээ.
Токиогийн үндэсний Синзюкү-Гёэн, эсвэл эргийн Нака-Мэгүро цэцэрлэгт хүрээлэнд сакура цэцэглэх улиралд хүмүүс хүлээцтэй нь аргагүй дугаарлан зогсохыг харахад л ихийг ойлгоно.
Тус улсын хотууд дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан газруудын тоонд ордог. Хүн амын 93.9 хувь нь хотын оршин суугч. Тухайлбал, Токиод нэг ам км талбайд 6150 хүн ногддог бол Лондонд 5729 оршин суугч байдаг. Японы хотуудад дунджаар нэг хүнд 22 ам метр талбай ногддог. Нийслэл Токиод энэ үзүүлэлт 19 ам метр гэнэ. Япон орноор аялахдаа үүнийг мэдэрсэн. Бид ер бусын жижиг хэрнээ тохь тухын хувьд ярих юмгүй орон сууцанд буусан. Зай талбай хүрэлцэхгүй болоход хүмүүс хоорондын харилцааны яв цав, найрсаг байдлын үнэ цэнийг хүн ойлгоно.
“Хүний орон зайг энд их хүндэтгэдэг. Япон айлд орсон хүн бүр гутлаа тайлдаг. Үүгээр дотор тал гаднаас ялгагдана. Бас мэйвакү гэдэг зарчим байдаг. Энэ нь таны хувийн орон зайд халдаж, тух алдуулсанд уучлаарай” гэсэн утгатай.
Гэхдээ ийм найрсаг байдал япончуудын цусанд шингэсэн болохоос амьдралын уйтгартай нөхцөл байдлыг сэргээх гэсэн хариу үйлдэл биш. Японы Фүжи уул орчмын хотуудаас гарахад аниргүй, тайван байгальд хүмүүс бүр их ч элгэмсэг дотно болдог. Камикочи уулын хөндийд очихдоо автобусаар 10 минут яваад хүрчих замыг хоёр цаг эрчимтэй алхан туулжээ. Буцах замд нутгийн нэг ажилтан зогсоод, биднийг дөхүүлээд өгье гэхэд баярласандаа арай л уйлчихаагүй.
Үүнээс нэг өдрийн өмнө би орон нутгийн автобусанд утсаа мартаад хэдэн цагийн дараа санасан. Харин автобусны жолооч утсыг олоод, буудлаас миний хаягийг авч надад биечлэн хүргэж өгч билээ.
“Japonisme” номдоо Эрин Японы өнөөгийн соёл, уламжлалын харилцааг гаргажээ. Уучлах соёл нь найрсаг байдал бөгөөд дийлэнх тохиолдолд ухамсраас үүдэлтэй. “Японы олон ёслол, шашны зан үйл хүн, байгаль орчин хоорондын харилцааг судалдаг. Жишээлбэл, цайны ёслолын үеэр хамгийн чухал нь таныг ямар цаг үед буйг ойлгуулдаг. Цай аягалж байгаа бол энэ зөвхөн цайны тухай бус, ямар цэцэгс буланд байгаа, жилийн ямар улирал болох, ямар дүрс үсэг хананд бичээстэй байсан гээд нарийн утга учиртай. Ямар үед байгааг тань ухамсарлуулах, энэ нь хүмүүс бие биетэйгээ харилцахад нөлөөлдөг” гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал