“ОХУ болон бусад улсын нутаг дэвсгэр дэх ирвэсийн генийн уялдаа холбоо болон ялгааны талаар шинэ мэдээлэл цуглууллаа. Орос, Монголын ирвэс тусдаа төрөл зүйл болохыг бид тодрууллаа. Мөн Орос болон Монголын хойд нутгийн ирвэс хил дамнасан нэг бүлгийнх болохыг бид анх удаа тогтоолоо” гэж Оросын ШУА-ийн А.Н.Северцовын нэрэмжит Экологи, хувьслын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Андрей Поярков “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Тэрбээр Оросын газар зүйн нийгэмлэгийн ирвэс судлалын хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгааныхаа үр дүнгийн талаар ярьсан юм.
ТОМ МУУРЫН ДИВААЖИН НЬ МОНГОЛ
Түүний хэлснээр Цагаан шивээт нурууны ноён оргил Цагаан шувуут уулын хил орчмын нутаг дэвсгэр дэх ирвэсийн генийн материалыг цуглуулахад хоёр улсын таван амьтан нийтлэг нутаг дэвсгэртэй болохыг тогтоолоо. Үнэндээ Монгол дахь ирвэсийн тоо толгой олон, тэнд уур амьсгалын илүү таатай нөхцөлтэй, гол идэш нь болдог Сибирийн янгир ч хангалттай байна. Туватай хил залгаа орших Монгол Улс Оросын нутаг дэвсгэрт шинээр амьтан орж ирэх эх сурвалж болдог аж.
Судлаачид ирвэсийн идээшдэг газрын компьютер загварчлалыг гаргажээ. Ингэснээр ирвэс идээшдэг байж болох ч судлагдаагүй хэсгүүдийг эрж хайхад тус болох аж. Тэрчлэн ирвэсийн өвчин, шимэгч хорхойн судалгааг анх хийсэн байна. Том муурын бусад төрөл, тухайлбал, Оросын Алс Дорнодын Амар мөрний бартай харьцуулахад ирвэс нь шимэгч хамаагүй багатай. Бусад том мууранд арваад төрлийн шимэгч байхад ирвэсийнх ердөө 2-3 гэнэ.
ХӨВСГӨЛИЙН ИРВЭС ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН
Үүнээс гадна Оросын газар зүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өөр ямар ажил хийсэн талаар тодруулахад хамгийн бага судалсан, Буриадын нутаг дэвсгэрт Өмнөд Сибирийн Зүүн Саяны нуруунд эрдэм шинжилгээний хэд хэдэн судалгаа хийжээ. Буриадын баруун өмнөд нутгийн Их Саяны нуруунд зулзагатай хоёр ч эмэгчин, Мөнх Сарьдагийн оргил болон Тункинские Гольцы нуруунд ирвэстэй таарсан байна. Энэ онд Орос, Монголын хилээр, Хөвсгөл нуур талаас судална. Монголын энэ хэсэг Оросынхоос тааруу судлагдсан ба тэнд ирвэс ямар байр суурьтай байдаг буюу идээшдэг нутаг, юуг голчлон агнадгийг тодруулах аж.
Албан ёсны мэдээгээр идээшдэг газар нутгийнх нь 70 хувийг судалсан байдлаас үзвэл нийт 61 ирвэс тоолжээ. Уулын Алтайд хамгийн олон буюу 35, Тувад 17, Буриадад ес байсны 38 нь нас бие гүйцсэн, 23 нь зулзага аж. ОХУ ирвэсийн хувьд идээшдэг хамгийн хатуу ширүүн нөхцөлтэй, зүүн хойд булан учир тоо толгой нь 150-200 хүрвэл их юм гэнэ.
ГОЛ АЮУЛ
Ирвэсүүдийн хувьд хамгийн гол аюул нь хууль бус агнуур юм. Гэхдээ ирвэс бус, салаа туурайтнууд хавханд орох нь элбэг гэнэ. Хоёр дахь том аюул нь мал руу нь дайрлаа хэмээн ирвэс буудан хороодог нутгийн оршин суугчид. Гэвч жишээ нь, Увс нуурын дархан цаазат газар оршин суух иргэд малын саравчаа тортой болгосноор халдлагын болон буудуулах эрсдэл эрс багасчээ.
Хууль бус агнууртай газар дээр нь ч, улсын хэмжээнд ч тэмцэх хэрэгтэй. Хавхаар агнахыг хориглохгүй бол ховор бүх төрлийн амьтанд хөнөөлтэй юм. Зэрлэг амьтны тоо толгойг өсгөхөд хамгийн чухал арга нь гол идшийг хамгаалах. Тухайлбал, Сибирийн янгирыг тоо толгойг өсгөх хэрэгтэй. Энэ асуудлыг өдгөө Буриадад хурцаар тавьж байна.
ИРВЭС Ч СТРЕССДЭГ
Тоо толгойг нь нарийн мэдэхийн тулд компьютерын программтай болох хэрэгтэй. Ирэх жилийн эхний хагаст тодорхой саналууд гарах аж. Буриадын хил ормын бүлгүүдийг хоёр талаас нь судлах ёстой. Магадгүй ОХУ Монголоор тархан идээшиж буй амьтдын гол эх сурвалж ч байж болох аж. Тэрчлэн ген, өвчин, шимэгчийн судалгаагаа үргэлжлүүлнэ. Бас нэг сонирхолтой зүйл нь гормоныг нь судлах замаар стрессийн түвшнийг нь дүгнэх гэнэ. Хэрэв стрессийн түвшнийг тодорхойлж сурвал судалгааны томоохон амжилт болох аж.