Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын дагуу ангир, галуу зэрэг усны шувуу үй олноор үхсэн тухай бид өмнө нь хоёронтоо мэдээлсэн. Хамгийн сүүлд энэ сарын 16-нд Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Нүрзэд “Үнэхээр ноцтой байдал үүсчээ. Нуурын эргийн урт 20 гаруй км.
Гүйцэд тойролгүй, зургаахан км газар явахад 510 шувууны сэг зэм байна. Үхсэн шувуудаас дээж авч, аймаг руу явуулсан” гэж байв. Үүнээс хойш долоо хонолоо. Энэ хугацаанд аймгийн БОАЖГ, ЗӨСТ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллага Сангийн далайн эрэг дагуух газрыг самнаж, 3200 гаруй шувууны сэг зэм цуглуулжээ.
Үхсэн жигүүртнүүдийн 63 хувь нь ангир, 19.3 хувь нь нугас, үлдсэн нь цахлай, бор галуу, болжмор байжээ. Мэргэжилтнүүд уржигдар нуурын ойр орчмыг бүрэн цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж дууссан байна. Шувууд чухам юунаас болж мянга, мянгаараа хиарсан шалтгааныг Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнайгаас тодруулахад “Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Уг нь өнөөдөр ирэх ёстой” гэсэн юм.
Харин тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Шувууд олон улсын хориотой, аюулт өвчнөөр үхээгүй нь шинжилгээгээр тодорхой болсон ч яг юу нөлөөлснийг нарийвчлан тогтоогоогүй. Нуурын ус, хоол тэжээлтэй нь холбоотой байж болзошгүй. Дахин нягтална” гэлээ.