Манай орны хушин ойн нөөц өдгөө 116.9 сая шоо метр болжээ. Энэ нь 2007 оныхоос 33.6 сая шоо метрээр багассан үзүүлэлт бөгөөд Монголын нийт ойн сангийн 5.5, ойн нөөцийн 9.4 хувьтай тэнцдэг гэдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрынхан онцоллоо. Хууль бус мод бэлтгэл, түймэр, ойн хөнөөлт шавжийн тархалт, уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн алдрал зэрэг олон хүчин зүйл хушин ой хумигдахад нөлөөлсөн гэж тэд дурдав. Ингэснээр бусад модноос ач холбогдолтой гэгддэг хушны ашиг шимийг хүртэх боломж ч хязгаарлагдаж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Хуш “Хамгийн тэжээллэг мод” гэсэн өргөмжлөлтэй. 100 гр шилмүүсэнд нь 260-360 мг “C” витамин агуулагддаг учир чийг бам өвчнийг эмчлэхэд өргөн ашигладаг. Холтос нь уушгинд эм болдог. Давирхайгаар нь буйлны үрэвсэл, шүдний зовиурыг эдгээдэг. Хожуулд нь ч дотор өвчнийг эсэргүүцдэг шимт бодис агуулагддаг гээд шид увдисыг нь тоочоод байвал өчнөөн. Хуш модны нөөцөд онцгойлон анхаарах шалтгаан энэ мэт олон.
Түүнээс гадна хүн, амьтад аль аль нь ашиг шимийг нь хүртдэг бас нэг баялаг энэ модонд бий. Тэр нь самар. “Википедиа”-д бичсэнээр үүнд 19 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд 70 хувь нь бие махбодод үл орлогдох уураг гэнэ. Гэтэл сүүлийн жилүүдэд хуш модны “сааль” улам багассаар байгааг байгаль орчны салбарынхан хэллээ. Хушин ойн нийт талбай хумигдсан нь нөлөөлснөөс гадна түүний дагалдах баялагт шунасан иргэд ч үүнд буруутай аж.
Байгаль хамгаалагч, судлаачдын олон жилийн ажиглалтын “туршлага”- аар самрын их ургац 4-5 жилд нэг удаа тохиодог байна. Үүнийг их ургацын жил гэдэг. Өөрөөр хэлбэл, бусад жилийнхээс арвин ургацтай байдаг гэсэн үг. Хамгийн сүүлд уржнан их ургацын жил тохиожээ. Тухайн үед өмнөх оныхтой харьцуулахад самрын гарц дориун байсан ч их ургацын жилүүдээс хамгийн “муу” байсан нь хушны “сааль” жил ирэх тусам муудаж байгааг баталсан гэнэ. БОАЖЯ-ын Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат “Самрын гарц өнгөрсөн жил муу байсан. Энэ жил ч тааруу байх төлөвтэй. 2019, 2020 онд ч базаахгүй л болов уу” гэж “муу амлав”.
Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын дагуу бол тухайн жил хэчнээн хэмжээний самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах тухай шийдвэрийг сумдын Ойн анги, Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн мэдээ, тайланд үндэслэн БОАЖЯ есдүгээр сарын 1-ний дотор гаргах ёстой. Харин өдгөө тодорхой шалтгаануудын улмаас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлэх мэдээлэл саатаад байгаа гэнэ. “Өнөө өглөө (өчигдөр) утасдаж, яаравчилсан. Бид хугацаандаа амжиж дүгнэлтээ гаргахыг хичээж ажиллана” хэмээн БОАЖЯ-ныхан хэллээ.
Гэсэн ч самрын гарц маш муу байгаа тухай мэдээ эхнээсээ дуулдах болов. Монгол орны ойн нөөц, тэр дундаа хушин ойн зонхилох хэсэг оршдог Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар (Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Хэнтийн Батширээт, Өмнөдэлгэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр хамаардаг)-т гэхэд самар ховор ургасан мэдээтэй байна. Тус газрын хамгаалалтын захиргааныхан самрын болц гүйцээгүй үед “хөдлөхгүй байх”- ыг, зөвшөөрөгдсөн хугацаа нь болсон ч их хэмжээгээр түүж, бэлтгэхгүй байхыг иргэдэд анхааруулах боллоо.
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаяр “Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын хойд хэсэгт самрын гарц харьцангуй гайгүй ургах магадлалтай. Бусад бүсэд маш муу байна. Энэ зун бороо хур элбэг байсан нь ч үүнд нөлөөлсөн байж болзошгүй” гэв. Түүнчлэн самарчид байгаль орчныг ихээхэн бохирдуулж, энэ нь ойг доройтуулан, эцсийн дүндээ самрын ургацад ч нөлөөлж буйг “ховлосон” юм.
Хуш мод доод тал нь 50 “насалж” байж боргоцой ургаж, үрээ өгөх чадвартай болдог аж. Гэвч хэдэн сая үрээс нэг нь л мод болон ургах онцгой “эрх” авдаг гэнэ. Иргэд энэ талаар мэддэггүйгээс угаас эмзэг модыг гэмтээж, түүний нөөцөд өөрсдөө ч мэдэлгүй заналхийлдэг юм байна. Ялангуяа гүйцэд болоогүй үед самрыг авахын тулд муна, лантуу зэрэг хүнд жинтэй зүйлээр цохиж гэмтээх нь түгээмэл.
Тэгвэл энэ нь хуш модонд, цаашлаад түүний түүний ургацад ямар нөлөөтэй вэ. Энэ асуултад нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалан “Хуш хар модтой харьцуулахад их эмзэг. Хүчтэй доргиож цохихоор мэдээж гэмтэнэ. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал, хүчтэй доргисноор модны махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт ургадаг учраас хүчтэй салхинд булгарахаар эмзэг. Гэмтэж, ургалт нь зогссон моддын экосистем хэвийн үргэлжилж чадахгүй, үр жимсээ өгөх боломжгүй болох нь ойлгомжтой” гэв.
Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд “Самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхдээ тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулан, нөөц ашигласны төлбөрөө төлж, байгаль хамгаалагчаас ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг авна” гэж тусгасан байдаг. Харин иргэд ахуйн зориулалтаар түүхдээ 25 кг-аас хэтрүүлэхгүй байх журамтай. Түүнчлэн иргэд орон нутгийн байгаль хамгаалагчаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой.
Гэвч самарчид энэ журмыг уландаа гишгэдэг. Ойд отоглон бууж, хэдэн зуун кг-аар нь түүнэ. Ил гал түлж, хогоо байгальдаа “дурсгадаг”. Өндөр уулын оройд хураасан самраа буулгаж, наймаачдад нийлүүлэхийн тулд хэдэн мянган км газраас сарлаг аваачсан иргэдтэй ч таарч байв. Хууль журам ярьсан байгаль хамгаалагчдад тэд хэлдэг үгтэй. Тэр нь “Чамаас биш, байгалиас авч байна” хэмээн цамнадаг гэж байгаа.
Хушин ой, түүний дагалдах баялгийг хамгаалахын тулд иргэдийн энэ муухай хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Самрын болц гүйцээгүй үед түүж, бэлтгэсэн иргэдийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй дүйх хэмжээний төгрөгөөр торгоё. Ойн дагалт баялаг ашигласных нь нөхөн төлбөрийг хүн бүрээс авъя. Тэдэнтэй тэмцдэг байгаль хамгаалагчдаа чадавхжуулъя, тоог нь нэмэгдүүлье.
Ингэхгүй бол Монгол орны экологи улам бүр доройтож, байгальд ч, хүнд ч хэрэгтэй хуш үгүй болж ч мэдэх нь.