Австралийн судлаачдын мэдээлснээр шувуудаас хамгийн зохион байгуулалттай, төлөвлөлттэй, тав туханд дуртай, сүрхий нь бусеротид гэнэ. Махир хошуутай учраас харагдах байдлаас нь болж хирсэн хошуут хэмээн нэрлэдэг эл шувуу бусдаасаа юугаараа онцгой болоод ийнхүү “өргөмжлөгдөв”. Хирсэн хошуутын эрэгчин хуримын сараас өмнө орон гэрээ бэлддэг гэнэ. Тодруулбал, ойн дундуур нисэж “эхнэртээ” таалагдахаар, мөн үүр засахад тохиромжтой мод олно. Өөрсдөө тоншиж, ухаж чадахгүй учраас том нүх гарсан мод сонгодог. Ингээд “бүсгүйдээ” үзүүлж, санаанд нь нийцэж байгаа, эсэхийг асууна. Хэрэв эмэгчин сонгосныг нь голбол “шинэ орон сууцны” эрэлд гардаг байна.
Гэхдээ ихэнх тохиолдолд эрэгчингүүдийн сонголт супер байдаг учраас эргэж, буцаж мунгинах асуудал гарах нь тун ховор аж. Ингээд хайранд “умбаад”, толгой хоргодох “өмчтэй” хоёр өндөгнүүдээ дарах өрөөг тохижуулдаг гэнэ. Ингэхдээ эмэгчин дотор байгаа өвс, навч зэргийг цэвэрлээд, гадагш жижиг “цонх” гаргана. Өндгөө дарж, бөөцийлж буй эхнэртээ нөхөр нь тэр нүхээр хоол тэжээлийг нь өгдөг байна.
Эдгээр үйл явцын талаар эрдэмтэд “Хирсэн хошуут яг л хүн шиг. Эмэгчин нь орон гэргүй эрийг нэг нүдээр хардаггүй, тун айхтар. Тиймээс бүсгүйтэй үерхэж байхдаа эрчүүд үүрээ олж, урилга заллага болно. Энэ нь гэр бүлээ төлөвлөж байгаа хэрэг. Ингээд нялх биетэй эмэгтэйгээ халамжилж, хар бор ажил хийлгэдэггүй. Өндгөө ангаахай болтол нь буюу 2-3 долоо хоногийн турш эмэгчин л дардаг бөгөөд энэ хооронд эрчүүд хоол ундыг нь авчирч өгдөг.
Бүх өндөг нь “амилсны” дараа ээж цонхоо нээж, аавд нь харуулаад, нөхөртөө талархлаа илэрхийлээд эргээд хатуу дэглэмд орно. Хэд хоног дахин үүрэндээ нялх биеэ тэнхрүүлж буй нь тэр. Энэ үед нөхрийн халамж улам нэмэгдэж, ахиу хоол авчирч өгч “хөхүүл” эхнэрээ тойглодог. Ээж нь үүрнээсээ холддоггүй нь ангаахайнуудаа амьтдын дайралтаас хамгаалж байгаа хэрэг юм. Энэ шувууны амьдралын явцыг ажиглахад энэ мэтээр халамжтай гэр бүлийг санагдуулам байдаг” гэжээ.
Судлаачдын онцолсон өөр нэг зүйл нь эмэгчин хирсэн хошуут тун нямбай. Гэрээсээ гаралгүй хэдэн долоо хонохдоо элдэв хаягдлаа “цонхоороо” гаргаж, асгадаг гэнэ. Энэ нь ангаахайнуудаа цэвэр орчинд бойжуулж буй хэрэг. Үр хүүхдүүд нь өсөж, үүрээ орхин явсны дараа ч аав, ээж хоёр тэндээ амьдарсаар байдаг тохиолдол цөөнгүй. Гэхдээ ихэнхдээ нэг жил хамт амьдраад буюу дэгдээхэйнүүд нь нас бие гүйцсэний дараа салж, тус тусын амьдралыг хөөдөг байна.
Дашрамд өгүүлэхэд, дэлхийн хэмжээнд 14 төрлийн 57 зүйл хирсэн хошуут бий. Африк, Азийн өмнөд хэсэг, Номхон болон Энэтхэгийн далайн арлуудад таарах энэ шувууны нэр нь “бух”, “эвэр” гэсэн латин үгний товчлол гэнэ. Тэгсэн атлаа яагаад бухын эвэр гэхгүй хирсэн хошуут гэснийг судлаачид тайлбарлаагүй байна. Нэг төрөл, зүйлийнх хэрнээ хоорондоо төс ч үгүй амьтан цөөнгүй. Харин бусеротидуудын амьдралын хэв маяг, хоорондын харьцаа зэрэг нь нэлээд адилхан байдаг гэнэ.
“Хөөрхөн” хошууных нь үзүүр хэсэг жигд бус, жижиг олон шүдтэй. Биеийн хэмжээний хувьд төрлөөсөө шалтгаалан 30-120 см урт, зургаа хүртэл кг жинтэй. Биенээсээ харьцангуй том хошуутай учраас хүзүүний булчин нь маш сайн хөгжсөн байдаг гэнэ. Их бие жижиг, хөл нь богино, харин сүүл, хүзүү нь урт, өргөн далавчтай.
Нисэх үед нь нэлээд чимээ гардаг бөгөөд үүнийг судлаачид “Галт тэрэг ойртож байгаа мэт” гэж зүйрлэсэн байдаг. Үүний шалтгаан нь далавч нь дан өднөөс бүтдэгтэй холбоотой. Бусад шувууны далавч янз бүрийн хэмжээтэй өднүүдийн хооронд сөдтэй учраас салхи “залгиж” их дуу чимээ гаргадаггүй юм байна.
Хирсэн хошуутуудын өөр нэг онцлог нь их орилоо гэнэ. Ялангуяа гэрээ “барих” үедээ хоёр янзын чимээ гарган тасралтгүй орилдог аж. Заримдаа нисэж явахдаа орилдог нь түгшүүртэй байгаагийн иэлрхийлэл юм байна. Гэмтэж бэртсэн, эсвэл хүн болон амьтанд баригдсан үедээ хирсэн хошуут маш чанга, хахиран гуагалдаг нь нэг км-ийн цаанаас ч сонсогддог талаар энэ шувууг судалсан эрдэмтэд тэмдэглэсэн байна.
Энэ шувууны эрэгчингүүд халамжтайгаас гадна бас их сүйхээтэй юм байна. Эхнэр, хүүхдээ ганцаараа тэжээж, гадаа “гандахдаа” тэд өөрийн сүргээс “үйлчлэгч” олдог. Ихэвчлэн нэг настай буюу залуухан шувуухайнууд “ах нарын” зараалд гүйдэг бөгөөд тэд эзэгтэйн гаргаж хаясан хог, хаягдал, сангасыг үүрнийх нь хажуугаас зайлуулж, цэвэрлэнэ.
Бусеротид хүн төрөлхтөнтэй эртнээс холбогджээ. Эртний Ромд эл шувууны хошууг дуулгандаа зүүж, эр зоригийн бэлгэ тэмдэг болгодог байж. Малайчууд дайны бурхан Сингаланг Буронгагаа хирсэн хошуутаар төсөөлдөг гэнэ. Азийн зарим улсад энэ шувууг тусгай хамгаалалтад авсан байдаг бол Энэтхэгийн Аруначал-Прадеш мужид жил бүр хирсэн хошуутын наадам зохион байгуулдаг. Учир нь тус мужийн бэлгэдэлт шувуу нь бусеротидийн нэгэн зүйл болох асерос кассидикс юм байна.
Бэлтгэсэн: Г.Хана