Хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн өвөрмөц амжилтыг Оросын клуб “Зенит” үзүүллээ. Тус клуб Европа лигийн урьдчилан шатны өрсөлдөөнд Беларусийн баг “Динамо Минск”-т 0:4-өөр хожигдоод байсан. Уг тоглолт долоо хоногийн өмнө Беларусьт болсон. Үүнээс үүдэн “Зенит”дараагийн шатанд шалгарахгүй гэсэн таамгийг спортын мэргэжилтнүүд дэвшүүлсэний зэрэгцээ “Оросын хамгийн баян клуб түмний шившиг боллоо” хэмээн шүүмжилж байв. Гэтэл өнгөрөгч шөнө зенитчүүд “Динамо Минск”-ийг өөрийн талбайдаа хүлээн авч 8:1-ээр бут ниргэлээ. Ингэхдээ энэхүү гайхамшгийг арвуулаа тоглож бүтээсэн. Учир нь тооны харьцаа 2:0 байх үед буюу тоглолтын 72 дахь минутад хагас хамааглагч Паредес нь талбайгаас хөөгдсөн юм. Гэлээ ч оросууд айлын 11 тоглогчийн эсрэг баатарлаг тоглон, нэмж зургаан гоол оруулав. Ингэхдээ тоглолтын үндсэн цагт дөрвөн гоол, үлдсэнийг дөрвийг нь сунгасан цагт оруулсан юм. Шигшээ багийн довтлогч Артём Дзюба гурван гоолын эзэн болж, багийнхаа амжилтад том тусыг хүргэлээ. Хамгийн сонирхолтой нь, тоглолт болсон цэнгэлдэхэд “Зенит”-ийн нэг ч хөгжөөн дэмжигч байгаагүй. Учир нь орос фанатууд Европа лигийн өмнөх улиралд танхайн хэрэг өдөөсөн тул дээрх тоглолтыг үзэгчгүй явуулах торгуулийг Европын хөлбөмбөгийн холбоо “Зенит” клубт оноосон юм. Тиймээс Беларусийн багийн 100 гаруй хөгжөөн дэмжигч л цэнгэлдэхэд байлаа.
Европын цомын тэмцээнүүдийн түүхэнд ийм амжилт гаргаж байсан баг үгүй. Харин эхний тоглолтод 0:4-өөр хожигдсон ч хоёр тоглолтын дүнгээр дараагийн шатанд шалгарсан амжилтыг алдарт “Барселона” клуб үзүүлж байсан. Каталончууд Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын хасагдах шатны эхний тоглолтоо Парис хотод хийхдээ “ПСЖ”-д 0:4-өөр ялагдсан ч өөрийн талбайдаа 6:1-ээр хожиж байсан түүхтэй.