Монголын тал хээрт өргөн тархсан ч идэш тэжээлийн хомсдол, хулгайн ан, газар тариалан эрхлэлтийн нөлөөгөөр тоо толгой нь эрс цөөрч, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд “Олон улсад ховордож буй” гэж үнэлэгдсэн хонин тоодгийг Монголын шувуу хамгаалах төвийнхөн Бээжингийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран судалж байна. Тэдний зорилго нь энэ зүйлийн шувууны нүүдлийг судалж, амьдрах орчныг нь хамгаалах гэнэ. Улз гол дагуу нутаглаж буй найман тоодогт сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Монголын шувуу хамгаалах төвийнхөн “Хонин тоодгийн нүүдлийн судалгааг Монголын зүүн бүсэд өмнө нь хийж байгаагүй. Шувууд үржих болон нүүдэллэх үедээ гаднын нөлөөнд автах, үхэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс энэ үед нь онцлон судлах болсон” гэв.