Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын эрэг дагуу ангир, галуу зэрэг усны шувуу олноор үхсэн байхтай таарч, бодит байдлыг баримтжуулан зураг авсан эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан “Сангийн далай шувуудын сэг зэмээр хүрээлүүлжээ” хэмээн бид мягмар гаргийн дугаартаа нийтэлсэн.
Тухайн үед (даваа гараг) Говь-Алтай аймгийн БОАЖГ, Хөхморьт сумын албаны хүмүүстэй холбогдож, учир байдлыг тодруулахад аль аль нь ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд “Өнөөдөртөө багтаад тийш явах гэж байна. Нөхцөл шалтгааныг тодруулаад, эргэн мэдээлье” гэсэн юм. Гэвч тэд хэлсэндээ хүрэлгүй хойрголж суусаар хоёр өдрийг барав. Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч өчигдөр л Сангийн далайд “морилжээ”.
Тэрбээр өчигдөр 16.00 цагийн үед холбогдон “Газар дээр нь ажиллалаа. Үнэхээр ноцтой байдал бий болжээ. Нуурын эргийн урт 20 гаруй км. Зургаахан км газар явахад л 510 шувууны сэг зэм байна. Бүхэлд нь тойрвол 1000 хол давах байх. Сэг зэмээс дээж авч, аймаг руу явуулсан” гэлээ. Харин БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатартай ярихад “Ямартай ч аймгийн Мал эмнэлгийн газрынханд энэ талаар хэл хүргэсэн. Тагнуулынханд мэдээлэл очсон байна лээ” гэв.
Ганц, хоёр биш, хэдэн зуун шувуу, цаашлаад Монгол орны байгаль орчин, биологийн нөөцтэй холбоотой ноцтой асуудал үүсчихээд байхад амьтны асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь мэдээ ч үгүй, хуруу биш, хошуу нэмснээ сайрхан ярина гэдэг дэндүү ичгэвтэр.
Сангийн далайгаас 40 гаруй км-т байдаг Хөхморьт сумын байгаль хамгаалагч мэдээлэл авсан даруйдаа “хөдөлж”, аймгийн БОАЖГ-ынхан нь нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг зарчмаар ажиллаагүй бол үхсэн шувууны тоо хагас мянгад хүрэх байсан уу. Халдварт өвчний улмаас тэдгээр шувуу үхсэн бол яах вэ. Одоо энэ асуудалд дан ганц Хөхморьт сум, Говь-Алтайн аймгийнхан бус, улс нийтээрээ анхаарах цаг болжээ.