М.Оч
“Эмээлт өртөө орчимд гэмтсэн буга, согоо байна. Түргэн тусламж хэрэгтэй байна” гэсэн мэдээлэл Монголын байгаль орчны иргэний зөвлөлд уржигдар иржээ. Мэдээллийн дагуу тус байгууллагын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Давхарбаяр, ХААИС-ийн багш, агнуурзүйч н.Магсаржав нар газар дээр нь очиж, амьтдад анхны тусламж үзүүлсэн байна.
“Хурдтай явж байсан машин гэнэт дуут дохиогоо өгсний улмаас амьтад үргэж, замын хажуугийн огцом налуу хэсэг рүү унасан” гэж иргэд мэдээлсэн аж. Буга, согоо хоёр замын хамгаалалтын төмөр торонд орооцолдон, арьс, эвэр нь гэмтэж, хөлийнх нь үе мултарсан байжээ.
Тиймээс Нийслэлийн шуурхай албанд дуудлага өгсний дагуу холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, эмч, цагдаагийн эргүүлүүд гэмтсэн амьтдыг Зэрлэг амьтан асрах газарт хүргэж, өдгөө хяналтдаа байлгаж буй гэнэ. Бүрэн эдгэрэхээр нь байгальд тавих аж.
Дашрамд дурдахад, гэмтэж бэртсэн ан амьтантай таарвал нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005, нийслэлийн Байгаль орчны газрын 323780 утсаар мэдэгдэх шаардлагатай.