Зуслангийн бүс дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу буулгаж эхэлжээ. Нийслэлийн Байгаль орчны газар, Газрын албатай хамтран нэг жилийн турш уг арга хэмжээг зохион байгуулна. Орц, гарц, автомашин, явган хүний зам хааж, зөвшөөрөлгүй хашаа хатгасан зөрчил цөөнгүй бий аж. Ажлын явцын талаар нийслэлийн Байгаль орчны газрын ногоон бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхжаргалаас тодруулахад “Нийслэлийн ногоон бүсэд нийт 26 ам байдаг.
Үүнд зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан зөрчил цөөнгүй гарсан. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбайг хаасан хашаануудыг буулгалаа. Энэ жил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллана. Цаашлаад Баруун салаа Салхитын аманд хатгасан зөвшөөрөлгүй хашааг буулгах арга хэмжээ авна” гэв.
Бэлтгэсэн: Г.Гэрэлтнаран