Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын ойролцоо усны 10 гаруй шувуу үхсэн байхтай манай гэрэл зургийн сурвалжлагч таарч, зургийг нь баримтжуулан авчээ. Тэрбээр “Буудуулсан, эсвэл гэмтсэн гэх шарх, сорви ер ажиглагдаагүй. Ангир, галуу усны захад ойр ойрхон үхсэн байсан. Тус нуурыг зорих шувуудын тоо жилээс жилд цөөрч байгааг нутгийн иргэд хэллээ” гэсэн юм.
Энэ мэдээллийн мөрөөр Говь-Алтай аймгийн БОАЖГ болон Хөхморьт сумын холбогдох албаныхантай өчигдөр холбогдож, учир байдлыг тодруулахад аль аль нь ямар ч мэдээлэлгүй байв. Аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар “Энэ тухай мэдээлэл ирээгүй. Сум, багийн Засаг дарга, холбогдох хүмүүсээс асууж тодруулаад, хариу хэлье” гэсэн бол Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Нүрзэд “Саяхан (өчигдөр 15.00 цаг) л ийм мэдээлэл авлаа.
Өнөөдөртөө багтаад Сангийн далайд очиж, нөхцөл байдалтай танилцана. Зураг авч, нөхцөл шалтгааныг тодруулсны дараа эргэн холбогдъё” гэв. Сангийн далай нь салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайг эзлэн оршиж, Монгол элсний байгалийн цогцолборт газарт хамаардаг нуур юм. Нуурын зүүн өмнөд хэсэгт нүүдлийн шувууд олноор нутагладаг гэнэ. Эл газарт жигүүртэн олноороо үрэгдсэн тохиолдол өмнө нь гарч байсан аж.
Монгол элсний байгалийн цогцолборт газрынхан “Бидэнд энэ тухай мэдээлэл ирсэн. Манай байгаль хамгаалагч тэнд ажиллаж, ажиглаж байгаа. Ангир, цахлай шувуудын сэг зэм байна гэсэн. Юунаас болсныг нь тодруулахын тулд дээж авч, шинжлүүлэхээр зөвлөлдөж байна. Өмнө нь 2008 онд шувууд учир битүүлэг шалтгаанаар үхсэн тохиолдол гарсан.
Сангийн далай шорвог устай учраас нөлөөлсөн байж болзошгүй” гэв. Нуурын орчимд ажиллаж буй байгаль хамгаалагч “Тав, зургаан шувуу үхсэн байна” гэж мэдээлсэн аж. Харин манай сурвалжлагчийн ганц л зурагт гэхэд 10 шувууны сэг зэм “буужээ”. Нутгийн иргэд ч “Ил харагдаж байгаа нь л энэ болохоос нуурын цаад талд өчнөөн сэг зэм бий” гэж хэдэнтээ ярьсныг манай зурагчин онцолсон.
Сангийн далайн ус жигүүртнүүдэд хортой байсан бол нүүдлийн шувууд жил болгон л хэдэн зуугаараа хиарах байв. Гэтэл ийм тохиолдол хаа нэг гардаг нь ямар учиртай вэ. Шорвог уснаас болж шувууд үхсэн байх магадлалтай юу. Энэ талаар судлаачдаас лавлахад “Байгаль, цаг уурын хувирлыг дагаад усны найрлага, бүтэц өөрчлөгддөг. Нуурын давсжилт нэмэгдэж, ундаалах аргагүй болсон байж болзошгүй. Эсвэл өөр шалтгаанаар бохирдсон байх магадлалтай” гэсэн юм.