Үргэлжлэл. Өмнөх нийтлэлийг Энд дарж үзнэ үү.
Ямар ч зөвшөөрөл аваагүй хэрнээ дур мэдэн аккумлятор задалж эхэлсэн хоёр үйлдвэр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор тосгонд бий. Тэдгээрийн орчин, нөхцөл ямар байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхнээс ямар шалтгаанаар эдгээр үйлдвэрийг шалгахгүй байгааг лавлах гэсэн ч цоожтой хаалга мөргөв. Хэлтсийн дарга болон асуудал хариуцсан байцаагч нь ээлжийн амралтаа авсан учраас тэр.
ХӨРСНӨӨС НЬ ЗУРГАДУГААР САРД ДЭЭЖ АВСАН Ч ОДОО БОЛТОЛ ШИНЖЛЭЭГҮЙ БАЙНА
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээр хоёр өдөр “зочилж”, “Ээлжийн амралтаа авсан ганц байцаагчийн ажил нь барагдахгүй их. Дуудлага бүрээр ажиллаж чадахгүй” хэмээн “амаа алгадуулаад” буцсан бид МХЕГ гээд хандаж болох бүхэн рүү утас цохив. Эцэст нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ынхан Хонхорт очиж шалгалт хийснийг мэдсэн билээ. Тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий өнөөх хоёрыг үйлдвэрийг шалгасан тухайгаа хэлсэн юм.
Тэрбээр “Эхний удаа очиж шалгаад, битүүмжилсэн. Үүнээс хойш дахин ажиллаж буйг нь дуулаад акт тавьсан. Агуулахыг нь ч битүүмжилсэн. Өдгөө энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бид шалгалтаа түр азнаад байна” гэсэн юм. Гэвч манай сурвалжлах багийг тус хоёр үйлдвэрт очиход агуулах болон бусад барилгыг битүүмжилсэн тэмдэг байгаагүй бөгөөд юм л бол наадаг сүрдмээр мэдэгдэх хуудас ч харагдаагүй юм. Мэргэжлийн хяналтынхан битүүмжлээгүй, нэг бол үйлдвэрийн ажилчид хуулсан бололтой.
Тагнуулын байгууллага ч оролцсон гэх удаа дараагийн шалгалтад ичмээр, эмгэнэлтэй зүйл олон байх. НМХГ-ынхан өнгөрсөн зургадугаар сарын 20-нд шалгалт хийжээ. Цагдаагийн байгууллага тухайн үед хөрснөөс нь дээж авч, шинжилж өгөөч гэж хандсан аж. Үүний дагуу хөрснөөс нь дээж авсан хэдий ч одоо хэр нь шинжлээгүй байна. Лабораторид тушаах шинжилгээний төлбөрийг төлөөгүй учраас тэр. Нэг дээж шинжлэхэд 200 000 төгрөгийн төлбөртэй, түүнийг нь хүсэлт гаргасан байгууллага төлөх ёстой гэнэ.
“Хос даль” ХХК-ийн хайлуулах зуух. Гэнэтийн ослын үед ачаалах тоноглол, хорт хийг шингээх шүүлтүүр байхгүй
ХАР ТУГАЛГАНЫ БИЗНЕС АШИГТАЙ
Хуучин аккумляторын худалдаа эрхлэгч Д.Батцэцэгтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр хааяа нүүр, биеэр нь тууралт гардаг ч унац ихтэй болохоор хийхгүй байж чадахгүй гэдгээ хэлсэн. Энэ талаараа “Гаднах хуванцар нь эвдрээгүй, бүтэн байхад аюул харьцангуй бага. Гэхдээ ашиглах хугацаа дууссан бол хор ялгаруулдаг. Нүүрний тос шингэхгүй, арьсан дээгүүр хааяа тууралт гарах нь бий.
Бид хүчин чадлаас нь хамаараад нэг бүрийг нь 10-50 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад үнэ нь хамаагүй өссөн. Хөдөө орон нутгаас аккумлятор олон ирдэг. Хот руу хүнд даацын, тэгээд бүр аккумлятор ачсан машин оруулдаггүй болохоор бид дуудлагаар очиж авах тохиолдол гардаг. Ийм худалдаа эрхэлдэг хүмүүс авсан үнэ дээрээ 30-40 хувийн өртөг нэмж, цааш нь борлуулдаг юм. Уг нь ашигтай.
Хонхорт нээгдсэн шинэ үйлдвэрийнхэн овоо өндөр үнээр авч байсан. Гэтэл хэд хоногийн өмнө залгахад “Авч эхлээгүй байна” гэсэн. Үйлдвэрийнхэн машинаараа ирээд авчихдаг болохоор амар. Аккумлятор авч байгаа хүмүүсийн ихэнх нь хятад иргэн байдаг. Хуванцар, хар тугалга, хүхрийн хүчлийн уусмалыг нь ялгаж аваад, урд хөрш рүү гаргадаг гэсэн” хэмээн ярьсан юм. Тэгвэл хар тугалга хайлуулах үйлдвэрүүд ямар ашиг олдог вэ.
Лондоны металлын бирж дээр өнгөрсөн баасан гарагт нэг тонн хар тугалга 2091 ам.доллар буюу 5.1 сая төгрөгийн үнэтэй байв. Харин Шанхайнхад 18 000 юаньтай тэнцэж байлаа. Аккумляторын 55 орчим хувь нь хар тугалга, 25-30 хувь нь хүхрийн хүчлийн уусмал, үлдсэн нь хуванцар байдаг гэнэ. Өргөн хэрэглээний аккумлятороос дунджаар 12-15 кг хар тугалга авдаг гэсэн үг.
Хар тугалга ялгах явцад хаягдалд химийн бодис шингэдэг. Эдгээр хаягдлыг задгай орхих ёсгүй
Тэгэхээр нэг тонн хар тугалга ялгаж авахын тулд 60-80 ширхэг аккумлятор задалж, хайлуулдаг ажээ. Ийм тооны аккумляторыг үйлдвэрүүд дунджаар 1.3-1.7 сая төгрөгөөр худалдаж авдаг гэнэ. Ингээд ажилчдын цалин, урсгал зардлаа нэмбэл ойролцоогоор нэг тонн хар тугалга ялгаж аваад гурван сая орчим төгрөгийн ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл, ийм үйлдвэрлэл эрхлэхэд хяналт, шалгалтаар дарамтлуулах нь бага хэрнээ их хэмжээний орлого олдог гэсэн үг.
Хэрэв хэн нэгэн хүн дур мэдэн цайны газар ажиллуулсан бол хэдийн торгуулж, “нуруугаа авхуулчихсан” байх нь ойлгомжтой. Авто замын дэргэд зогсож, самар, жимс борлуулдаг хүмүүст хатуу ханддаг хууль, хяналтынхан чухам ямар шалтгаанаар химийн хортой хог хаягдал боловсруулах үйлдвэрийг өөгшүүлж байгаа нь сонирхол татна. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханы хэлж буйгаар хүхрийн хүчлийн уусмал аажимдаа ууршиж, хөрснөөс арилах ч хар тугалганы хор хэзээ ч арилдаггүй гэнэ лээ.
ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ НЬ ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИХ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Налайх дүүрэг болон Хонхор орчмын газрыг үйлдвэр, фермийн зориулалтаар чөлөөтэй ашиглаж болох гэнэ. Энэ хүрээнд химийн хортой хаягдлын үйлдвэр болох “Заламт гол”-ынхонд тэнд газар олгожээ. Үүний улмаас хоёр ч үйлдвэр тэднийхтэй айл буусан хэрэг. Гэвч Хог хаягдлын тухай хуульд энэ бүхэн хориотой. Суурьшлын бүс, ялангуяа тариалангийн талбай, ундны ус эх үүсвэрийн дэргэд ийм үйлдвэр байж болохгүй гэдгийг хуульчилж өгсөн.
Мөн ийм үйлдвэр байгуулах бол хашаанаасаа авхуулаад түүн доторх цутгамал шал нь ч дээд зэргийн стандартад нийцсэн, хортой хаягдлыг агуулах байр нь хамгаалалт сайтай байх ёстойг тусгасан. Гэтэл үйл ажиллагаа эхлүүлэхээр завдсан хоёр үйлдвэрт стандартад нийцсэн зүйл үнэхээр байхгүй. Тэр ч байтугай өөрсдөө химийн хортой хаягдал үйлдвэрлэж байгааг манай сурвалжлах багийнхан харсан.
Хог хаягдлын тухай хуулийн 23.5-д “Аюултай хог хаягдлыг хадгалах үед үүссэн шүүрлийг аюултай хог хаягдал гэж үзнэ” гэж заасан байдаг. Тэдний хадгалж буй аккумлятороос асгарч буй хүхрийн хүчлийн уусмал, хайлуулах зуухнаас нь гарсан нүүрс ч аюултай хог хаягдал гэсэн үг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас авхуулаад дүүргийн тохижилтын хэлтсийнхэн ч Хонхорт аккумлятор задлах үйлдвэр байгуулах нь буруу гэдгийг хэлсэн юм.
Монгол Улсад өдгөө 700 000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 80 орчим хувь нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Эвдрэл, ээлжит засвар үйлчилгээ хийх хугацаагаар нь тооцвол жолооч нар 2-3 жил тутам аккумлятор буюу зай хураагуураа сольдог. Үүнээс үзвэл жилд ойролцоогоор 200 000 орчим аккумлятор хог болж, хүрээлэн буй орчинд аюул учруулдаг гэсэн үг.
Эрдэмтэн, судлаачид энэ талаар “Хүүхдийн тоглоомноос авхуулаад зай хураагуур ашиглах нь сүүлийн жилүүдэд ихэслээ. Малчид хүртэл аккумлятор ашигладаг, тэр нь эвдэрвэл гэрээсээ холгүйхэн аваачаад хаячихдаг болсон. Ялангуяа автомашины зай хураагуурын хэрэглээ эрс нэмэгдэж, түүнийг дагаад орчны эрүүл ахуйд сөрөг өөрчлөлт гарч байна. Автомашины зай хураагуур дотроо хүхрийн хүчил, хар тугалганы болон устөрөгч, металлын гэсэн хоёр төрөл байдаг юм.
Хүхрийн хүчил, хар тугалганы хольцтой нь хамгийн их аюултай. Бид “Хашаандаа овоолж, эсвэл хогийн цэгээс түүж нэгэндээ худалдаад, задалж байгаа эл замбараагүй үйл явцыг анхаарч, хянах шаардлагатай байна” гэж анхааруулдаг ч ойшоож буй байгууллага, албан тушаалтан алга” гэж ярьсан юм. Үүнээс аккумлятор гэх химийн хортой бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг эсэргүүцэж буй Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхор тосгоныхны эсэргүүцэл үр дүнд хүрэхгүй, тэднийг ойшоодог ч хүн алга гэж хэлж болохоор.
Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн О бусдыгаа төлөөлж “Хэдэн жилийн өмнө “Заламт гол” гэдэг компанид зөвшөөрөл өгөхөд л манайхан эсэргүүцэл илэрхийлж байв. Гэвч үр дүнд хүрээгүй. Гэтэл саяхнаас хоёр ч үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэллээ. “Заламт гол”-ынхон анх яг л тэдэн шиг зөвшөөрөлгүй байсан. Өдгөө шүүлтүүр тавьсан хэмээн өөрсдийгөө өмөөрөөд орчин тойрныг бохирдуулсаар байгаа.
Тэгэхээр тэр хоёр үйлдвэрийг зөвшөөрөл авчих вий гэж айх юм. “Хос даль” гэдэг компанийнх нь эзэн Энхболд гэдэг хүн байдаг гэнэ лээ. Өмнө нь Төв аймагт ийм үйлдвэртэй байсан гэсэн. Тэр хүн “Та нар яах юм. Би энд биш юм аа гэхэд өөр нэг газар үйлдвэрээ нээж л таарна” гэж айлгасан. Манай дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн ч үүнийг тоохгүй юм. Өнгөрсөн жил гахайн мялзан гарахад бас тэгсэн.
Өвчний голомттой газарт улсын байцаагчийг нь аваачихад “Зүгээр л байна” гээд тоогоогүй. Дараа нь бүр гахай үхэж байхыг харуулж байж фермийг нь хаалгасан шүү дээ. Мэргэжлийн хяналтынхан ямар зорилготой ажилладаг юм бүү мэд, ойлгохгүй байна” хэмээн ярьсан юм. Нэг л өдөр дээрх хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихсан байхад гайхах зүйл алга бололтой.
Бэлтгэсэн: Г.Цэцэг