“Орхон гол улаанаараа эргэлдэн, хүн, мал ундаалах эцэсгүй болж, хэцүүдэж байна” гэсэн мэдээлэл Үндэсний их баяр наадмын дараахан цахим сүлжээнд эрчимтэй түгээд, хэд хоногийн дараа намжсан. Эл мэдээллийг анх нийтэлсэн Өвөрхангай аймгийн удирдлагатай холбогдоход “Уул уурхайнхан Орхон голыг жилийн жилд ингэж сүйдэлж, бохирдуулдаг. Бид холбогдох яам, байгууллагад энэ асуудлаар хандсан ч хариу өгөөгүй” гэсэн бол БОАЖЯ-ныхан “Бидэнд энэ тухай мэдээлэл ирээгүй” хэмээн үгүйсгэсэн юм. Цахим орчинд тархсан зарим мэдээлэл шуугиант үйл явдалд дарагддаг уламжлалаар Орхон голын асуудал сүүлийн үед хот, хөдөөгүй сандаргасан үер усны гамшиг, цас, мөндөрт “туугдан” бүдгэрсэн. Харин “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж тус гол ямархуу байдалтай байгааг нүдээр үзэж, танилцаад иржээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Орхон гол амь тавих нь” гээд амтай болгон ярьж, жилийн жилд л энэ тухай шуугиан дэгддэг. Сүүлдээ иргэд нь ч, холбогдох байгууллагууд нь ч дөжирч, тоохоо больж байх шиг. Газар дээрээ бодит байдал ямар байна вэ?
-Монголын хамгийн урт гол гэгддэг Орхон голын эхэнд буюу Архангай аймгийн Цэнхэр суманд яг одоо уул уурхайн дөрвөн том компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг дагасан жижиг, хууль бусаар ажилладаг уурхай ч өчнөөн. Өнгөрсөн сарын 20-доор тэр хавиар явлаа. Бороо хуртай байв. Хажуугаар нь компаниуд шар ус (алт угаасан бохир)-аа Орхон руу цутгасан хэвээр. БОАЖЯ-ны мэргэжилтэн Тулга, Чулуунбат нар хоёр жилийн өмнө Орхон голын эхэнд ажилладаг алтны компаниудыг шар усаа алдахгүй байх хаалт хийлгэсэн юм. Тэр нь тодорхой хэмжээнд шар усыг барьж тогтоож буй ч хоёр талаараа задарснаас бохир нь гол руу урсан орсоор л байна.
Орхон голын асуудал олон жил яригдлаа. БОАЖЯ, УУХҮЯ-наас жил бүр л хяналт шалгалтынхан очих юм. Газрын дарга, сайд нь ч хүртэл тэнд очсон. Гэтэл тодорхой шийдэлд хүрч, үр дүн гарсан нь үгүй.
...Орхон гол доройтоход олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Гэхдээ тэргүүн эгнээнд нь уул уурхай яалт ч үгүй орно. Жуулчны баазынхан гэж уул уурхайнхнаас дутахгүй байгальд халтай хүмүүс байна. Голын захад гэр, кэмпээ тулгаж барина. Өтгөн шингэн, хувцас хунараа угаасан хиртэй усаа гол руу нийлүүлдэг...
-Голын эхэнд яг ямар компаниуд ажиллаж байгааг хэлж болох уу?
-Гол бохирдуулж байгаа компаниуд нь “Монгол газар”, “ББMС”, “Батбродерс”, “Алтай голд”, эдгээрийг дагасан жижиг уурхайнууд. Эд нар алт олохын төлөө явж байгаагаас биш, гол, ус хамгаалах, нөхөн сэргээх талаар огт боддоггүй. “Та нар ингэж дураараа ажиллаж болохгүй. Хууль, журам гэж байдаг. Шар усаа гол руу нийлүүлэх ёсгүй” гээд шаардлага тавихаар “Бороо ороод ийм болчихлоо” гэдэг. Бохирын далан нь сэтэрчихсэн, шар ус нь урсаад орж байхад л ингэж хэлж буй юм. Ийм хариуцлагагүй, хуншгүй байж болохгүй.
-Орон нутгийн удирдлага, холбогдох хууль, хяналтын байгууллагад хандахаар хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Ерөөс Орхон гол бол Монголын газар нутгийн нэг хэсэг учраас монголчуудад бүгдэд хамаатай. Тэр байтугай дэлхийд чухал ач холбогдолтой Байгал нуурт энэ гол цутгадаг юм шүү дээ. Гэтэл Архангай, Өвөрхангайнхан “Та нарын буруу, бидний зөв. Танай газар нутаг дахь хэсэг бохирдсон” гээд талцдаг. Үүний оронд хүчээ нэгтгээд болохгүй нь юу байна, ямар, гарц шийдэл бий гээд хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй.
Хий сүржигнэцгээгээд л байх юм. Баг, сум гээд анхан шатныхаас эхлээд аймгийн удирдлага, төрийн яамныхан ч энэ асуудлыг ойшоохоо больж. БОАЖЯ-ныхан ийм мэдээллийг сэртхийн хүлээж авч, даруй арга хэмжээ авах ёстой атал улс орон алт олборлож, ашиг олж л байвал гол, ус бохирдож, газар сүйдэх хамаагүй гэлтэй байх юм.
Ийм асуудал байна гээд яамныханд танилцуулахаар “Шалгаж хяная” л гэх юм. Сая намайг Цэнхэрт очиход Ерөнхийлөгчийн Тамгын газар, АТГ, ТЕГ-аас хүмүүс тэнд явж байна лээ. Дөнгөж ороод гарах шиг боллоо. Тэд ямар байр суурьтай байгаа, төрийн өндөрлөгт юу гэж хүргэхийг мэдэхгүй.
-Үе удмаараа хөвөөнд нь нутаглаж, унд усаа залгуулж ирсэн гол нь уурхайнхны нөлөөгөөр нүдэн дээр нь сүйдэж, бохирдож байгааг харах эмгэнэлтэй. Нутгийн иргэд, малчид ямар хандлагатай байдаг бол. Тэмцэж байх юм уу?
-Уул уурхайн компаниуд хариуцлагагүй, үүргээ биелүүлдэггүй, байгаль орчин сүйтгэж байна гэж ярьж, тэмцэхээс илүү “Эднээс яаж хүүхдийнхээ сургалтын төлбөр, хотод эмнэлэгт үзүүлэх мөнгө салгах вэ” гэсэн сэтгэлтэй хүн олон байна. Бэлчээр хомсдож, мал хуйгаа ундаалдаг ус минь бохирдвол ирээдүйд яах билээ гэж боддоггүй.
Тав, арван төгрөг салгаж, өнөө, маргаашаа аргацаахаа л чухалчилдаг малчин олширчээ гэж ажиглалаа. Энэ миний хувийн дүгнэлт, бодол шүү. Уул уурхайн компаниудаар үнэхээр “юм” хийлгэмээр, тэднээс авмаар байгаа бол тэр голд нутагладаг 200 өрх, 1500 иргэнд бүгдэд нь хүртээмжтэй зүйл хийлгэх хэрэгтэй.
Өмнө нь маш сайхан байсан зам юу ч үгүй болж, жижиг тэрэг ч явах аргагүй болсныг сая үзлээ. Уурхайнхан хаа дуртай газраараа яваад, олон салаа зам гаргачихаж. Өмнө нь ганцхан тод зам байсан. Эна замыг засаж, янзлуулъя гэдэг ч юм уу, иймэрхүү нийгэмд тустай ажил хийлгэ л дээ.
-Төрийн бус байгууллага уул уурхайнхантай “тулж” тэмцэхэд эрх, үүргийн хүрээ, чадамж нь хэр байдаг юм бол. Зарим нь ийм байгууллагынхныг хий дэмий “хашхирах”-аас цаашгүй гэдэг шүү дээ.
-Өөрийгөө магтаж байна гэж бүү бодоорой. Би 2000 оноос төрийн бус байгууллагаа байгуулан, үндэсний хэмжээнд ганцаараа ажиллаж эхэлсэн. Уул уурхайн компанийнхан тэр үед “Өнөөх Чагнаадорж ирлээ” гээд надаас эмээдэг байсан юм. Бараг л төрийн хяналт шалгалтаас илүү айдаг байв. Би тэднийг айлгаж сүрдүүлдэг юм биш. Хууль, журмыг нь танилцуулаад, “Ингэж ажиллах ёстой” гэж шаардлага тавьдаг байсан юм.
Үүнийхээ дараа байгаль орчны асуудал эрхэлсэн яам, УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд мэдэгдэж, зохих арга хэмжээг нь авхуулна. Тухайн үед хууль, хяналтынхан ажлаа дориун хийдэг байж. Одоо өөр болсон. “Улс орны чинь эдийн засаг хүндхэн байна. Баялгаа ухаж авах ёстой” л гэдэг. Авч бололгүй яах вэ. Гол нь сэндийчсэн газраа нөхөн сэргээн тордож, хуучин хэвэнд нь оруулах ёстой. Үүнийг шаардаж, хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
-Орхон гол дагуу уурхайнхны сүйтгэсэн, нөхөн сэргээгүй хэр хэмжээний талбай бий вэ?
-2000 га газар сүйтгэгдсэн. Уурхайнхан алгын чинээ газарт техникийн нөхөн сэргээлт ч хийгээгүй. 2004, 2005 оны үед хэсэг газрыг нөхөн сэргээсэн ч компаниуд сүүлд түүнийг нь дахиж ухаад, балласан.
Олборлолт явуулах албан ёсны зөвшөөрөлтэй компаниуд уулын ажлын болон менежментийн төлөвлөгөөндөө “Бид энэ жил төдөн га талбайд үйл ажиллагаа явуулна. Ийм хэмжээний газар нөхөн сэргээнэ” гэж тусгаж, яам түүнийг нь баталдаг. Гэтэл энэ төлөвлөгөөгөө биелүүлсэн, эсэхийг очиж үздэг ч үгүй, хариуцлага ч тооцдоггүй. Энэ нь уул уурхайнхныг давраадаг, өөгшүүлдэг том дутагдал.
УУХҮЯ бол ухуулах “зорилготой”. Тэр нь ч зөв байх. Тэгвэл итгэл хүлээлгэн, зөвшөөрөл өгсөн компани нь хууль, журмаа мөрдөж байна уу гэдгийг эднийх ягштал хянах ёстой. МХЕГ, АМГТГ, БОАЖЯ, УУХҮЯ бүгд хоорондоо зөрчилддөг. Бие бие рүүгээ цаас шидээд, сүржигнэхээс хэтэрдэггүй. Жил болгон шалгалт хийнэ. Үр дүн гардаггүй. Муугаар хэлбэл шалгалт хийх нэрээр салхилчихаад л ирдэг байх.
Уул уурхайг цэгцлэх, хариуцлагажуулах асуудлаар бид үе үеийн төрийн өндөрлөгтэй уулзаж, санал бодлоо хуваалцан, танилцуулж байсан. Одоо болдогсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ тухай мэдээлж, танилцуулмаар байна. Даанч уулзуулахгүй юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай ч уулзуулдаггүй. Эдэнтэй уулзаад, зураг, баримт сэлт үзүүлээд, бодит байдлыг танилцуулбал арай өөрөөр харах болов уу гэж бодох юм.
-МХЕГ-аас төлөвлөгөөт шалгалт байнга хийдэг. Гэтэл үүнийгээ уурхайнханд хэд хоногийн өмнө заавал урьдчилж мэдэгддэг журамтай юм билээ. “Бид танай компанийг шалгана” гээд хэлчихдэг. Ингэхээр өнөөх компаниудын үнэн байдал, зөрчил нь илэрдэггүй.
-Технологи өндөр хөгжчихсөн учраас мэдээлэл маш хурдан тархдаг. Маргааш хоёр яамныхан шалгалтаар явна гэсэн мэдээ нэг хүнд очиход л тэр өдөртөө тухайн газар нутагт түгдэг. Уул уурхайн компанийнхны ах дүү, найз нөхөд нь яам, тамгын газруудад алба хашдаг. Тэгээд хэл хүргэчихдэг юм билээ. Шалгалтынхан очиход техник хэрэгслээ хураагаад, хэдийнэ алга болчихсон байдаг. Шалгалтыг төлөвлөж, товлож хийх ямар хэрэг байна вэ. Тэнд асуудал гарлаа гэхэд л пир гээд очдог байх ёстой шүү дээ, уг нь.
-Бид голоо усных нь өнгөөр шинжээд л болохоо байлаа гээд халаглаад байдаг. Тэгвэл Орхоны маань экосистем хэр өөрчлөгдөж, доройтсон тухай мэдээлэл, судалгаа танд байна уу?
-Тэр голын хөвөөнд төрж өссөн болохоор би маш сайн мэднэ л дээ. Нэгэн үед элбэг байсан тул загас маш ховордсон. Хөрс нь хаа сайгүй эвдэрч, доройтсон. Аргагүй шүү дээ. Хэн хүссэн нь хаа дуртай газраараа туучиж байгаа юм чинь. Шаардлага тавихаар “Өө, энэ манай талбай, зөвшөөрөлтэй” гэдэг.
Орхон гол доройтоход олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Гэхдээ тэргүүн эгнээнд нь уул уурхай яалт ч үгүй орно. Жуулчны баазынхан гэж уул уурхайнхнаас дутахгүй байгальд халтай хүмүүс байна. Голын захад гэр, кэмпээ тулгаж барина. Өтгөн шингэн, хувцас хунараа угаасан хиртэй усаа гол руу нийлүүлдэг.
-Хууль зөрчин, байгаль сүйтгэж буй компаниудтай хариуцлага тооцох тийм ч хэцүү биш. Хууль, журамд ч зохицуулалт нь тодорхой. Гэтэл манайд энэ төрлийн хэрэг, зөрчлийг шийдэх байдал нь хамгийн бүрхэг, удаашралтай. Одоо яах ёстой юм бол?
-Уг нь тийм. Шаардлага, шалгуур тавиад, хүлээж авахгүйг нь тусгай зөвшөөрөлтэй нь “ярьдаг” байх хэрэгтэй. Гэтэл тэгдэггүй. Бодлого, эрх зүйн зохицуулалт талаасаа тийм ч муу биш. Манай прокурорын байгууллага хамгийн арчаагүй. Хуулийг гууль болгоод, Монголын өчнөөн сайхан байгаль сүйтгэчихсэн компанийн үйлдлийг нотлох баримттай нь дэлгээд байхад л хэрэгсэхгүй болгочихдог. Тэгэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг өнөөх компаниуд нь хамраа сөхчихөж байгаа юм. Дээр үед Архангайд 36 компанид эрүүгийн хэрэг үүсгэж байсан шүү дээ. Одоо өөр болж. Харин шүүхийн байгууллага байгаль орчны холбогдолтой иргэн, төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг эергээр шийдэх хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо.
Бэлтгэсэн: С:Танан