Нийслэлийн ИТХ-ын 2012 оны тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны долоон га газарт Минж нутагшуулах, үржүүлэх нэгжийг тусгай зориулалтын байртайгаар байгуулж, үйл ажиллагаа эхлүүлсэн.
Тухайн үед ХБНГУ-аас 14, ОХУ-аас 27 минж авчирсан бөгөөд үүнээс долоон бүлийн 16 минжийг Туул голын эхэд нутагшуулахаар тавьжээ.
Манай улс минж үржүүлж, нутагшуулах арвин туршлагатай аж. Анх 1960 онд Ховд аймгийн Булган голд дөрвөн минж, 1962 онд Сэлэнгэ аймгийн Ерөө голд гурван бүл нутагшуулж, туршилтаа эхлүүлсэн байна. 1942-1962 онд хийсэн орос, монгол эрдэмтдийн хамтарсан “эх оронч бус” Булган голоор дамжиж, манай орны минжнүүд гадаадад гарч, тоо толгой цөөрч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тиймээс 1953 онд минж агнахыг бүрмөсөн хориглож, Ховд аймгийн Булган голыг дархан цаазат газар болгон, хөвөөнөөс нь 1.5 км дотор нутаглаж байсан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнээс хойш 1974-1978 он хүртэл нийт 34 минж нутагшуулсан нь амжилттай болж байжээ.
Уг туршлага дээрээ үндэслэн 1985 оноос манай орны гадагш урсгалгүй голуудын нэг болох Тэсэд минж нутагшуулах ажлыг зохион байгуулжээ. Анх 10 минжийг Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Тэсийн голд тавьж, улмаар уг тоог нэмсээр 39 болгожээ.
Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын санаачилгаар хийсэн уг төслийг эхлүүлэх сургаар иргэдийн дунд “Минж мод мэрдэг, унагаадаг” гэх сөрөг мэдээллээс үүдсэн болгоомжлол их байсан. Гэтэл байгаль сэргэж, усны урсац нэмэгдэхэд минж хамгийн тустай. “Усны инженер” хэмээн нэрлэгддэг тус амьтан голын түвшнийг нэмэгдүүлэх, цэвэрлэх, загас үржих таатай нөхцөл бүрдүүлж, байгальд зоо парк байгуулахад чухал нөлөө үзүүлдэг амьтан юм.
Жишээлбэл, минжний мэрээд орхисон модон дээр элдэв төрлийн бактери үржиж, тэр нь загас, усны амьтад өсөж үржих таатай орчныг бий болгоход нөлөөлдөг байна. Ийнхүү байгалийнх нь тогтолцоог тэтгэж байгаа учраас тэр нь яваандаа усны чанарыг сайжруулах нөхцөл бий болгодог онцлогтой юм. Мөн усаа ширгээж, багасгахгүйн тулд далан барьж, суваг шуудуу гаргадаг.
Ингэснээр жижигхэн цөөрөм бий болж, голын сав газрын усны түвшин тэнцвэржиж, урсац нь нэмэгдэх гэнэ. Минж нь голын эргийн моднуудыг мэрж, унаган далангаа барьдаг ч, мэрсэн мод нь урьд нь байснаасаа илүү саглайж ургадаг гэдгийг эрдэмтэд тогтоогоод буй. Түүнчлэн минж мэрсэн мод хэзээ ч өгөрч, үхдэггүй давуу талтай. Мөн минж бүлээрээ, тэр дундаа хосоороо амьдардаг амьтдын нэг.
Хавар гурав, дөрөвдүгээр сард үржилд орж, зургаа, долдугаар сард 2-3 зулзага гаргадаг. Хээл тээх хугацаа нь 105-110 хоног. Түүнчлэн минжний хөх нь томрох үед хээлтэй, “эм минж” гэж танихаас бусад үед хүйсийг нь мэдэх боломжгүй гэнэ. Минж нь хамгийн үнэнч амьтан гэдгээрээ “алдартай”.
Өөрөөр хэлбэл, хос минжний нэг нь үхвэл үлдсэн нэг нь дахин “амьдрал зохиодоггүй”, цаашид ганцаараа амьдардаг аж. Тиймээс тоо толгой нь төдийлөн хурдацтай өсдөггүй тул минж үржүүлж, нутагшуулахад хос болгох нь хамгийн чухал хэмээн мэргэжилтнүүд хэллээ.
Ховд аймгийн Булган голд амьдарч байгаа минж нь үүссэн газраа одоог хүртэл цөөн тоогоор амьдардаг. Мөн байгаль хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой, тоо толгойн хувьд харьцангуй цөөн байгаа зэрэг хүчин зүйлийг тооцоолон Туул голд нутагшуулах минжийг гадаад улсаас авах шийдвэрийг гаргасан байна. Гадаадаас тээвэрлэн ирсэн минжийг шууд суллан тавих эрсдэлтэй, авчирсан цөөн тооны минжээс амьдрах чадвартай нь бага учир байгальд тавих ажлыг цөөн жилийн давталттай хийх төлөвлөгөөтэй байгуулагдаж байжээ.
Харин 2012 онд ХБНГУ, ОХУ-аас минж авч ирснээс хойш дахин гадаадаас аваагүй, үржүүлж буй минжээ байгальд нь “суллах” ажил хийгдэж буй аж. Одоогийн байдлаар нийт 32 минж байгальд нь тавиад байгаа бөгөөд авч ирсэн даруйд нь 16 минжийг Туул голд шууд тавьжээ.
Учир нь Туул голын эх, Заан голд тавьсан уг минжнүүд Сибирийн эрс тэс уур амьсгалтай нутгаас ирсэн тул Монголын байгальд илүү амархан дасан зохицно хэмээн үзэж шууд нутагшуулсан байна. Түүнчлэн 2016 онд дөрвөн бүлийн найман минжийг Хан Хэнтийд нутагшуулсан бол өнгөрсөн
зургадугаар сарын 15-нд таван бүлийн 10 минж байгальд нь тавьжээ.
Минж төвийн байрыг ОХУ-ын Воронежийн минж үржүүлэх газрын байрыг жишиг болгон Монгол орны цаг агаарын онцлогт тохируулан зураг төслийг нь боловсруулжээ. 15 бүл минжийг өсгөн, үржүүлэх хүчин чадалтай, цэвэр усны худаг, халаалт дулаан, усан сангийн асуудлыг нь бүрэн шийдэж, дотроо үүрлэх, хооллох, зугаалах зориулалтын талбайтай бөгөөд одоогоор 45 минж үржүүлж буй аж.
Үржүүлгийн байрыг 15 бүл байрлах хүчин чадалтайгаар хийсэн тул минжний тоо толгойг 40-д барьж, түүнээс илүү гарсныг нь байгальд тавьж, нутагшуулж байгаа гэнэ. Минж нь хоёр нутагтан төдийгүй шөнө илүү “ажилладаг”, амардаггүй амьтан учир тус төвд 10 мэргэжилтэн байрлаж ажилладаг.
Мөн байгальд тавьсан минж хүний нүдэнд төдийлөн өртдөггүй тул тоо толгойг нь нарийвчлан гаргах боломжгүй гэнэ. Амьтан судлаачдын үзэж буйгаар манай улсад одоогоор 200 гаруй минж нутаглаж байгаа гэсэн тоо баримт бий аж.