“Их хэмжээний гүзээлзгэнэ түүсэн иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгосон гэнэ”. Ийм нэг жигтэй мэдээлэл хэд хоногийн өмнө фэйсбүүкт тархав. Доорх сэтгэгдлүүдийг нь харахад “Даварсан юм. Ийм хууль байхгүй” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлсан нь зонхилжээ.
Энэ мэдээлэл үнэн, эсэх, нэг хүн хэр хэмжээний жимс түүх хязгаартай тухай БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтайванаас асуухад “Жимс, жимсгэнэ түүхэд тогтоосон хязгаар байхгүй. Их хэмжээний жимс түүлээ гэж бус, байгаль орчинд хохирол учруулсан гэсэн шалтгаанаар иргэдийг торгосон байж болзошгүй. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй” гэв.
Харин Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам арай өөр зүйл “хэлэв”. Тухайн жимс, жимсгэнэ нэн ховор биш л бол үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар түүж, бэлтгэх нарийн хэмжээтэй. Тухайлбал, манай оронд элбэгт тооцогддог гүзээлзгэнийг ахуйн зориулалтаар нэг удаа түүх зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь зургаан кг. Харин ховор ургамлын үр, жимс, жимсгэнийг ахуйн зориулалтаар нэг удаа түүхдээ хоёр кг-аас хэтрүүлэх ёсгүй аж.
Иргэд энэ тухай хангалттай мэдээлэлгүйгээс болж хууль зөрчдөг байна. Хэн, хаана, хэчнээн литр жимс түүснийг тэр бүр хянаж, тодорхойлох амаргүй учир байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд ч ойшоодоггүй гэнэ.
Жимс түүхэд учир бий. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эсвэл байгаль хамгаалагч нь самар, жимс, жимсгэнэ, мөөг, эмийн болон хүнс тэжээлийн ашигт ургамлын түүх хугацааг тодорхойлж, Засаг даргад мэдэгдэнэ” гэж тусгажээ. Үүний дараа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “ажилдаа гарах” учиртай юм байна. Өөрөөр хэлбэл, жимс түүх ажиллагааг байгаль хамгаалагчид нь албан ёсоор нээх журамтай. Гэтэл тэвчээргүй иргэд түүнээс урьтаад, түүхий жимсийг кг кг-аар нь түүдэг гэмтэй. Үүнтэй холбоотой хэл ам, хэрүүл тэмцэл жимстэй нутагт жилийн жилд л гардаг. Зарим нь бүр миний, чинийх хэмээн өмчирхөж, газраа булаалддаг гэсэн.
Жимсчид дагаж мөрдөх ёстой бас нэг журам байдаг. Тэр нь, байгалийн нөөц, баялгийг ашиглахдаа орчныг нь бохирдуулахгүй, хохироохгүй байх. Мод, сөөг хугалж гэмтээх, хогоо ил задгай хаяхыг хориглодог. Бодит байдалд иргэд хамгийн түгээмэл гаргадаг алдаа, зөрчил нь энэ. Уусан ундааныхаа сав, идсэн чирийнхээ цаасыг байгальд “бэлэглэдэг”. Модны салаа, мөчрийг булга татан, энд тэндгүй түүдэг асаадаг. Саяхан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очихдоо жимсчдийн байрласан газрууд хэрхэн доройтож, бохирдсоныг нүдээр үзсэн.
Уг нь ойн дагалдах баялаг ашиглаж, түүх хүмүүс тухайн орон нутгийн засаг захиргаа, байгаль хамгаалагчдад заавал мэдэгдэж, заавар, зөвлөгөө авах ёстой юм билээ. Гэтэл манайхан шиг жилийн дөрвөн улиралд хаа дуртай газартаа нутаг сэлгэн идээшдэг нүүдэлчин удмын хүмүүст энэ журам үйлчилдэггүй бололтой.