БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар анхаарлаа хандуулна уу. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж буй боловч бодит байдалд хөгжил бус, хөнөөл дагуулж байгааг Хөвсгөл нуурын эргээс харж болно.
Монгол орны гадаргын цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг далай ээж олны хөлд дарагдан гундаж, эрэгт нь жуулчны бааз нэртэй гэр хорооллын гудамж бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ийм байдалд хүргэсэн гол шалтгааныг газар дээрээс нь хайлаа. Нутгийн иргэд болон тэнд аялал жуулчлал эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, бүр хамгаалалтын захиргааны дарга нь хүртэл газар замбараагүй олгосон явдал гэв.
Уг нь БОАЖЯ-наас гаргасан стандартын дагуу жуулчны бааз хоорондын зай нэг км байх ёстой. Гэтэл энэ стандарт Хөвсгөл нуурын эрэгт нутагшсангүй, баазууд хашаа хашаагаа дэрлэн буужээ. Гол шалтгааныг нь хайтал “Дээрээсээ” гэж иргэд ч, холбогдох албаныхан ч хэлсэн. Тодруулбал, далай ээжийн эрэг дээр гэр хороолол байгуулсан буруутан нь гаргасан стандартаа мөрдүүлэлгүй, замбараагүй газар олгосон БОАЖЯ гэнэ.
Барилга байшин, өндөр хөгжил, шоу цэнгээн үзэх гэж жуулчид Монголд ирдэггүй. Хөндөгдөөгүй онгон байгалийн гоо үзэсгэлэнг бишрэх гэж олонх нь манай орныг зорьдог байх. Жуулчны компаниуд ч онгон байгаль үзүүлнэ гэж сурталчлан, аялагчдыг урьдаг. Ингэж сурталчлаад авчирсан аялагчдаа Хөвсгөл нуурын баруун эрэгт аваачвал хуурч мэхэлсэн хэрэгт унаж мэдэхээр болжээ.
Газрыг замбараагүй олгосноос үүдэлтэй хамгийн том бэрхшээл нь дуу чимээний бохирдол гэж аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хэлсэн. Аль нэг газарт нь архидан согтуурсан хүмүүс хашхичих, дуу хуур үүсгэхэд “хороолол” даяараа сэрж, амгалан тайван байдал алдагддаг. Сүүлийн үед бүр Улаанбаатараас хүмүүс очиж, томоохон шоу цэнгээн ч зохион байгуулдаг болжээ.
Дуу чимээнээс болж гадаадын жуулчид, тухайн орчны ан амьтан үргээд дуусаж байгааг ч тэд онцлов. Бусдад түвэг учруулсан эл асуудлыг зөв голдиролд нь оруулах арга зам эрэлхийлсэн баазынхан нэгдэн, Хөвсгөлийн аялал жуулчлалын холбоо байгуулж, тулгамдсан асуудлаа холбогдох албаныханд олонтаа уламжилж байгаа гэнэ.
“Анх энд гурав, дөрвөн бааз байсан. Дараа нь 10, тэгээд 20 болж, нэмэгдсээр өдий хүрсэн. Газар олгохыг хянана, цэгцэлнэ гээд 10 жил боллоо. Цэгцэлсэн юм алга. Энэ бүхний буруутан нь “дээр” байгаа.
Мэдэх, хориглох, зогсоох эрх нь орон нутагт байхгүй. Энэ системийг устгаагүй цагт дүрэм журам ёсоороо явагдахгүй. Дуугардаг хүн ч ховор боллоо. Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогогүйгээс ийм замбараагүй, журамгүй болчихлоо. Бид энд 20 гаруй жил ажилласан, эко аялал жуулчлал хөгжүүлэхийг хүсдэг. Унаган байгаль, нүүдэлчин ард түмний соёл, зан заншлыг л жуулчдад харуулах зорилготой” гэж тус холбооны удирдах зөвлөлийн төлөөлөл хэлэв.
Монгол экологийн төвийнхөн 2014 болон 2016 оны зун Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар, Жанхайн даваанаас нуурын баруун хойд эрэг хүртэлх 27 км газар дахь жуулчны баазуудыг судалжээ. 2014 онд 55 бааз бүртгэгдсэн бол 2016 онд 98 болж нэмэгдсэн талаар АНУ-ын Филадельфи мужийн Дрекселийн их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны академийн доктор Клайд Голден, Монгол экологи төвийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош нарын “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг хамгаалах хууль тогтоомж, шинжлэх ухааны үндэслэлийг чухалчлах нь” тайланд дурджээ.
Тэгвэл энэ оны байдлаар хэчнээн ахуйн нэгжид газар олгосон талаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяраас тодруулахад “Нуурыг тойроод 50 орчим км-т аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэсэгт 117 иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй. Аялал жуулчлал эрхлэхээр яамнаас зөвшөөрөл авсан. 140 хүрчихээр нь бид удаа дараа арга хэмжээ авч, 32 аж ахуйн нэгжийн 500 гаруй га газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард 12 иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан. Цаашид тусгай зөвшөөрлийг 70-80 болтол цөөлүүлэх бодлого барина” хэмээсэн.
Газар замбараагүй олгосны горыг зөвхөн баазууд амсаагүй. Нутгийн иргэд, ялангуяа малчдад бүр ч хүнд тусдаг. Жуулчны баазууд ихэнх газрыг хашаад авчихсан болохоор зарим айл тугалаа бэлчээх ч аргагүй болжээ. Жанхайд зусаж буй малчин Х.Сандагдорж “Ийм нөхцөл байдлын гороор малчид хавчигдаж байна. Хүмүүс ирээд, яамнаас газар өгсөн гээд л малын хашаа буулгаж, амралт байгуулчихсан. Манай 20-иод тугал хашаатай байна.
Далайгаас ус авчирч өгдөг. Гаргахаар бэлчээргүй, явах замыг нь баазуудын хашаа хаачихсан. Жанхай орчимд малтай 50 орчим айл бий ч бэлчээргүй учраас хонио өөр газрын айлуудад хөлс өгч хариулуулдаг. Мөнгө ямар хүчтэй болсныг бид яс махандаа тултал мэдэрч сууна. Насаараа амьдарсан айлын газрыг хүртэл авчихдаг. Бид утаа шороогүй, мод нь ургасан сайхан байгаль, онгон зэлүүд газарт насаараа амьдарсан.
Гэтэл одоо нуураас ус авахад савны ёроолд хог тунадаг боллоо. Ийм байгаагүй. Дөрвөн жилийн өмнө Америкийн нэг том сайд ирээд “Манай улс ийм том нуурынхаа дэргэд аялал жуулчлал хөгжүүлээд мөхөлд хүргэсэн” гэж ярьсан. Уг нь үүнийг цэгцлэх хууль төрд бий л байх. Даанч иргэдийн үгийг сонсохдарга, холбогдох мэргэжилтэн алга. Төр, засаг үүнд жаахан анхаараач” хэмээв.
Мөн нутгийн иргэн Л.Баатар аялал жуучлалын сөрөг нөлөөнөөс болж нуурын захаар замаг үүссэнийг онцолсон. Тэднийх уг нь хонь, ямаатай байсан ч бэлчээргүйн улмаас барагдаж, өдгөө 20-иод үхэр, адуутай үлджээ. Амьжиргаагаа залгуулахын эрхэнд жуулчдад хөтөч хийдэг болсон гэнэ.
Иргэдийн амьдрал яагаад ийм байдалд хүрсэн, газар олгоход Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрынхан анхаардаг, эсэхийг өмнө нь захиргааны даргаар ажиллаж байсан зарим хүнээс тодрууллаа. 1999-2002 онд хамгаалалтын захиргааны дарга байсан Ж.Төмөрсүх газар олгоход хамгаалалтын захиргаа заавал оролцдогийг хэлсэн.
Газар ашиглах гэж буй иргэн, аж ахуйн нэгж хуулийн дагуу хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргаас санал аваад, төсөл бичээд, түүндээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээд, БОАЖЯ-наас нэгдсэн тушаалаар газрын гэрээ, гэрчилгээ авдаг. Орон нутаг, хамгаалалтын захиргаанаас тэр газарт ийм үйл ажиллагаа явуулах боломжтой, боломжгүй гэсэн анхны санал гаргадаг учраас маш чухал юм байна.
Тэрбээр “Тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах хуультай. Орон нутаг, хамгаалалтын захиргаанаас болно гэсэн санал өгвөл яам шууд эсэргүүцэж чадахгүй. Би ажиллах хугацаандаа ийм санал өгдөггүй байсан. Хөвсгөлийн гүн рүү аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан учраас тэр. Газар олголт 2013, 2014 оны үед эрчимжсэн. Хөвсгөл нуур олонд танигдаж, аялал жуулчлал хөгжих нөхцөл бүрдсэнээс хүмүүс хошуурсан байх” гэлээ.
Арваад жилийн өмнө Хөвсгөл нуурын зүүн эргийн 13 880 га газрыг “Хөвсгөл хөгжил” компанид 40 жилийн хугацаатай гэрээгээр өгчихсөн тохиолдлыг тэрбээр тэмдэглэсэн. Нуурын зүүн эргийн 30 орчим км үргэлжилсэн 13 880 га газрыг дээрх компанид 40 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргачихсан аж. Нутгийн иргэд холбогдох албаныхан хамгаалалтын захиргааныхныг цуглуулж, жагсаал, эсэргүүцэл тэмцэл явуулсан нь үр дүнд хүрчээ.
Энэ жишээний хамгийн ноцтой нь 500 нэгж талбар буюу 500 бааз барих хэмжээний том газрыг нэг байгууллага, аж ахуйн нэгжид өгч болдогт байна. Нэг хүн, аж ахуйн нэгжид төчнөөн га гэж хязгаар заадаггүй учраас үүнд сайн хяналт тавих ёстой аж. Орон нутгийн иргэд энэ мэтээр газар орныхоо төлөө дуугарахгүй биш, дуугардаг. Гэсэн ч эцэстээ эрх мэдэл нь хүрэхгүй болохоор нэлээд бухимддаг гэж хэлэх хүн олон таарсан.
Өнгөрсөн онд хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Д.Батдэлгэр “Би 2017 оны нэгдүгээр сард Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын ажлыг хүлээн авч, 2018 оны гуравдугаар сард хүлээлгэж өгсөн. Хамгаалалтын захиргааг нэг жил удирдсан. Өнгөрсөн жилийн байдлаар 45 жуулчны бааз, 64 гэр буудал Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт байсан.
Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хурцаар гарч ирсэн. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгохыг зогсоох шаардлагатай. Энэ тал дээр тодорхой ажлууд хийх нь зүйтэй гэж үзээд би Жанхайд газар олгохыг зогсоосон. Нөөц, даац хэтэрсэн гэдэг шалтгаанаар маш олон хүний өргөдлийг буцаасан. Ингэхээс ч аргагүй. Өнгөрсөн зун аймгийн Газрын харилцааны газрынхантай хамтарч, олгосон бүх газрыг хэмжиж, гэрчилгээн дээрх хэмжээтэй нь тулгасан юм. Ихэнх жуулчны бааз эрхийн бичиг дээр байгаа кадастрын хэмжээнээс илүү хашаалсан байсан” гэв.
Далай ээжийн эрэг дагуух газар онцлогтой. Нэг талаас нь нуур, нөгөө талаас нь ой мод, уул сарьдгууд хашсан, барилга байгууламж барих газар тун хомс. Хоосон газар нь голдуу эзэнтэй болсон тул сүүлийн үед мод хядан, газар засаж гэр байшин барих болжээ. Хүзүүвчийн шил гэх газарт модны дунд амралтын газар барьжээ. Гэрийн буурийн ч зай байгаагүй газарт гэнэт л хэд хэдэн байшин барьчихсан, модод яасан нь мэдэгдээгүй, учир битүүлэг явдал болсныг иргэд дурдсан. Тэлэх гээд ч газаргүй шахуу болчихсон учраас ийм арга хэрэглэж байгаа гэнэ. Нутгийн иргэн, өндөр настан н.Оюунцэцэг “Манай Хатгал сүүлийн үед газаргүй боллоо. Угаасаа тосгон болохоор
талаар тодруулахад “Энэ бол хардлага. Нэг амралтын газар барингуут намайг газар зарлаа гэж байгаа юм. Яг зарсан хүмүүс нь нутгийнхан өөрсдөө. Би газрын зөвшөөрөл олгодоггүй. БОАЖ-ын сайдын тушаалаар өгдөг. Монгол хүмүүс болсон хойно танил талаараа дамжуулаад зөвшөөрөл авчихдаг байхгүй юу” гэлээ.
Олгосон 117 тусгай зөвшөөрлөө цөөлнө гэсэн юм чинь Хөвсгөлд нэмж газар олгохгүй байх гэсэн амлалтыг түүнээс авах гэхэд “Мэдэхгүй шүү дээ. Хэрэгцээ маш өндөр байдаг. Та нар 1000 км давхиад Хөвсгөлд ирэхэд “Оруулахгүй ээ, даац хэтэрсэн” гэвэл бослого болно биз дээ. Тиймээс оруулахаас өөр аргагүй. Тэр хүмүүсийг хүлээн авах хүчин чадал бүхий орчин үеийн стандарт шаардлага хангасан жуулчны баазуудад үе үедээ зөвшөөрөл олгоод явах байх. Хэрэгцээ нь байгаа юм чинь” гэж байлаа.
Газар дээрээ нөхцөл байдал ийм байна. Иргэдээсээ авхуулаад хамгаалалтын захиргааны дарга нь хүртэл БОАЖЯ-ыг газар замбараагүй олгосон буруутнаар нэрлэлээ. Цаашид тусгай хамгаалалттай газраа ингэж ашиглуулж, талхалсаар байх уу Н.Цэрэнбат сайд аа, Ч.Батсансар дарга аа.