Хөлбөмбөгийн ДАШТ-д ОХУ-ыг өндөр амжилт гаргахад голлох үүргийг гүйцэтгэж дэлхий нийтийн анхааралд өртсөн хагас хамгаалагч Александр Головин удтал тунгаасны эцэст “Монако” клубт очихоор шийджээ. Наймааны үнэ хөлсний талаарх албан ёсны мэдээлэл байхгүй ч хэвлэлүүдийн түгээсэн мэдээллээр Францын баг түүнийг авахын тулд “ЦСКА”-д 30-35 сая еврог санал болгосон байна. Италийн “Ювентус” баг Головины үнэ ДАШТ-ий дараагаар өсч болохыг таамаглаж эртнээс санал тавьсан ч орос хөлбөмбөгчин тэмцээнийг дуустал хариу өгөөгүй юм. Энэ хооронд “Барселона”, “Челси”, “Арсенал” зэрэг бусад топ багууд сонирхлоо илэрхийлж байсан. Головин “Монако”-д очих шийдвэр гаргасан нь Европын талбарт амжилт гаргах боломжоо харсан хэрэг байлаа. Учир нь тус клуб Оросын тэрбумтны эзэмшлийнх, мөн Мбаппе, Лемар, Бакаёоко зэрэг залуу оддыг бэлтгэсэн шилдэг сургалттай юм.