Ойрын өдрүүдэд Баян-Өлгий Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас их бороо орж, үер усны аюул тохиолдоод байна.
Он гарснаас хойш 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсанаас хуүхэд 9, насанд хүрэгсэд 39 байна.
Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургаадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долоодугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1,566 хүнийг аюулгуй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татсан.
Эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж "Мөнхийн тун” ХХК-аас 60 хүнд эм бэлдмэл тараасан бөгөөд баг бүрэлдэхүүн эрчимтэй арга хэмжээ авч байгаа. Мөн Сүхбаатар аймгийн нутгаар долоодугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд нэг гэр, Түвшинширээ суманд зургаан гэр, хоёр автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн. Төв аймгийн Зуунмод суманд гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан. Сүхбаатар аймгийн нутгаар долоодугаар сарын 17-ны өдөр 97 мм хэмжээтэй усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол үүсээд байна.
Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үөрийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэрэг олон шалтгаанууд байна" гэв.