Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төв усархаг бороо орсны улмаас үер бууж, 275 айлын гэр, хашаа усанд автсан тухай бид мэдээлсэн. Түүнээс хойш дахиад аадар бороо орж, үер буусан тул аймгийн Онцгой байдлын газар тэргүүтэй нийт 11 байгууллагын 427 албан хаагч газар дээр нь ажиллаж, аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлан, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, сэргээн босгох ажил зохион байгуулж байна. Одоогоор усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт аваачиж, орон гэргүй болсон 163 хүнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд түр байрлуулжээ.
Нийт долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлж, 1.1 км үерийн далан байгуулсан аж. Гамшгийн бүсэд хүн хүч дутагдалтай байгаа тул Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, тээврийн хэрэгслийг дайчилж эхэлжээ. Усархаг аадар бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй аж. Тухайлбал, энэ сарын 19, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн бүсийн нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй тул иргэд үер усны аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч