Өнгөрсөн сард тохиосон Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг манай улс урьд урьдынхаас өргөн дэлгэр, “өгөөж”-тэй тэмдэглэлээ. Улаанбаатарын утаанаас дутахгүй их хөндөгдөх болсон ч бодит аюул, заналхийллийг нь хүмүүс тэр бүр ойшоодоггүй энэ гамшгийн хор уршгийн талаар бодитой мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээв. Онцлууштай бас нэг зүйл нь эл тэмдэглэлт өдрийн уриа. Тэр нь “Газар бол баялаг. Газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” байв. Зөвхөн зургадугаар сарын 17 хэмээх өдөр “цуурайтуулаад” алга болгосон энэ уриаг одооноос л хэрэгжүүлэхгүй бол бид дэндүү ихийг алдаж болзошгүйг эрдэмтдийн судалгаа “хэлж” байна.
Манай орны газар нутгийн 70 орчим хувь нь цөлжсөн гэсэн бүрхэг статистикийг бид сүүлийн хэдэн жил сонсож, мөрдөж буй. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт улам бүр идэвхжиж, доройтсон газрын хэмжээ тэлсээр байгааг эрдэмтэн, судлаачид хөндөж, сэрэмжлүүлж ирсэн ч дээрх үнэлгээ “хөдөлгөөнгүй” байв. Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн хамгийн сүүлд буюу өнгөрсөн жилийн судалгааныхаа дүнд арай өөр баримт, статистик танилцууллаа. Тэд “Монголын нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн, үүний 20 орчим хувь нь амьд биет байх аргагүй болтлоо доройтсон” гэж үнэлжээ.
Цөлжилтийн зэрэглэлээр 2010 онд манай улсын газар нутгийн 9.9 хувь нь нэн хүчтэй ангилалд хамаарч байсан бол өдгөө нэн хүчтэй доройтсон газрын хэмжээ хоёр дахин буюу 20.1 хувь болтлоо өсчээ. Ургамал, амьтдын хувьд газрын хөрс гэдэг бол өсөж төлжих, оршин байх үндэс юм. Тэдний амьдрах, өсөж үржих орчин доройтож, хумигдана гэдэг бидэнд ч ийм өдөр ойрхон буйн цондон гэдгийг судлаачид онцлов. Энэ бол зүгээр нэг сонсоод, ёс төдий мэдээлээд өнгөрөх хэрэг яавч биш. Бодитой аюул, гамшиг юм.
Тухайн газар нутаг цөлжилтөд хэр зэрэг өртсөн бэ гэдгийг үнэлэхдээ хур тунадасны хэмжээ, ургамлын чийгшил, бэлчээрийн ургац, хөл газрын ургамлын бүрдэл, хөрс болон усны эвдрэл зэргийг харгалздаг байна. Эдгээр үзүүлэлтээр манай орны газар нутгийн 20 хувь нь “үхжиж”, амьд бодгаль амьдрах аргагүй болсныг судлаачид тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, цөлжилтийн нөлөөгөөр зарим бүсийн амьтан, ургамал дайжиж эхэлжээ.
Чухам хэчнээн төрлийн, ямар амьтан, ургамал устаж, дайжсаныг нарийвчлан судлаагүй байгаа гэнэ. Гурван жилийн өмнөх статистикаар гэхэд цөлжилтийн урхгаар сүүлийн найман жилд 60 гаруй төрлийн ургамал устсан гэх баримт байна. Энэ тоо өссөн үү гэхээс багасаагүй болов уу.
Судалгаанд үндэслэн боловсруулсан “Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын зураг”-аас харахад Төв, Булган, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Сүхбаатар аймгийн нутаг цөлжилтөд ихээхэн “идэгдсэн” нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэн аюултай буюу амьд биет амьдрах аргагүй болтлоо доройтсон хэсэг бусаг газар энэ аймгуудад бий аж. Ялангуяа Сүхбаатар, Баянхонгор, Булган, Төв, Дундговь аймаг цөлжилтийн зэрэглэлээр бусдыгаа хошуучлах болж.
Ганцхан жишээ дурдахад л Дундговь аймгийн нийт нутгийн 22 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй доройтолд өртсөн, ургамлын нөмрөг сүүлийн 20 жилд 30 гаруй төрлөөс 7-8 болтлоо хомсдон, тэжээлийн, сайн чанарын зарим ургамал үзэгдэхээ байжээ. Хөрс нь шимгүй болж, ялзмагийн хэмжээ 25-30 хувь болтлоо буурсан, бэлчээрийн 60 хувь нь салхины нөлөөгөөр эвдэрч, хайрга ил гарч чулуужсан зэрэг олон сөрөг нөлөө ажиглагджээ. Манай орны ганц аймаг л цөлжилтийн нөлөөнд ингэтлээ автсан байна. Судлаачдын хэлж буйгаар манай улсын 145 сумын газар нутаг цөлжилтөд их, бага хэмжээгээр өртсөн гэнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны гол байгууллага болох БОАЖЯ-ныхан эл статистиктай холбоотойгоор “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан манай оронд байгалийн гамшигт үзэгдэл ган, зудын давтамж ойртох, бэлчээр, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилт эрчимжиж, нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд амьд биет амьдрахад бэрхшээлтэй боллоо. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх цогц арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн сайтдаа мэдээлжээ. “Дасан зохицъё, даван туулъя, цогц арга хэмжээ авъя” гэдэг үгийг бид залхталаа сонслоо. Одоо ажилдаа орцгооё. Үгүй бол газар нутаг маань нүцгэрч, хувхайраад дуусах нь.
Цөлжилтийн хүрээг тэлүүлэхгүй байх нэг гол арга нь тухайн хэсгийг ойжуулах, элсийг тогтворжуулж, нүүхээс сэргийлэх. Тиймээс ШУА-ийн Газар зүй, геоэокологийн хүрээлэнгийнхэн элсийг механик арга (өвс, сүрлээр)-аар барьж тогтоох туршилтыг саяхан эхлүүллээ. Хэрэв эл судалгаа амжилттай болбол цөлжилтөд нэн хүчтэй өртөж, амьтан амьдрах аргагүй болсон газруудын “өвчин”-ийг даамжруулахгүй байх арга хэмжээ авах гэнэ. Энэ мэт бодитой санаачилга, ажил бидэнд дутагдаж байна.
Бэлтгэсэн: С.Танан