Алдарт Криштиану Роналдугаа “Ювентус” багт худалдсанаар “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес багтаа том өөрчлөлт хийх нь тодорхой боллоо. Тэрбээр өөрчлөлтийг хийхдээ дэлхийн шилдэг гэгдсэн хөлбөмбөгчдийг үнээр цохиж авдаг зуршилтай бөгөөд үүний дүнд Зидан, Роналдо, Бекхэм, Фигу, Роналду, Бэйл, Бензема, Рамос зэрэг супер оддыг багтаа авсан. Тэднийг авах бүртээ хөлбөмбөгийн зах зээлд үнийн дээд амжилтыг тогтоож ирсэн түүхтэй. Өдгөө Роналдугийн үлдээсэн орон зайг нөхөх үүднээс ноён Перес өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчид болох Неймар, Мбаппе, Азар, Левандовски нараас ядаж хоёрыг нь авах супер төлөвлөгөөг боловсруулаад байна. Тиймээс Неймарын наймаанаас тогтоогдсон 222 саяын рекорд ирэх хоёрын хугацаанд эвдэгдэж магадгүй болоод байна. Гэхдээ ерөнхийлөгч Пересийн супер наймаанууд амжилттай гэхээсээ амжилтгүй болсон нь элбэг байдаг. Тиймээс “Реал”-ийн ерөнхийлөгчийн гардан гүйцэтгэсэн хамгийн муу наймааны жагсаалтыг танилцуулж байна. Эдгээр наймаануудын дүнд дэлхийн хөлбөмбөгийн нөлөө бүхий мэргэжилтнүүд “Реал” багийг “Оддыг зэврүүлэгч” хэмээн хочилдог болсон.
Флавио Консейсао
Амжилт: 45 тоглолт, 1 гоол
Худалдан авсан үнэ: €25 сая
Худалдсан үнэ: -
“Депортиво” баг 1999-2000 оны “Ла лига”-д түрүүлж сенсаац тарихад Мауро Сильва-Флавио Консейсаогийн хослол чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Консейсао “Реал”-ын төвийн байрлалын асуудлыг шийдэж чадна хэмээн Перес үзээд түүнийг 25 саяар аваад том шатсан. Консейсао найруулах тал дээр Зиданд дарагдаж, бөмбөг таслах чадвараараа Макелелед дарагдсан тул сэлгээний сандал суудаг хүн болон хувирсан. Дараа нь жигүүрийн байрлалыг Бекхэмд алдсанаар “Боруссия.Д”, “Галатасарай”, “Панатинаикос”-т зээлээр тоглосоор байгаад таарав.
Жонатан Вудгэйт
Амжилт: 12 тоглолт, 1 гоол
Худалдан авсан үнэ: €20 сая
Худалдсан үнэ: €9.6 сая
Вудгэйт эх орондоо од байгаагүй, зүгээр л сайн хамгаалагч байсан. Гэтэл “Реал” үнэ хаялцалгүйгээр “Ньюкасл”-д 18.3 саяыг шууд амалсанаар энэ наймаа хийгдсэн. Гэмтэмтгий, дээр нь наймаа хийгдэх үед бэртэлтэй байсан хүнийг Перес авсан нь хачирхалтай. Англи тоглогч бүтэн жил гэмтэлтэй байж байгаад арай гэж анхны тоглолтоо хийтэл автогоол оруулж, дээр нь талбайгаас хөөгдөв. Үүнээс хагас жилийн дараа байр суурь нь нэг мөсөн ганхсан тул Испани дахь замналаа төгсгөсөн юм.
Педро Мунитис
Амжилт: 53 тоглолт, 4 гоол
Худалдан авсан үнэ: €10.5 сая
Худалдсан үнэ: үнэгүй
Намхан нуруутай Мунитис “Расинг” байхдаа гялалзаж, Испанийн хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж байв. Гэхдээ “Реал” түүнийг нөөцөө бүрэлдэхүүнээ сайжруулах гэж авчээ. Сэлгээнд суулгах гэж 10 саяыг төлнө гэдэг тухайн үед байж боломгүй зүйл байлаа. Мунитис үзэгчийн суудалд ихэнх цагаа өнгөрөөсөөр Эзэн хааны багийг орхисон. Эхлээд “Депортиво”-д муугүй тоглож, дараа нь “Расинг”-ийнхаа бүрэлдэхүүнд элсэн тэдхийн лидер болсон билээ.
Вальтер Самуэль
Амжилт: 38 тоглолт, 2 гоол
Худалдан авсан үнэ: €26 сая
Худалдсан үнэ: €15 сая
Италийн “Рома” клубийн школоор хүмүүжиж “Хана” нэр авсан Самуэль “Реал”-ын ар талыг хэрэм мэт бат бөх болгох учиртай байв. Гэтэл автогоол, улаан хуудас гээд анти амжилт байж болох бүх үзүүлэлтийг ханган Пересийг хөөдөж орхисон. Тиймээс тэрбээр алдагдсан нэр төрөө сэргээхээр “Интер”-т очсон. Үнэхээр тэнд сэргэн мандаж, клубийнхээ лидер төдийгүй Аргентиний шигшээгийн толгой хамгаалагч болсон юм. Эндээс харахад хэргийн учир Самуэльд бус “Реал”-д байсан байх нь.
Антонио Кассано
Амжилт: 25 тоглолт, 4 гоол
Худалдан авсан үнэ: €8.5 сая
Худалдсан үнэ: €3 сая
Асар их авьяастай ч тэр хэмжээгээр танхайрдаг Кассаног Перес нутгийн ах Фабио Капеллогоор нь хмүүжүүлэхийг оролдоод тусыг эс олсон. Түүний төлөвлөгөгөөр бол итали эр Ди Стефаногоос ч хурц тоглох ёстой байсан гэдэг. Гэтэл Антонио гоол оруулахаа байж хэл ам татлах, хэн нэгнийг муулах, мах сүүгээр гэдсээ дүүргэх ажлыг түлхүү хийв. Перес түүнийг нэг жил арай гэж тэсээд дараа улиралд “Сампдори”-д зээлсэн юм.
Хулио Баптиста
Амжилт: 76 тоглолт, 13 гоол
Худалдан авсан үнэ: €20 сая
Худалдсан үнэ: €10 сая
“Араатан” хочит “Севилья”-гийн довтолгооны барометр байв. Энэ эр юм дуулгаж мэднэ хэмээн сэтгэсэн Перес өндөр үнээр худалдаж аваад Зиданы сэлгээний хүн болголоо. Довтлогчийн байрлалд тоглуулья гэхээр тэнд Рауль, Нистелрой нар ноёрхож байдаг. Тиймээс түүнийг зүүн жигүүрийн хагасаар тоглуулах цорын ганц гарц үлдсэн. Гэвч шинэ байрлалд тэр дасч чадалгүй байсаар “Реал”-ыг орхисон. “Арсенал”-д нэг жил зээлээр тоглоод ирэхэд нь шинэ дасгалжуулагч Бенрд Шустер их дэмжсэн ч мөн л гавьтай тоглоогүй юм.
Николя Аньелка
Амжилт: 19 тоглолт, 2 гоол
Худалдан авсан үнэ: €30 сая
Худалдсан үнэ: - €22 сая
Пересийн үнээр зодож авсан тоглогч сэлгээний сандал халаагч болсон бас нэг жишээ. “Арсенал”-д гялалзтал тоглосон франц залуу “Реал”-ын гол мэргэн бууч болох ёстой байтал сэлгээгээр хааяа нэг гардаг тоглогч болон хувирсан. Тухайн үед хамгийн өндөр зэрэглэлийн довтлогчдын нэгд тооцогдож байсан Аньелкад “Реал”-д ийнхүү зэвэрсэн юм.
Карлос Диого
Амжилт: 13 тоглолт, 0 гоол
Худалдан авсан үнэ: €8 сая
Худалдсан үнэ: €4 сая
Баруун жигүүрийн тоглогч хэдий ч аль ч орон зайг бөглөх чадвартай Карлос Диого гандан бууршгүй Мичел Сальгадог орлохоор “Реал”-д очсон. Гэвч орлох биш багаа хорлоод дууссан. Тэр шинэ баг дахь эхний хоёр тоглолтдоо элдэв шалдав алдааг баахан гаргаснаас “Реал”-ыг хожигдуулжээ. Дасгалжуулагч Вандерлей Лушембургу арга барахдаа түүнийг баруун жигүүрт тоглуулсан ч тусыг эс болсон байна. Ингээд уругвай эр “Сарагоса” руу явж одсон юм.
Майкл Оуэн
Амжилт: Тоглолт 36, 16 гоол
Худалдан авсан үнэ: €12 сая
Худалдсан үнэ: €25 сая
Мэргэн буучийн статистик нь олон жилийн турш өндөр түвшинд явж, Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг болсон Оуэн “Реал”-ын үндсэн тоглогч болно гэдэгт хүн бүр итгэж байлаа. Гэтэл Пересийн гараар хөдөлдөг дасгалжуулагч Роналдо, Раулийн нэр төрөөс эмээхдээ түүнийг сэлгээнд суулгах болсон. Гэтэл Майкл сэлгээгээр талбайд гарах үедээ гоол оруулаад байдаг. Энэ үзүүлэлтийг нь нэгтгээд үзвэл англи эр Рауль, Роналдогоос хамаагүй өндөр түвшний тоглолт үзүүлж байв. Дараа жил нь “Реал” довтлох чиглэлийн хоёр ч бразил тоглогчийг худалдаж авсанаар Оуэнд бүх зүйл тодорхой болсон юм. Тиймээс “Ньюкасл”-ын саналыг хүлээн авч эх орондоо очсон. Перес тоглогчоо худалдаж авсан үнээсээ өндөр хөлсөөр зарсан цорын ганц тохиолдол нь энэ байлаа.
Кака
Амжилт: Тоглолт 85, 23 гоол
Худалдан авсан үнэ: €68.5 сая
Худалдсан үнэ: Үнэгүй
“Милан”-д гаргасан гайхалтай амжилтаараа супер од болоод байсан түүнийг сүр дуулиантайгаар авсан. Зиданыг залгамжилна гэдэгт Перес бүрэн итгэлтэй байсан тул “Милан”-ы хэлсэн мөнгийг шилжүүлж, Какагийн шаардсан цалинг өгсөн. Гэтэл бразил тоглогч хуучин түвшний тоглолтоо үзүүлэх нь бүү хэл сэлгээний тоглогч болон хувирсан. Кака “Реал”-ын од нь байх гэж бүтэн дөрвөн жилийн турш зүтгэсэн ч тийм боломж олдсонгүй. Тиймээс Перес түүнийг хуучин баг руу нь үнэгүй явуулсан юм.
Гарет Бэйл
Амжилт: Тоглолт 126, 70 гоол
Худалдан авсан үнэ: €100 сая
Худалдсан үнэ: Гэрээтэй
Уэльс залуугийн амжилт нь “Реал”-д одгүй он жилүүдийг үдсэн супер хөлбөмбөгчдийн дэргэд хавьгүй өндөр үзүүлэлт юм. Гэвч зарцуулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан хүнийг ийм хэмжээнд тоглуулснаараа Бэйлийн наймаа Пересийн хийсэн хамгийн муу трансферт тооцогдож байна. “Реал” клуб түүнийг эхний хоёр улиралд хангалттай биш ч чамлахааргүй тооны тоглолтод оролцуулж байсан ч сүүлийн хоёр жилд 100 сая еврогийн үнэтэй хүнээ сэлгээний тоглогч болгон хувиргалаа. Үүнээс үүдэн Бэйл өөр баг руу явна гэсэн сураг нэг бус удаа гарч байсан. Харин Роналду явсанаар түүнд том боломж гарна хэмээн Испанийн хэвлэлүүд үзэж байна. Хэрэв Гарет багтаа үлдэхээр шийдвэл ерөнхийлөгч Пересийн хувьд Бэйлийн наймаагаа одтойд тооцуулах боломж бүрдэж магадгүй юм.