Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах тусгай 105 дугаар ангийнхан 2001 оноос жил бүрийн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх гурван сарын хугацаанд завьт эргүүл ажиллуулдаг. Иргэд усанд осолдож болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор уг ажлыг эхлүүлсэн. Энэ жил завьт эргүүлүүд Баянзүрхийн товчооны зүүн тал, Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол дагуу 24 цаг хяналт тавьж байгаа аж.
Аврах 105 дугаар ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Д.Баттулгаар ахлуулсан эргүүлийн баг Хар усан тохойгоос Зайсангийн гүүр хүртэлх хэсэгт эргүүл хийж явааг бид сурвалжиллаа. Ажлын өдөр очсон ч хөл хөдөлгөөн их, хүн гишгэх зайгүй байсан юм. Ихэвчлэн бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эх, хамт олноороо явж буй залуус байв. Завьтай эргүүлүүдэд Баянзүрх, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хүч хавсардаг. Эргүүлүүдийг завьтайгаа явж байхад “Та нар гоё юм”, “Хэн бэ та нар” гэхчлэн орилох согтуу хүн олон аж. “Туул гол дагуу иргэд амарч зугаалах нэрийдлээр архидан согтуурах нь элбэг. Ингэснээр усанд осолдох, хүүхэд нь болзошгүй аюулд өртөх магадлалтай” хэмээн аврагч, ахлах ахлагч С.Алтангэрэл ярилаа.
Эцэг, эхтэйгээ амарч буй 2-5 насны хүүхдүүдийн олонх нь гол руу орж тоглон, аав ээж нь бургасны сүүдэрт хэвтэх, буруу харж хөзөр тоглох гэх мэт дүр зураг үзэгдсэн юм. Аврагч нар “Бага насны хүүхдэдээ анхаарал хандуулаарай” гэж хэлэхээс нааш тэд хүүхдээ анхаарах нь бараг үгүй аж. Түүнчлэн амарч буй иргэдийн түгээмэл хэрэглэдэг хийлдэг завь, хөвөгч зэрэг нь аюулд учруулж болох талаар аврагч нар “100-200 мянган төгрөгийн үнэтэй завь ганц бургасны хажуугаар шүргэхэд л цоордог. Тиймээс болж өгвөл авахгүй байхыг уриалж байна. Хүүхэд болон томчуудын хэрэглэдэг хөвөгч зөвхөн тогтоол ус, нууранд зориулагдсан. Голын урсгалд нэмэр болохгүй” гэлээ. Мөн хөвөгч нэг хөмөрвөл буцаж өөдөө харах хэцүү тул улам эрсдэлд оруулах магадлалтайг ч сануулсан юм.
Машинаа голд угаах зөрчил ч мэр сэр харагдав. Саарал өнгийн “Приус” маркийн машиныг 50 орчим насны эр угааж байхтай таарч, аврагчдыг шаардлага тавихаар очиход алчуур, хэрэгслээ нуун “Бороонд норсон. Та нар хогоо хаяад явж байгаа хүмүүсээ торгож чадахгүй байж намайг яагаад торгох гээд байгаа юм бэ” гэх зэргээр бусадтай барьцаж, аврагч нарыг загнасаар хөдлөөд явчихав. Энэ мэт үзэгдэлтэй тэд өдөрт хэд хэдэн удаа тааралддаг гэнэ.
Мөн бөөн бөөнөөр нь овоолж орхисон хог бороо оронгуут гол руу урсахад ойрхон байв. Эл үзэгдэл бараг тав алхаад л нэг таарч байлаа. Хогоо авч явахыг шаардахад “Бид хогоо бөөгнүүлсэн. Ачиж холдуулах нь дүүрэг, нийслэлийнхний ажил” хэмээн хэнэг ч үгүй орхиод явдаг гэнэ. Архи, шар айрагны сав, хоол, хүнсний бүтээгдэхүүний баглаа боодол голын эрэг дагаад хөглөрчээ.
Бэлтгэсэн: Уранмандал