Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, өнгөрсөн тавдугаар сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоосон. Малчид шүлхийн голомттой бүсээс өөр сум руу мал туух, нүүдэл хийх зэрэг зөрчил гаргасаар байгаа аж.
Тус аймгийн ЗДТГ-ын дарга, шүлхийтэй тэмцэх штабыг ахалж буй Б.Цэрэннадмидаас энэ талаар тодруулахад “Нэг сумын хорио цээрийн дэглэмийг цуцалсан. 23 өрхийн 218 мал шүлхий өвчин туссан. Тэдгээр малын 11 нь ямаа, үлдсэн нь хонь. Шүлхийгээр үхэр, сарлаг, гахай, тэмээ өвчилдөг байсан бол хонь, ямаанд ч халдварлаад байна. Ийм өвчний халдвартай үхрийг устган, үлдсэнийг нь вакцинжуулсан. Малчид мэдсээр байж өвчтэй малаа эрүүлтэй нь нийлүүлэх, өөр сум руу туух зэргээр хариуцлага алдаж байна. Ийм зөрчил гаргасан 20 иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.
Энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Малчид хариуцлагагүй, хуулиа дээдлэхгүй байна. Орон нутгийн Онцгой байдлын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан сайн ажиллаж байгаа. Ашиг шимийг нь хүртэх болохоор мал нь хувийн өмч, өвчилж, хорогдохоор төр хариуцаж, нөхөн олговор олгодог. Малын халдварт өвчнийг санаатайгаар тараасан бол Гамшгаас хамгаалах тухай хууль, халдварт өвчин гарахад холбогдох байгууллагаас нууж, мэдэгдээгүй байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Цаашид халдварт өвчнөөр хорогдсон малын нөхөн олговрыг малчдад олгохгүй, торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.