Өлзийт голын усыг соруулж алтаа угаагаад, бохироо эргүүлж нийлүүлдэг уурхайн дүр зураг
Бөмбөгөр сумын Улаансайр багийн Хөх хайрханд бичил уурхай эрхлэгчдийн отогт хоноглосон бид хариуцлагатай уул уурхайн эрлээ Заг, Байдрагийн Хүрэн бэлчир тийш үргэлжлүүлэхээр зэхлээ. Бидэнтэй санал бодлоо харамгүй хуваалцсан “Далайн дээд баялаг” нөхөрлөлийн “толгойлогч” ах маань аймгийн төвөөс шөнө авчирсан мотороо энэ зуурт асаан, амарч хоносон алаг “Унагалдай”-гаа тонгочуулж эхлэв.
Хоёр тракторын паржигнах дуу сүлэлдэн, шинэхэн нөхөрлөлийнхний алт олборлох ажил шуудрах нь тэр. “Жалгын аманд Мөнх-Эрдэнийн уурхай бий. Тэндээс зам сайн асуугаарай” гэсэн ахын захиасыг сонсоод, аяны дөрөө жийв. Хөх хайрхан хэмээх хавцал ч гэмээр нарийн жалгыг хайрга чулуу харжигнуулан уруудаж явахад овоолсон шороо, онгойсон нүх байсхийгээд тааралдах нь өглөөний наранд өнгө будгаа гайхуулах үзэсгэлэнт байгалийн сүрийг дараад, цаанаа л нэг ёозгүй.
Олон км үргэлжлэх урт жалгын аманд гурван вагончик, найман гэр эгнүүлэн барьж, хүнд даацын ачааны цөөн машин, ганц жижиг экскаватор гаднаа “сойсон” кэмп таарлаа. Мөнөөх Мөнх-Эрдэнийн уурхай аж. Уурхайн эзэн байхгүй гэнэ. Харин уурхайн дарга залуухан эр бидэнтэй мэнд ус мэдэлцэн, хэрэг зориг сонирхоод “Манайхан саяхан л гарч ирсэн. Ажлаа арай эхлүүлээгүй байна. Компанийнхаа талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Тохуутай нь, кэмпээс холгүй, уулын энгэрт дунд оврын экскаватор хүчит шанагаараа газрын хөрсийг онгилон, бужигнуулж байгаа нь нүднээ тод харагдаж байхад л уурхайн дарга залуу хүүхэд хуурч байгаа юм шиг улайм цайм залах нь тэр. Харин тэрбээр Өлзийт голыг уруудах гэж буйгаа дуулгаад “Хэсэг дагуулж яваад, Заг орох зам руу чиглүүлээд өгч болно. Замд Денигийн уурхай тааралдана” гэв. Денигийн уурхай гэгчийг ажиллуулдаг компанийн нэрийг асуувал “Мэдэхгүй” гэлээ. Мэддэг ч тэд хэлэхгүй учраас шалгаах шаардлагагүй.
Мөнөөх залуу өндөр нуруутай, хижээл насны махлаг эртэй шивнээ яриа хэсэг үүсгээд, бидэн рүү эргэлээ. Тэгснээ “Байдраг гол үертэй байгаа учраас уул бараадаж явсан нь дээр. Арай өөр зам зааж өгье” гэлээ. Нүдэнд харагдах жалгаад өгсөөд яаж даваа давах, цааш “аялал”-аа хэрхэн үргэлжлүүлэх замыг сайтар зааж өгөв. Бид том том чулуутай, шаггүй өргөн Өлзийт голыг гаталж, заалгасан зам руу орлоо. Өлзийт голыг хэсэгхэн өгсөх зуур Мөнх-Эрдэнийн уурхайн ам улам ойртон ирэв.
Экскаватор нь газар онгилон, тоос манаргасаар л. Уурхайн ам Өлзийт голоос холгүйхэн аж. “Урт нэртэй” хуулийн дагуу бол голын голдирлоос 200 метрээс хол зайд уул уурхай эрхлэх учиртай. Эдний уурхай хуульд нийцсэн зайд ажиллаж байгаа нь тун эргэлзээтэй. Уурхайн амнаас шаргал өнгийн урт хоолой сунжран уруудаж, голын усанд хошуу дүржээ. Эднийх алт угаахдаа Өлзийт голын усыг хэрэглэдэг нь илэрхий. Усны хоолойтой зэрэгцүүлэн хоёр талаар нь шороон далан босгосон урт шуудуу гол руу татжээ. Энэ бол алт угаасан бохир усаа гол руу нийлүүлдэг “зам” нь.
Баянхонгорт орон нутгийн жижиг компаниуд алтны уурхай эрхлэх нь түгээмэл. Тиймээс л уурхайнуудаа компанийнх нь биш, эзнийх нь нэрээр нэрлэж хэвшжээ. Байдраг, Өлзийт голыг дагасан уурхайнууд урт хоолойгоор уснаас нь татаж, алтаа угаагаад, бохироо голд нийлүүлдэг хариуцлагагүй үйлдэлтэй. Орой нь алтаа угааж, шөнө нь бохироо гол руу урсгачихдаг гэж нутгийн малчин ярьсан юм. Байгаль сүйтгэж, гол усаа хайр гамгүй бохирдуулж байгаа уурхайнуудын бодит төрхтэй бид ийн учрав.
Энэ хариуцлагагүй “нөхдүүд”-ийн талаар манай сонин “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” нийтлэлээрээ хэдэнтээ хөндсөн билээ. Байдраг, Өлзийт гол ширгэвэл нүүдлийн шувууд дайран өнгөрдгөөрөө Төв Азийн эко системийн чухал цэг болдог Бөөнцагаан нуур “тэжээгч”-ээ алдаж усгүй, хуурай хонхор болно. Уурхайнуудын хариуцлагагүй, зардлаа хэмнэж, их ашиг олохын төлөөх энэ увайгүй үйлдэл нь зөвхөн нүүдлийн шувууд биш, хонгор нутгийн хүн, малыг усгүйдэх зовлонд унагах аюулын харанга гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ.
Уурхайнхнаар заалгасан замаа хөөсөөр Галуут сумын Үнэгт багийн нутаг Баргилтад зусаж буй С.Баттогтохынд бид дөрөө мултлав. Зочилсон малчных маань Бөмбөгөр сумын Улаансайр багийн харьяат айл байлаа. Газар гандуу байгаа тул өвсний соргогийг дагаж, энд буурь засчээ. Тэдний хаваржааны ойролцоо Денигийн гэх тодотголтой өнөөх уурхай олборлолт хийдэг гэнэ. Гол руу нэлээд түрж орсон тус уурхайнхан хаваржааных нь хашаа хороог хамаад ухахдаа тулсаныг гэрийн эзэн хэлсэн. Тэрбээр “Үе уламжлан нутаглаж ирсэн хаваржаагаа уурхайнханд булаалгаж, сүйтгүүлэхдээ тулаад байна. Тэднийг нэвтрүүлэхгүй гээд 500 метр орчим газар хэц татлаа. Үүнийг давбал зарга үүсгэнэ гэж уурхайнханд анхааруулсан” гэв.
Бөмбөгөрийн малчид уурхайнхантай ч, “нинжа” нартай ч тохиролцож, тодорхой хэмжээний төлбөр аваад, өвөлжөө бууцаа ухуулж, мөнгө олох аргатайг замын турш олон хүнээс сонссон. Үнэхээр тийм, эсэхийг түүнээс асуувал “Манай сумын малчид ийм хандлагатай нь үнэн. Гэхдээ бид их хэмжээний мөнгө авдаггүй. Өвс тэжээлний хэдэн төгрөг л авдаг” хэмээн хүлээн зөвшөөрлөө. Өөрөө ч уурхайнхнаас мөнгө авснаа нуусангүй.
Уул, усаа хайрлан хамгаалж, буруу булхайд нүд чих болж, засаж залруулах учиртай нутгийн эзэн нь хүртэл хэдэн төгрөгөөр амаа таглуулаад, хуудуутай “нөхөд”-тэй хуйвалдчихаар тэнд уул уурхай яаж хариуцлагатай ажиллах вэ гэсэн бодол тээн тэднийхээс мордлоо. Магадгүй малчид алтны эрэлчдэд нүүр өгч, толгой дээрээ гаргаагүй бол энэ нутаг одоогийнхоосоо арай өөр байх сан болов уу.
Баргилтаас давхиад Заг сумын төв тэртээ баруун хойно цайвалзан харагдах Заг, Байдрагийн Хүрэн бэлчирт дахин нэг малчин айлд саатав. Заг сумын Баянбулаг багийн малчин, нүүр дүүрэн инээсэн, зан сайтай ахимаг насны эмэгтэй биднийг хоол ундаар дайлах зуураа “Байдрагийн гол гүйгээгүй ээ. Эхэнд нь уурхайнууд ажилласнаас хойш бороо хур багатай жил бараг урсахаа больчихсон. Уул уурхай чинь гол усыг сүйдэлдэг бололтой.
Манай сумын нутаг дэвсгэрт, эндээс урагшаа Цахирын хөндий гэдэг газарт нэг уурхай ажилладаг. Амьтан хүн гол ус бохирдуулдаг гээд ам муутай байх юм билээ. Та нар гол өгсөж ирсэн бол тааралдах байсан” гэж ярив. Бас “Загийн голын эхэнд Эх булаг гэдэг газар шинэ уурхай нээгдэх гээд манай нутгийнхан эсэргүүцээд сүйд болж байгаа” гэж сонирхол татам мэдээлэл дуулгалаа.
Байдраг гол үнэхээр утас шиг нарийхан болж, улаан гол нь тасрахдаа тулсан байлаа. Халх даяараа зартай, газрын зурагт тодоос тод тэмдэглэгддэг энэ гол зэвхийж сааралтсан хуурай сайр болсон нь эмгэнэлтэй. Машин тэрэг гарахааргүй болтлоо үерлэдэг нь түүх болжээ.
Мөнх-Эрдэнийн уурхайн дарга Өлзийт, Байдраг голын хөвөөнөөс алт олборлодог, хуудуутай “найз”-уудаасаа биднийг төөрүүлэхээр арай тойруу зам зааж өгсөн бололтой. Ийм нэгэн хардлагыг ихэд нухацтай ярилцсан бид “Хэн хүний нэрийг нь ч мэддэггүй, 50-хан км-ийн цаадах Өлзийт гол халгин цалгин урсаж байхад Байдраг яагаад балга ус шиг болчихдог байна. Алтны жижиг уурхайнуудад том голын амь таслах чадал бий гэж үү” гэсэн асуулттайгаар Загийн төвд хүрэв.
Заг сумын Засаг дарга шавилхан бүсгүй Д.Мөнхнасан бидэнтэй уулзлаа. Түүний хамгийн түрүүнд бидэнд “бэлэглэсэн” мэдээлэл бол “Харч өөл” компанитай холбоотой байв. Уг компани тус сумын Цахирын хөндийгөөс алт ухаж, нөхөн сэргээлт хийх гэрээтэй. Өмнө нь “нинжа” нарын туучаад өнгөрсөн газрыг тэднийх нөхөн сэргээх үүрэгтэй ч хуудуутай зан гаргаж буйг Д.Мөнхнасан “Хэцүүхэн дээ” гэсэн үгээрээ баталчих шиг санагдав.
Загт ганц энэ компани алт олборлож байгаа бөгөөд сумын удирдлага тэднийхийг “Алдыг авсан бол төөг нь өг” гэж шахсаар 500 сая төгрөгөөр орчин үеийн спорт танхим бариулж дөнгөжээ. Үүнээс өөр өнгөтэй өөдтэй “юм” уул уурхайгаас Заг суманд үнэндээ наалдаагүй гэнэ. Тус сум бичил уурхайн зургаан нөхөрлөл байгуулан, Цахирын хөндийд тэднийг ажиллуулах зөвшөөрөл авахаар аймгийнхаа удирдлагаас хариу хүлээж байгаа аж.
“Харч өөл”-өөс илүү том аюул манай сумынханд тулгараад байна. Загийн голын эхэнд Эх булаг гэдэг газар “Central Asian mining” компани уурхай нээхээр зэхээд байгаа. Тэндээс олон булаг ундарч, Загийн голыг тэтгэдэг юм. Уурхай нээж, ухаж сэндийчээд булгуудыг нь ширгээчихвэл Загийн гол тасрах аюултай” гэж Засаг дарга бүсгүй малчин эгчийн өмнө нь бидэнд дуулгасан бүдэг бадаг мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сараас тэнд уурхай нээх асуудал дэгдлээ. Аймгийн даргад “Та энэ уурхайг ажиллуулахыг дэмжвэл би ажлаа өгнө” гээд хэлчихсэн. Манай иргэд тэнд уурхай нээхийг эрс эсэргүүцэж байгаа. Иргэдээс сонгогдчихоод би тэдний эсрэг ажиллах учиргүй биз дээ. Уг нь би төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой хүн. Гэхдээ гол усаа хамгаалж, иргэдийнхээ талд зогсоно” гэж итгэл төгс хэлэв.
Бид Баянбулаг багийн нутаг, Загийн голын Эх булагийг зорилоо. Тэнд мөнөөх компани ажлаа эхлэхээр байр сууцаа хэдийнэ байрлуулж, техник хэрэгслээ авчирчээ. Уурхайн кэмпийг хариуцаж буй өвгөн мэдээлэл өгөх эрх бүхий хүн биш гэдгээ тодотгоод “Хууль ёсны дагуу бүх зөвшөөрлийг нь авсан учраас ажлаа эхлэхээр зэхэж байгаа л гэж сонссон” гэж хулган байж ярив. Нутгийнхан “Central Asian mining” компанийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэж нэр нөлөө бүхий хүн байдаг гэсэн.
Бид тэр баян хүнтэй тэмцэлдээд дийлэх юм уу, бүү мэд. Ямартай ч Загийн голынхоо төлөө бүхий л чадлаараа тэмцэнэ” гэж хэнбугайтай ч үзэлцэхэд бэлэн буйгаа дэлгэсэн. Биднийг Заг суманд очсоноос хоёр хоногийн дараа Баянбулаг баг иргэдийн нийтийн хурлаа хийж, уурхай нээх асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Тэд хурлын сонин сайхныг утсаар холбогдож, дуулгахаа амлаад үлдсэн.
Араас “агаар”-аар ирсэн мэдээллээ сонирхуулахад, Эх булагт үүрээ засаж байгаа уурхайн талаар нухацтай хэлэлцсэн иргэдийн нийтийн хуралд 70 гаруй хүн оролцжээ. Тэд “Сentral Asian mining” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хөндлөнгийн байгууллагуудаар нягтлуулах шийдэлд хүрсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн компани нь захиалагчийн эрх ашгийг тусгасан байж болзошгүй гэж баянбулагийнхан хардаж байгаа гэнэ. Мөн тэд зөвшөөрөл авах бичиг баримт бүрдүүлэхдээ багийн иргэдийг буруу мэдээллээр хуурч, “Дэмжсэн” гэж гарын үсэг зуруулсан нь хурлын үеэр тодорхой болжээ.
“Central Asian mining” компанийн үйл ажиллагаа эхлүүлэхээр Эх булагт техник хэрэгсэл, сууцаа авчирчээ
Загийн гол, ундаалах усныхаа төлөө тэмцэж буй Баянбулаг багийнхны уур ундууцлыг сонсож, мэдэрсэн бид зэргэлдээх Гурванбулаг сум руу зам дөтлөн, жолоо мушгив. Гурван булагийн Шар ус голыг уруудлаа. Завхан голын нэг томоохон цутгал Шар усан гол мөн л сайр болон ширгэжээ. Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал нутагт нь ганц байдаг алтны уурхайг ажиллуулдаг “Жи энд юу гоулд” компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгах, эсэхийг хэлэлцэж байх үед бид сумын төвд нь хүрч очсон юм.
Засаг дарга Ц.Энхболд “Энэ уурхай нэг жилийн дараа нөөц нь дуусаж, хаагдах юм. Тиймээс хамтарч ажиллах гэрээгээ сунгах шийдэлд хүрлээ. Харин манай сум дахиж уул уурхайн компани нутагтаа ажиллуулахгүй” гэж ярив. Гурванбулагийн нутгаас алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан таван компани уурхайгаа нээхээр орон нутагт нь мэдэгдсэн гэнэ. Тэдгээрийн нэг нь Хар усан голын эхэнд, нөгөө дөрөв нь Шар усан голын хөвөөнөөс алт ухах зөвшөөрөлтэй аж.
Гурванбулагийн Засаг дарга “Уул уурхай улс орны эдийн засагт ашигтай ч орон нутагт тусгүй. Харин ч иргэдийг хохироодог. Малын бэлчээр сүйтгэх, гол ус таслахаас эхлээд уул уурхайгаас үүдэлтэй урхаг дэндүү их” хэмээн халгасан шинжтэй өгүүлэв. Тэрбээр яриагаа цааш үргэлжлүүлэхдээ “Уул уурхайтай холбоотой эрх мэдлийг орон нутагт нь 100 хувь өгөх хэрэгтэй. Ингэвэл уул уурхайг журамлах боломж бий. Засгийн газар нутгийн иргэдийн санал бодлыг сонсохгүйгээр лиценз олгочихдог. Хэзээ авсан нь тодорхойгүй нэг лицензтэй нөхөр гэнэт хүрч ирээд гол усны ундарга ухна гээд даналзаад эхэлнэ. Тэгээд иргэд төрийнхөө шийдвэртэй тэмцэх болдог. Ийм байж болохгүй” гэж хувийн байр сууриа илэрхийлсэн.
Металл хайгч барьсан “нинжа” нутагт нь тааралдвал “зодоод” хөөгөөд явуулдаг гурванбулагийнхан хөрөнгөтэй компанийн эзэдтэй ч гол усныхаа төлөө заамдалцахад бэлэн гэнэ. Бөмбөгөрийн малчид “нинжа” нар, уурхайн эзэдтэй хуйвалдаж, бэлчээр нутгаа сүйтгэдэг бол Заг, Гурванбулагийнхан хамгаалахын төлөө тэмцэлдэх зүрх сэтгэлтэй ажээ. Хүрээмарал, Баянбулаг сумын малчид ч газрыг нь онгичихыг санаархсан хүнийг хөөгөөд явуулдаг “зантай” гэсэн. Давсыг нь шорвогдуулсан байж мэдэх ч “Зарим сумын малчин нутгаас минь алт бүү гараасай гээд залбирч суудаг” гэж егөөдсөн яриаг Гурванбулагт сонслоо.
Бид сумын төвөөс Буга багийн нутаг Хар усан голын эх Тээлийг зүглэв. Хар усан хэмээх жижгэвтэр гол саваа дүүргэн урсан “зөрөх” аж. Гэтэл ганц хамрын урд байх Шар усан гол яагаад ширгэчихсэн юм бол. Яг л Байдраг, Өлзийт гол шиг эсрэгцэл энд харагдлаа. “Яагаад ийм болчихов” гэсэн асуулт Хар усан голтой “зөрөн” өгсөж явахад хариулт нэхэн ээрэв. Тээлд нутаглаж буй залуу малчин Б.Золжаргал “Шар усан голын эхэнд уурхай ажиллаж, газрын гүний усыг маш их хэмжээгээр соруулсан гэдэг.
Ундаргыг нь сорчихоор хэчнээн их бороо орсон ч ус газар доогуураа урсаад “явчихдаг” гэсэн. Шар усан гол ширгэчихсэн байхад Хар усан нь урсаж байдаг нь ундаргыг нь хөндөөгүйтэй холбоотой гэж нутгийн ахмадууд ярьдаг” хэмээсэн. Настангуудын таамаг яриа баттай, эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах хэрэгтэй болов уу гэсэн бодол түүний яриаг сонсох зуурт төрж байв.
Хар усан голын эхийг онгичихоор санаархаж буй хүмүүс нутгийн иргэдтэй уулзахаар Буга багт иржээ. Гэтэл малчид тэднийг машинаас ч буулгалгүй хөөгөөд явуулчихсан гэнэ. Арга эвийг нь олохоор ирсэн хүмүүсийг айлгаад явуулчихсан малчдын нэг нь Б.Золжаргал. Тэрбээр “Манай нутгийн нэг нөхөр тэднийг дагаж гүйгээд байгаа юм. Саяхан утас руу залгаад, “Батсайхан байна, уулзъя” гэлээ. Хар нялхаасаа ундаалж өссөн гол усны минь ундаргыг ухах гэж байгаа хүмүүстэй уулзах хэрэг байхгүй гээд салгачихсан” гээд хөмхийгөө зуусан нь уур омог нь ихэд “буцалсныг” илэрхийлнэ. Яагаад голын эхэнд алт ухах зөвшөөрөл олгосон юм бол. Энд бас л дахиад хариултгүй асуулт “ургалаа”.
Хонгор нутагт үргэлжилсэн хариуцлагатай уул уурхайн эрэл маань Хар усан давааны бэсрэг овоонд чулуу нэмснээр тэнгэрийн нартай хамт жаргав. Газар нутгаа сэндийчдэг техникжсэн “нинжа”-тай, гол ус бохирдуулж, “нүхэн сэргээлт” хийдэг компаниудтай энэ нутгаас хариуцлагатай уул уурхай хайгаад олсонгүй. Говь, хангай хосолсон үзэсгэлэнт нутгийнхаа хэвлийгээс алтыг нь авах гээд хайр гамгүй сүйтгэж буй харамсалтай дүр зураг бидний ард үлдлээ. Эх орондоо нэртэй суутай улстөрч, бизнесмэн, эрдэм чадалтай хүн олноор төрсөн энэ нутагт хайрлан хамгаалах, харамлан өмөөрөх эзний сэтгэл үгүйлэгдэж байна.
Бэлтгэсэн: Т.ЭНХБАТ, Ж.СУВДМАА