Хариуцлагатай уул уурхайн эрлээ Баянхонгор аймгийн төвөөс эхэлсэн бид баруун тийш хатуу хөрс, хайрга чулуутай, хоолой нугачаа, гүвээ толгодтой, хааяа малчин айл зэрэглээн дунд торолзон тааралдах замаар 100 орчим км давхиад Бөмбөгөр сумын төвд хүрлээ.
Сонин дуулгахад, Баянхонгорын төвөөс Байдраг голын гүүр хүртэлх хатуу хучилттай замыг Хятадын “Шанхай констракшн” компани тавьж байв. Шинэ замын нээлт ирэх арваннэгдүгээр сард болох гэнэ.
Өнгөрсөн оны тооллогоор Бөмбөгөр суманд бага оврын трактор, тэдний нэрлэдгээр “Унагалдай” 87 ширхэг байжээ. Шинэ, хуучнаасаа хамаараад 30-90 сая төгрөгийн үнэтэй “Унагалдай” тракторыг хэд хэдэн өрх нийлж, худалдан авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг ийм тракторын ард дор хаяж таван өрхийн амьдрал байдаг гэсэн үг. Нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж тооцвол ганц “жижиг” трактор хорь орчим хүний идэж уух, өмсөж зүүх хэрэгцээг хангадаг гэж барагцаалж болно. Ингээд бодохоор энэ сумын 2000 орчим хүн хууль бус алт олборлолттой ямар нэг сэжмээр холбоотой байх магадлалтай. Сумын төвийн айлууд хүртэл хашаандаа “Унагалдай” сойсон дүр зураг нь үүнийг батлах аятай харагдана. Бөмбөгөрийг “нинжа” нарын үүр гэдэг нь дэгс яриа биш ажээ.
“Нинжа” нар ид бужигнаж буй гэх мөнөөх Хөх хайрхан руу явах зам асуухаар Бөмбөгөр сумын нэгэн жижиг дэлгүүрийн босгыг давбал хэрэг зориг сонирхсон худалдагч бүсгүй аймгаас мэргэжлийн хяналтынхан хөдөлсөн, эсэхийг биднээс шалгаав. “Саяхан гарсан байх” гэвэл утсаа ум хумгүй шүүрч аван, “Шалгалтынхан сая хөдөлсөн гэнэ. Юмаа зохицуулсан уу” гэж шуурхай мэдээ дамжуулав. Түүний нөхөр нь “нинжа”. Мэргэжлийн хяналтын шалгалт ирэхийг хоногийн өмнө сонссон нөхөр нь техник хэрэгслээ нуухаар гар нийлэн ажилладаг найзтайгаа Хөх хайрхан руу эртлэн хөдөлжээ. Алгуурлаж байж шалгалтынханд баригдан, бөөн торгууль шийтгэлд унах вий гэж болгоомжилсон бүсгүй тэдэн рүү яаран утас цохисон нь тэр байж.
“Нинжа” нартай уулзаж чадахгүй л байх. Одоо хэдийнэ тал тал тийш тараад алга болсон. Эрт ирсэн бол уулзах боломж байсан” гэж нөгөөх бүсгүй нөхөрсөг зөвлөгөө өглөө. Нутаг нь алт ихтэй, түүнийгээ иргэд нь байнга “идэж” (алт ухахыг хэлдэг нутгийн аялгууны үг) байдаг учраас Бөмбөгөр сумынхан аймагтаа амьжиргаагаар толгой цохидгийг тэр мөн дуулгасан. “Та нар зам мэдэхгүй бол тийш очиход хэцүү. Айлаас асуухаар шалгалтынхан байж магадгүй гэж хаширлаад худлаа зааж өгнө. Тэгэхээр хүнээр газарчлуулсан нь дээр” гэж худалдагч бүсгүй анхаарууллаа. Хулгайч хулгайчаа элчилдэггүй нь энэ нутгийнхны жудаг бололтой.
Бүсгүйн зөвлөгөөг дагасан бид нутгийн удирдлага руу утас цохилоо. Улаанбаатарт ажлаар яваа Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ “Баян Бөмбөгөр” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Саруултай уулзахыг санал болгов. Олон жил “нинжа”-гийн замналаар амьдарсан 50 эргэм насны энэ эмэгтэй хууль бусаар алт олборлогчдыг зохион байгуулалтад оруулж, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу ажиллуулахаар сүүлийн жилүүдэд оройлон зүтгэж яваа гэнэ. Түүний үйл хэрэг Бөмбөгөр төдийгүй Баянхонгор аймагтаа танигдаж, Заг, Байдраг, Гурванбулаг, Баян-Овоо зэрэг сумын “нинжа” нарт бичил уурхайн журам баримталж, хууль ёсны дагуу ажиллахыг сурталчлан, таниулаад амжжээ.
Бөмбөгөрт энэ жил бичил уурхайн анхны 10 нөхөрлөл байгуулагдсан бөгөөд зургаа нь орон нутагтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулсан байв. Тус сумын удирдлага “нинжа” нарын эвдсэн 10 газарт бичил уурхайн нөхөрлөл ажиллуулахаар аймаг руугаа санал хүсэлтээ явуулснаа дуулгасан. Эдгээр газраас нэгийг нь л зөвшөөрч, 61 га талбайг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд аван, нөхөрлөлүүдийг дөнгөж саяхнаас ажиллуулж эхэлжээ. Нөхөрлөлүүд “нутагшуулах” зөвшөөрөл олгосон 61 га талбайгаас эрүүл газрыг хасахаар ердөө 20 га нь (эвдэрсэн газар) тэдэнд ногдож буй гэнэ.
Үүнийг 10 нөхөрлөлд хуваарилахдаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байхыг бодолцсон байна. Өөрөөр хэлбэл, нэг нөхөрлөлд хоёр га газрын алтыг “идээд”, нөхөн сэргээлт хийх үүрэг өгсөн гэсэн үг. Тэд сумандаа жилд 450 мянган төгрөг төлж, гишүүдийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхөөр тохиролцжээ. Товчхондоо, энэ бол бичил уурхайн журамд тусгасны дагуу хийж буй ажил.
Эвдэлсэн газарт компаниуд биш, бичил уурхай эрхлэгчдийг ажиллуулах шийдвэрийг аймгийн удирдлага гаргаснаас хойш Баянхонгорт “мэндэлсэн” анхны нөхөрлөлүүд энэ. “Нинжа”-гийн үүр гэгддэг, газар нутгаа там болгож хувиргасан энэ аймагт бичил уурхайн нөхөрлөл ийм хожуу төрж байгаа нь хачирхалтай. Хараа хяналтгүй, хаа дуртай газраа сүйтгэж явдаг “нинжа”-г хуулийн дор амьдруулах “хөдөлгөөн” дөнгөж эхэлж буй шилжилтийн гэмээр сонирхолтой үед бид Баянхонгорт саатжээ.
Ж.Саруул хэрэг зоригийг маань сайтар шалж “Бодит байдлыг гуйвуулж дайвуулахгүйгээр мэдээлнэ” гэсэн ам өчиг авсны эцэст Хөх хайрханд ажиллаж буй зургаан нөхөрлөл рүү замчлахаар болов. Ерөөсөө хонгор нутгийнхан уул уурхайн талаар асууж сурагласан хүнтэй маш болгоомжтой, хардангуй харилцана. Түрүүлж дуугарна гэж байхгүй. Учир явдлаа сайтар тайлбарласны дараа л ам нээх нь тогтсон заншил мэт. Гэхдээ хэзээд цэнэж, цэгнэхээ мартахгүй. Аймгийн төвөөс гарсан шалгалтынхны сургаар “нинжа” нар аль хэдийнэ бултаж амжсаныг зарим нь сумын төвд хүрээд ирсэн гэсэн сураг чимээгээр бид тааварлав. Харин хууль ёсны дагуу ажиллахаар гэрээ байгуулсан зургаан нөхөрлөлийнхөн хулгаж айлгүй тэндээ нүүр бардам үлдсэнийг Ж.Саруул дуулгасан.
“Зохион байгуулагч” бүсгүй бидэнтэй уулзах үедээ 10 нөхөрлөлийнхөө зарим гишүүнийг ХААН банкинд данс нээлгэхээр цуглуулсан байлаа. Тэрбээр түр хүлээзнэхийг хүсээд, сумынхаа захиргаа, банк хоёрын хооронд баахан гүйж, бичиг цаасны ажил амжуулав. Мэргэжлийн хяналтынхныг ирэхээс өмнө нөхөрлөлүүдийнхээ бичиг баримтыг цэгцлэхээр яаравчилж буй нь асуултгүй илэрхий.
Үд хэвийх үед Бөмбөгөр сумын төвөөс хойд зүгт чиглэн Хөх хайрхан руу хөдөллөө. “Унагалдай” трактор газрын хөрсийг хэрхэн сүйтгэсэн ул мөрийг илтгэх овоолсон шороо зам зуурт энд тэндгүй үзэгдэнэ. Нарийн жалгаар ороод, уулын ам өөд өгсөж явтал цагаан өнгийн жийпийг “Унагалдай” трактор ачсан машин дагачихсан өмнөөс айсуй нь харагдав. Жижиг хотгор руу тонгойгоод гараад иртэл өнөөх “нинжа” зам буруулан одлоо.
Мэргэжлийн хяналтынхнаас айсан “нинжа” Хөх хайрханаас бажгадан зугтаж явахтай ийн халз таарсан юм. Зугтсан “нинжа” зүүн уулын шилээр тоос манарган даваад арилав. Уулын ам өгсөх тусам “нинжа” нарын сүйтгэсэн газар, ухсан нүх улам ихсэж байлаа. Жалгыг дагуулаад хэдэн км газрыг ухаж сэндийчэн, шороог нь овоолсон байхтай ч таарсан. “Унагалдай”-нхан Бөмбөгөр төдийгүй аймгийнхаа алттай ам болгоныг ийн сүйрүүлсэн гэнэ билээ. Хөх хайрханы зэргэлдээх Даамайн ам үүнээс их сүйдсэн гэж нутгийн иргэн шогширсон. Даваан дээр гарч, уулын ам уруудаж эхэлсэн нь Улаансайр багийн нутаг Хөх хайрхан ажээ.
Төдөлгүй хоёр “Унагалдай” трактор шанагаараа шороо утган, хоёр дугуйтай шигшүүр дээр асгаж байхтай таарлаа. Нөхөрлөл болж, хууль ёсны дагуу алт олборлож эхэлж буй “нинжа”-гийн бүлгүүдийн нэг нь энэ. Тэд нөхөрлөлдөө “Далайн дээд баялаг”, “Бань базарваань”, “Ааргийн шижир алт”, “Есөн эрдэнийн арвижих” гэх мэт нэр хайрласан байв.
Техникжсэн “нинжа” гэж жийп, “Унагалдай” трактор, “Зил-130” загварын ачааны машин, алттай шороогоо шигших гар аргаар хийсэн төхөөрөмж, шигшүүрээ ажиллуулах жижиг цахилгаан мотортой, металл илрүүлэгчтэй хүнийг хэлдэг аж. “УАЗ-469” машины чиргүүлийн рамыг ашиглаж хийсэн, тор бүхий тэвшийг чичиргэж, шороо шигших, тэвшнээс баригч руу унаж буй нунтаг хэсгийг нь үлээх үүрэгтэй хоёр мотортой алт угаах төхөөрөмжөө жийпнийхээ араас чирчихдэг юм билээ. Тэгээд “Унагалдай” трактороо ачааны машиндаа аччихна. Ийм иж бүрдэл бүхий техниктэй “нинжа” хонгор нутгаар хэрэн тэнүүчилж, алттай жалга, судаг болгоныг онгичсон хэрэг.
“Нинжа” нар Говь-Алтай аймгийн Бадарч гэдэг хүний зохион бүтээсэн “Бадарчийн хар” нэртэй төхөөрөмжийг гар аргаар алт олборлодог байхдаа ашигладаг байж. “Бадарчийн хар”-ын үндсэн нэршил нь баригч. Тэгвэл “Унагалдай” трактороор утгасан шороогоо торон дээр асгахад жижиг мотор тэвшийг чичиргэж шигших, тэвш дээрээс нунтаг шороо хоёр нүхээр баригч руу гоожиход бас нэг мотороор шороог үлээж, алтыг нь доош унагах төхөөрөмжийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумынхан зохион бүтээснээр энэ нь Баянхонгор даяар тархжээ. Илүү тодруулбал, алт хүнд учраас шууд доош унаж, шороо нь үлээгддэг цэвэршүүлэх технологи юм байна. Том эрдэмтэд л шинэ техник, технологийн санаа гаргадаг гэж ойлгож болохгүй нь. Ажлаа хөнгөвчлөхийн тулд “нинжа” нар хүртэл ашигтай “инновац” бүтээснийг тэнд харлаа.
Ж.Саруул уулын амыг уруудаж, бүх нөхөрлөлийн гишүүнтэй уулзан, хариуцаж байгаа талбайнхаа заагт пайз зоо, ажлын хувцас, хамгаалалтын малгайгаа өмс гэж зөвлөлөө. Зарим нөхөрлөлийнх нь бичиг баримт дутуу учраас томчуул нь аймгийн төв рүү явсан байв. “Нинжа” нар хууль ёсны дагуу ажиллахаар хэрэндээ л мачийж байгаа нь “удирдагч” бүсгүйн зааврыг хэзээ, хэрхэн биелүүлэхээ тайлбарлаж, ойлгохгүй зүйлээ хичээнгүйлэн лавлаж байгаагаас харагдана. Гэхдээ л олон жил дураараа дургисан “нинжа” нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хэвшүүлж, бичил уурхайн стандартыг ягштал мөрддөг болгоход нэлээд хугацаа шаардлагатайг Ж.Саруул нуусангүй. Зааж чиглүүлэх ажлаа шуурхай амжуулсан тэрбээр биднийг “Далайн дээд баялаг” нөхөрлөлийнхөнтэй танилцуулаад, сумын төв рүү буцав.
“Та нар хэд хоногийн өмнө ирсэн бол бид юу ч дугарахгүй, барааг чинь хараад бараг зугтах байсан. Одоо хууль ёсны дагуу ажиллаж байгаа болохоор нүүр бардам ярьж хөөрч чадахаар болчихоод байна. Бид чинь муу нэртэй, луу данстай хүмүүс” гэж эл нөхөрлөлийнхөн ярьсан нь “нинжа”-гийн амьдралын бодит төрх байлаа. Тэд бичил уурхайн журмын дагуу олборлолт явуулах талбайнхаа хажууханд гэрээ барьжээ. Ийм зохион байгуулалтад ороогүй байхдаа өмнө нь машиндаа хоноглон, хоол ундаа хийж идээд, хэзээд зугтахад бэлэн явдаг байж.
Зогсоо завгүй шороо самрах “Унагалдай”-ны дэргэд уг нөхөрлөлийн ноён нуруу болдог эртэй хэсэг хөөрөлдөв. Аанай л нэр усаа нууцлахыг биднээс хичээнгүйлэн гуйсан юм. Тэрбээр ХААИС-ийг механик инженерийн чиглэлээр төгсөөд, алтны хэд хэдэн уурхайд 17 жил ажиллажээ. “Алтны уурхайд хийгээгүй ажил бараг үлдээгүй дээ. Уурхайн дарга хүртэл хийж явсан. Үнэндээ амьдралаа өөд нь татаж чадаагүй ээ.
Тэгээд бусдыгаа дуурайгаад “нинжа” болохоор шийдсэн” гэж уурхайчин ах ярилаа. Уурхайн дарга явсан эр дөрвөн жилийн өмнө 27 сая төгрөгийн экскаватор зээлээр худалдаж аваад, “нинжа”-гийн амьдралд урважээ. Эхнэр нь эрс дургүйцэж, “Наадахаа эргүүлж өг” хэмээн хэсэгтээ эсэргүүцсэн ч эцэстээ эвлэрч нөхрийгөө даган “нинжа” болсон байна. Тэднийх хоёр хүүхдийн хамт гэр бүлээрээ Хөх хайрханд ирсэн. Ерөөс эндхийн “нинжа” нар гэр бүлээрээ “аялж”, газар онгичин алтаа “идэж” явдаг хэвшилтэй.
Тэдний нөхөрлөл хоёр трактортой. Хоёр “Унагалдай”-гаа найман өрх хүч хавсран худалдан авчээ. Биднийг очих үед дөрвөн гэр бүл нь тэнд ажиллаж байв. Үлдсэн дөрөв нь тав хоногийн дараа ирж, ээлжээ хүлээн авах хуваарьтайг тэд хэлсэн. Ажиллах хугацаандаа дориун ашиг олохын тулд хоёр гэр бүл нэг трактороо 12 цагаар ээлжлээд тасралтгүй “тонгочуулчихдаг” аж. Алт олборлох тоног төхөөрөмж нийлж худалдаж авсан өрхүүд хэд хоногоор ээлжлэх, 24 цагаар ажиллах нь Бөмбөгөрийн “нинжа” нарт нэлээд эртнээс тогтсон менежмент гэнэ.
“Унагалдай” трактор 24 цаг “унгалдахад” дор хаяж 700-800 мянган төгрөгийн шатахуун “залгидаг” гэнэ. Байсхийгээд сэлбэг хэрэгслийг нь шинэчлэхэд доод тал нь сая төгрөг зарцуулдаг байна. “Чамгүй зардал гарч байгаа биз. Мөнгө дутвал зээл аваад л болгочихдог юм. Ухсан газраас алт гарахгүй бол хэдэн сая төгрөгөөр ч “дагздуулах” тохиолдол бий. Гайгүй “юм” гарвал алдсанаа нөхөөд, зардлаа хасаад, илүүг нь дөрвөн гэр бүлээрээ хувааж авна.
Алт байнга гараад байдаггүй учраас овойж оцойтлоо баяжаад, сүйд болсон юм алга. Гэхдээ хоёрын хооронд цалинтай ажлаас хамаагүй дээр” гэж Баянхонгорын шинэхэн бичил уурхайчин маань өгүүлэв. Байнга зугтаж, муу нэр зүүн, хүнд нүд үзүүрлэгдэж явахаас залхсан тэрбээр энэ жилээс газар онгичихоо больё гэж бодсон ч хамтрагчдынх нь нөхөрлөл байгуулах санал шийдвэрээ өөрчлөхөд хүргэжээ.
Хууль бусаар ажиллаж байхад нь бишгүй бэрхшээл зовлон дагадаг байсныг тэд учирласан. Хяналт шалгалтынхнаас гадна нутгийн иргэд айлгаж, сүрдүүлдэг гэх. Малчид “Алив ёндоо үзье” гээд хүрээд ирдэг гэнэ. “Ёндоо үзнэ” гэдэг нь шигжиж буй шорооноос нь шуудайлж авахыг хэлдэг юм байна. “Ёндоо үзүүлэх”-гүй гэвэл мэргэжлийн хяналт, цагдаад та нарыг матна гэж дарамталдаг аж. Гуядаж авсан шороогоо угаагаад их алт гарвал өөрийгөө ёндоотойд, харин “юм” гарахгүй бол “азгүй”-д тооцно гэсэн санааны үүднээс “Ёндоо үзэх” гэсэн хэллэг дэлгэрчээ. Өөрөөр хэлбэл, бусдын олзноос хүчээр хишиг хүртэхийг хэлж байгаа нь энэ.
Алт ухахаа болилоо гэхэд уурхайчин ахад амин зуулгаа залгуулах боломж тун хомс. Бөмбөгөр суманд бүү хэл, Баянхонгор аймагт нэг ч үйлдвэр байхгүй учраас ажил олддоггүй. Үйлчилгээний газарт ажиллавал сард 100-300 мянган төгрөгийн цалин өгдөг гэнэ. Тэрбээр “Ийм мөнгөөр өнөө цагт хэн ч амьдрахгүй биз дээ” гэж хэлээд, биднийг хариулт нэхсэн харцаар ширтсэн юм.
Харин бид “Энэ газрыг “идэж” дууссаны дараа дахиад ашиглах талбай олгохгүй бол яах вэ” гэж түүнээс асуухад “Алт ухахаа больё гэсэн бодол байгаа ч үүнээс өөрөөр амьдрах сонголт алга. Буцаад л хулгайгаар алт олборлож, муу нэртэй “нинжа”-гаа хийнэ” гэж эрс шулуун хариуллаа. Энэ үгийг сонсоод “нинжа” нарыг хариуцлагатай болгох, эвдэрсэн газрын алтыг ухуулаад, эргүүлж нөхөн сэргээлгэхийн тулд Баянхонгор аймгийн удирдлагууд, цаашлаад Ашиг малтмал, газрын тосны газрынхан ахиухан талбайг тэнд зааж өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол эрхгүй төрсөн.
Тэд алтаа ухаж дуусаад, хөндсөн талбайгаа эргүүлэн нөхөн сэргээх үүрэгтэй. Илүү олон эвдэлсэн талбайд бичил уурхайчин ажиллуулбал төдий чинээ сүйтгэсэн газрын овоолсон шороо тэгширч, онгорхой цоорхой бөглөрөх учиртай юм. Шинэхэн танил маань “Би хэдий муу нэртэй “нинжа” ч газар шороондоо хайртай монгол хүн. Нөхөрлөл болж ажилласнаар Баянхонгорт сүйтгэсэн нэг ч гэсэн жалга тэгшрэх нь гэж дотроо баярлаж сууна” гэв.
Тиймдээ ч тэрбээр газар ухсан бол заавал эргүүлж шороогоор булдаг аж. Хамт алт ухдаг дүү нар нь “Илүү зардал гаргалаа. Нүхээ бөглөхгүй хая” гэхэд тас зөрөөд, хэрүүл зодоондоо тулж явсан удаатай гэнэ лээ. Баянхонгорт техникийн нөхөн сэргээлт л хийх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, ухсан нүхээ шороогоор л булна гэсэн үг. Говь нутаг тачир таруу ургамалтай, хөрс нь үржил шим муутай учир биологийн нөхөн сэргээлт хийгээд ч нэмэргүй гэнэ. “Биологийнх биш юм гэхэд тал хөндийгүй овоолсон шороогоо тэгшилж, ухсан нүхээ бөглөчихвөл ч аштай юу даа” гээд мань эр уулын цаад руу гудайн буй наран зүг харлаа.
Энэ л үест уурхайчны эхнэр “хоол ид” гэж даллан дуудсанаар бидний яриа өндөрлөв. Өдөржин трактор жолоодож ядарсан, тоос шороонд дарагдаж, нүүр царай нь халтайсан залуу хоол идэх зуур муу мэдээтэй ирлээ. Алт угаах төхөөрөмжийг нь ажиллуулдаг цахилгаан мотор гэнэт унтраад, асахаа больжээ. Ах мотороо засахаар энд тэндээс сэлбэг хэрэгсэл сольж, харуй бүрий болтол ноцолдоод ч дийлсэнгүй. Энэ мөчид зэргэлдээх “Унагалдай” байраа сэлгэж, өдөржин унтсан залуу шөнийн ээлжинд гарлаа. Өдөр нь трактор жолоодсон залуу “Баригчид юу ч харагдахгүй байна. Яг “дагздуулчихлаа” шүү.
Угааж үзэхээс” гэж ахад ажил байдлаа илтгэх аятай хэлэв. Алтаа угааж, өдрийн ажлынхаа үр дүнг үзсэн айлын эхнэр “Алт хар аа” гэж биднийг уриалгахан дуудах нь тэр. Ногоон төмпөнгийн ёроолд хамрын тамхины халбага дүүргэхтэй үгүйтэй бага алт гялтганана. “Нэмэргүй ээ, өнөөдрийн гаргасан зардлыг нөхөхөөргүй жаахан алт гарчээ” гэж айлын авгай шүүрс алдана. Бидэнтэй хамт алтны гарц шинжсэн ах “Аймаг орж мотор олж ирнэ ээ” гээд өндийв. Тэрбээр “Та нар амраад яваарай” гэж хэлээд, цагаан жийпнийхээ хаалгыг тап хийтэл хаан давхиж одсон.
Зуухнаас нь аргалын галын зөөлөн илч ээх, дөрвөн ханатай жижиг гэрт ээлж солилцсон уурхайчин залуустай элдвийг хөөрөлдөх зуурт “Дахиад эд нар “нинжа”-гийн амьдралдаа шилжчихвэл харамсалтай яа, засаг захиргаанаас ашиглах талбай өгөхгүй бол Баянхонгор аймаг овоолсон шороо, онгойсон нүхтэйгээ үлдэх юм байна даа” гэсэн бодол зурсхийв. Бид хариуцлагатай уул уурхайн эрлээ маргааш дахиад үргэлжлүүлж, Халх, Ойрадын ноёд чуулж асан түүхтэй Заг, Байдрагийн хүрэн бэлчирт хүрнэ. Замын гудаст юу үзэж, хэнтэй уулзахыг тааварлашгүй.
Бэлтгэсэн: Т.Энхбат, Ж.Сувдмаа