Нар, сар, дэлхий гурав нэг шугам дээр төгс зэрэгцэж, дэлхийн сүүдэр сарыг нөмрөх үзэгдлийг сар хиртэлт гэдэг. 1 цаг 43 минут үргэлжлэх бүрэн сар хиртэх үзэгдэл энэ сард тохионо. Энэ үзэгдэл 2011-2020 оны хоорондын сар хиртэлтүүдээс хамгийн урт нь байх юм. Долдугаар сарын 27-нд Өмнөд Америкийн зарим хэсэг, Африкийн ихэнх хэсэг, Ойрх Дорнод, Төв Азид энэ үзэгдэл бүтэн харагдана.
Тэгвэл сар хиртэлтээс хоёр долоо хоногийн урд, хойно нар хиртэлт тохиолддог. Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Тэгэхээр энэ долдугаар сарын 12, наймдугаар сарын 11-нд нар хагас хиртэх юм. Уг хиртэлт Австралиас бүрэн, Европ, Азиас хэсэгчлэн харагдана гэж NASA-гаас мэдээллээ.