Өнгөрсөн жил 222 сая еврогоор “ПСЖ” багт очиж дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорсон Неймар клубээ дахин сольж магадгүй байна. Түүнийг хамгийн идэвхтэй сонирхож байгаа, авах хөрөнгө мөнгө нь ч бэлэн баг бол “Реал” юм. Одоогийн супер од Роналду нь нас ахисан, тэгээд ч нутаг сэлгэж болзошгүй учир “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес багийнхээ ирээдүйг Неймарт даатгахыг хүсч байна. Испанийн TVE сувгийн мэдээлсэнээр Перес 310 сая еврог “ПСЖ”-д санал болгоод үнэ тохирсон тохиолдолд Неймартай долоон жилийн гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Бразил тоглогчид өгөх жилийн цалин нь 45 сая евро байх гэнэ. Неймар өөрөө ч багаа солих хүсэлтэй байгаа бөгөөд Испани, Английн лигийн аль нэг рүү явах сонирхол тээж буй талаар Испанийн хэвлэлүүд өвлөөс эхлэн мэдээлсэн. Учир нь Францын лигийн түвшин санаанд нь хүрээгүй бөгөөд тэнд үлдэх аваас Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж чадахгүй хэмээн үзэж байгаа аж.
Флорентино Перес “Реал”-ын ерөнхийлөгчөөр ажилласан тухай бүртээ хамгийн супер гэгдсэн хөлбөмбөгчдийг багтаа элсүүлэх аварга төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Реал”-д ажилласан анхны жилүүддээ Роналдо, Бекхэм, Фигу, Зидан гэсэн агуу тоглогчдыг цуглуулж байсан бол сүүлийн жилүүдэд Роналду, Бэйл, Иско, Бенземад тулгуурлан бизнесээ явуулж байна. Түүний үзэж буйгаар үе солигдох мөч багт нь нэгэнт тохиожээ. Тиймээс дараагийн 5-7 жилд “Реал”-ын лидер, бизнесийн нүүр царай болох бүрэлдэхүүнийг одооноос бүрдүүлэхээр зэхэж байна. Тиймээс тэргүүн зэргийн зорилгоороо Неймарыг тодруулжээ. Ла лигагийн удирдлага ч гэсэн Пересийн санааг дэмжиж байна.