Хөлбөмбөгийн ДАШТ-ий 1/16 шатанд Бельги, Японы багууд өрсөлдөж ялагчаар Европын шигшээ тодорлоо. Хасагдах шатанд шалгарсан Азийн цорын ганц төлөөлөгч Японы шигшээ 2:0-ээр тэргүүлж эхэлсэн нь Бельгийг хүнд байдалд оруулсан. Дасгалжуулагч Мартинес сэлгээний тусламжтайгаар тактикийн өөрчлөлт хийсэн нь үр дүнгээ өгч бельгүүд тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлэв. Улмаар шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Шадли хожлын гоолыг орлуулсан. Ингэснээр Бельгийн шигшээ шөвгийн наймын шатанд Бразилтай өрсөлдөнө. Хэдий япончууд хожигдсон ч гэлээ том амжилттайгаар гэртээ буцаж байна. Тэд Сенегал, Польшийн хүчтэй багийг ардаа үлдээн хэсгээсээ шалгарсан нь энэ жилийн ДАШТ-ий сюрпризийн нэг болсон. Наран улсынхан ДАШТ-ий шөвгийн 16-д түүхэндээ гурав дахь удаагаа шалгарсан нь энэ юм.