Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Алтан ус. “Хөх бүрдийн эх” компанийн уурхайн ам
Хариуцлагатай уул уурхайн эрэлд гарсан аялал маань Баянхонгор аймагт үргэлжиллээ. Хонгор нутагт аяны дөрөө мулталсан анхны газар нь Баян-Овоо сумын Алтан ус. Аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км давхиад хүрэх энэ газарт 10 мянган “нинжа” цуглаж, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлэхдээ зарим нь атга атга алт олж, амьдралаа өөд нь татан, аз дутсан нэг нь шороонд даруулж, ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Бидэнд газарчилсан нутгийн ах нөхөн сэргээх нэрийн дор “нүхэн сэргээлт” хийж буй “Хөх бүрдийн эх” компанийн үйл ажиллагаатай танилцуулахаар биднийг энд аваачсан ч яриа нь хонгор нутагт “нинжа” нар үүсэж, Алтан усыг онгичсон түүх рүү “халтирав”.
Аймгийн төвд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг болсон тэрбээр энэ л газраас амьдралаа өөд нь татжээ. 2000 оны зудад малаа барсан эр нэгэн үе алтны уурхайн галч, эхнэр нь тогооч хийж, тус бүр 40 мянган төгрөгийн цалин авч, амин зуулгаа залгуулж байсан аж. Гэвч энэ нь амьдрал ахуйд нь хүрэлцдэггүй байсан учир галч эр тухайн цаг үеийнхээ урсгал, олны аяыг дагаж “нинжа”-гийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгожээ. Байгалийн “хилэгнэл”-д малаа булаалгасан хүн бүр л тэр үед ийм сонголт хийж байж.
Ингээд тэр Алтан усыг ухаж эхэлсэн гэнэ. “Эндээс өчнөөн хүн баяжсан. Бас олон сайхан залуу амиа алдсан. Ам тослох малгүй болсон хонгорчууд газар дэлхийгээ “идэж”, амьдралаа босгосон юм. Баян хангайгаа муу хэлэхгүй ээ, хангалттай авсан” хэмээгээд тэрбээр баруун гүдэнг долоовор хуруугаараа зааж, садангийнх нь 20 гаруйхан настай залуу тэнд шороонд дарагдан нас барсан харамсалтай явдлыг дурслаа. Байгалийн хэвлий дэх баялгийг ухаж авснаа “идсэн” гэж ярьдаг нь энэ нутгийнхны түгээмэл хэллэг аж.
Тэрбээр Алтан усын хэвлийг арван хуруу шигээ мэддэг гэлтэй “Тэндээс алт их гарч байсан, энд арай тааруу” гэж ийш тийш заан ярина. Баянхонгорт гар аргаар алт олборлодог анхны “нинжа” нар 1999 онд мэндэлжээ. Өмнөх жил нь хахир өвөл тохиосон нь олон малчин нинжа амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгож, амь амьжиргаагаа залгуулах шалтгаан болсон байна. Мал хуй нь өссөн хүмүүс яваандаа “нинжа”-гийн амьдралаас холдсон ч шинэ жил, Цагаан сар гэх мэт тэмдэглэлт баярын өмнө, намар хичээл сургууль орох үест хэдэн төгрөг олохоор хүрз, шуудай ганзагалаад баян хангайгаа зорьдог нь бараг заншил болжээ. Өөрөөр хэлбэл, хонгорынхон мөнгөний хэрэгцээ зайлшгүй гарахад байдгийнхаа баруун хаяа руу зүтгэж, түүнийгээ хялбархан олчихдог хэрэг.
Алтны “нинжа”-гаас бизнес эрхлэгч болтлоо дэвшсэн мөнөөх ах Баянхонгорт “нинжа” үүссэн түүхийг баахан ярьсны дараа энд ирсэн гол шалтгаанаа гэнэт санав уу гэлтэй “Хөх бүрдийн эх” компанийн талаар мэддэг бүхнээ урсгав. Цагтаа алтны баялаг нөөцтэй байсан, хоёр талаараа намхан гүдэнтэй гууд эл компани техникийн нөхөн сэргээлт хийх гэрээг хэдэн жилийн өмнө байгуулан, “нинжа” нарын хулганын нүх шиг сэндийчсэн цооногуудыг шороогоор булж, тэгшилжээ. Харин олны хөлд сүйдсэн өнөөх газраас алт олборлонгоо нөхөн сэргээх зөвшөөрлийг аймгийн удирдлагаас тус компанийнхан хоёр жилийн өмнө авсан байна.
Аймгийн төвөөс 30 км газарт “нинжа” нар ийн төвхнөж, алт ухаж байжээ
Нутгийнхны хэлж буйгаар энэ компанийнхан Алтан усанд долоо, найман жил ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээрээ далимдуулан, өдгөө эл газрыг нэмж сүйтгэн, алт олборлосоор байгаа гэх. Уурхай нь улам тэлсээр баруун бүс рүү тавьж буй хатуу хучилттай авто зам руу дөхсөөр байгааг ч дуулгасан. Газар дээр нь очиход энэ яриа батлагдав. Уурхайн ам авто замтай бараг хаяа залгажээ. “Нинжа” нарын хөлд сүйдсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор алт олборлодог байсан компаниуд эрүүл газрыг ч хайр гамгүй онгичох явдал Баянхонгорт хавтгайрсан үзэгдэл болжээ. Тэднийг нутгийнхан “нүхэн сэргээлт”-ийнхэн гэж ёжилно.
Бид Алтан ус руу ирсэн замаас арай хойгуур явахаар хөдөллөө. Хоёр гүдэнгийн дундах хөтөл дээгүүр давтал навсайсан, ноорхой гэр угтав. Тэр ноорхой гэр “нинжа” гуайнх юмсанж. Говийн салхинд “балбуулаад” тооно нь цөмөрчихсөн өнөөх гэрт хүн байсангүй. Харин хавь ойрд нь ухаж төнхсөн нүх өчнөөн. Нэгэн цагт “нинжа” явсан ах маань “Унагалдай” трактороор энэ хавийг ухжээ. Хэд хэдэн газар самарч үзээд юм гаргах шинжгүй болохоор нь хаяад явчихаж.
Эндээс юм гарахгүй ээ” гэж шинжив. Нурсан гэрээс хойгуур холгүйхэн машин хөвөрнө. “Эд чинь улаан зам дээр газар сэндийчээд сууж байдаг хэрэг үү” гэж түүнээс асуувал “Эндхийнхэн дөжирчихсөөн. Манай аймгийнхны бараг тал нь “нинжа”. Ямар сайндаа л Говь-Алтайн Бигэрт их алт гарсан сургаар манай цагдаа нар тэнд оччихсон газар ухаж байх вэ. Говь-Алтайн цагдаад баригдвал нүдний булай болно гээд зугтаж байна гээ биз дээ” хэмээгээд ёжтой инээлээ.
Баянхонгорыг Говь-Алтай аймагтай холбохоор дэвсэж буй хатуу хучилттай замын даланг даган, энхэл донхол замаар гэлдэрлээ. Тэртээ зүүнтэйд аймгийн төвийн гэрэл гялбалзах нь хонгор нутагт үдшийн бүрий айлссаныг илтгэнэ. Замын гудаст элдвийг хүүрнэн, энд ухсан, тэнд ч онгичсон гэсэн мэдээлэл сонсож явахдаа аймгийн төвд тааралдах, ахын танил залуу бидэнд чих дэлдийлгэх сонин дуулгана гэж мэдээж төсөөлөөгүй.
Ирогийн гэж нутгийнхан нэрлэж заншсан алтны гүний уурхай Галуут сумын нутагт ажилладаг байна. Уг уурхай газрын гүн рүү 60 орчим метр шургаж, долоо орчим км урт хонгил гаргасан гэнэ лээ. “Империал гоулд майнинг” компанийн эзэмшдэг энэ уурхай “нинжа” нарт шороогоо зардаг аж. Есөн “нинжа” нийлж, нэг баг болоод уурхайн эзэнд 60 сая төгрөг төлөөд, тэндээс 10 хоног шороо зөөх гэрээ хийдэг гэж шинэ танил маань ярив.
“Нинжа”-гийн амьдрал, хариуцлагагүй уурхайн талаар мэдээлэл дамжуулсан нэгнээ “Адилхан газар ухаж амьдардаг байж элдэв юм ярилаа” гэж дарамтлах, гадуурхах тохиолдол Баянхонгорт элбэг учраас уулзсан эх сурвалжууд нэрээ хэлэхээс цааргалсан юм.
Хачирхалтай гэмээр мэдээ дуулгасан өнөө залуу өнгөрсөн хавар найзуудтайгаа нийлж, 60 сая төгрөг босгоод Ирогийн уурхай руу оржээ. Тохиролцсон ёсоор уурхайд 10 хоног ажилласан ч зөөсөн шорооноос нь дорвитой “юм” гараагүй учраас 10 сая төгрөгөөр “дагздуулсан” гэнэ. Алт гарахгүй алдагдал хүлээснээ тэндхийнхэн “дагздуулах” гэж ярина.
“Шатсан” залуу даагаа нэхэж, дараа дахин оржээ. Хоёр дахь удаагаа орж долоо хоног ажиллахад нь арвин алт гарч, чамгүй ашигтай ажилласан гэнэ лээ. Тэрбээр “Одоо гурван хоног шороо зөөх дутуу байгаа. Эмчтэй ярьсан. 28-нд ирээрэй гэсэн” гэв. Баянцагаан суманд өмнө нь их эмчээр ажиллаж байсан н.Дашдэвэг гэдэг хүн “Империал гоулд майнинг” компанийг хариуцаж, “нинжа” нараас мөнгө төгрөгийг нь хураадаг аж. Нутгийнхан уурхайг хариуцдаг н.Дашзэвэгийг “эмч” гэж авгайлж хэвшжээ.
Ирогийн уурхайн хонгилд хүн босоогоороо явдаг, бүр “амьжиргаа цагаан” гэж нэрлэдэг бага оврын ачааны машинаар малтсан шороогоо гадагш нь зөөдөг гэнэ. “Нинжа” нар шороогоо зөөж гаргахад нь уурхайнхан тодорхой хэмжээний төлбөр аваад, алтыг нь угааж өгдөг дамжлагатай. “Ашигт малтмалын зөвшөөрөлтэй компани “нинжа” ажиллуулж байгаа нь ерөөс хууль бус үйлдэл. Хонгилынх нь бэхэлгээ хүн дараад алчихгүй, найдвартай биз дээ” гэхэд “Хонгил нь мод, төмөр, бетон ямар ч бэхэлгээ байхгүй ээ.
Цэвдэг л бэхэлгээ болдог юм” гэж мөнөөх эр хээвнэг хариуллаа. Тэрбээр “Цэвдэг нурахгүй ээ. Гэхдээ машины доргилтод нурж магадгүй гээд уурхайн хонгилд “амьжиргаа цагаан” жолоодох хүн барагтай олддоггүй. Хэдэн сая төгрөгийн цалин амлаж байж л жолооч олддог” гэж ярив. Хайлдаг, гэсдэг цэвдэгтэй ямар ч бэхэлгээгүй уурхайгаас автомашинаар шороо зөөж байгаа нь дэндүү эрсдэлтэй, хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал “нинжа” нарын онгичсон талбайг ашиглуулаад, дараа нь нөхөн сэргээлт хийх гэрээг өчнөөн компанитай байгуулсан, тэд нь “нүхэн сэргээлт” хийж, хэл ам таталсаар байгааг мэдэх учраас түүнтэй уулзахыг түвдсэнгүй. Харин уул уурхайн үйл ажиллагаа хууль, дүрмийн дагуу үргэлжилж буй, эсэхийг хянах үүрэгтэй төрийн байгууллагыг нь өнгөрсөн сарын 26-ны ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн зорилоо.
“Нинжа” нар газрыг трактороор ингэж ухаж, алттай, эсэхийг нь шинждэг. Ийм байдлаар хөрс сүйдлэх нь Баянхонгорт нийтлэг үзэгдэл болжээ
Шилэн байшингийнхаа саруул танхимд хүлээн авсан, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж “Нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлоод, гэрээнийхээ дагуу ажилладаггүй, эрүүл газар эвдэх тохиолдол олон” гэж хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, хууль, журам зөрчиж, Алтан усанд нөхөн биш нүхэн сэргээлт хийж буй “Хөх бүрдийн эх” компанийн үйл ажиллагааг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газраас цагдаагийн байгууллагад удаа дараа ханджээ.
Тухайн газраасаа алт олборлуулж, нөхөн сэргээлт хийлгүүлэх нь хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх “цоорхой” болж буй тул ухах, сэргээх давхар эрх, зөвшөөрөл дахин олгохгүй байх саналыг тэднийх аймгийнхаа удирдлагад хүргүүлжээ. Мэргэжлийн хяналтын газрын дарга “Эвдэрсэн газрын алтыг юу ч үлдээхгүй аваад, “нинжа” нар дахиж ухаж төнхөхөөргүй болтол олборлуулж, нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор ийм зөвшөөрөл олгодог юм билээ.
Энэ нь зарчмын хувьд маш буруу. Тэгээд ч компаниуд нь хариуцлагатай ажиллаж чадахгүй байгаа” гэв. Тэдний саналыг хүлээж авсан аймгийн удирдлага өнгөрсөн жилээс дахин тендер зарлаж, ухсан талбайд компани оруулахаа больжээ. Нөхөн сэргээлтийг яаж “гурилддаг”-ийг яруу тодоор үлгэрлэсэн компаниудаас зайгаа барьж, нинжа нарт боломж олгохоор болж. Өөрөөр хэлбэл, нөхөрлөл болж хоршсон техникжсэн “нинжа” нарт эвдэлсэн талбайг бичил уурхайн журмын дагуу ашиглуулахаар шийдсэн байна. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг аймагтаа анх удаа хэрэгжүүлэхээр болсон тэд уул уурхайг хариуцлагажуулах эрх зүйн өөр нэг шийдэл нь энэ гэж итгэж буй.
Н.Бямбадорж “Шийдвэр хараахан хэрэгжээгүй байхад нөхөрлөлүүд кэмп болоод, энд тэнд төвхнөчихсөн байна. Манайхан өмнө нь нэг удаа тараасан. Одоо газар дээр нь очиж, танилцахаар ажлын хэсэг хөдлөх гэж байна. Хариуцлагагүй нөхдөд арга хэмжээ авах хэцүү. Төлөвлөгөөт шалгалт учраас очихоосоо хэд хоногийн өмнө заавал мэдэгдэх хуультай. Шалгалтын комисс аймгаас хөдлөх гэж байгаа тухай хэл чимээ авсан “нинжа” нар зугтчихдаг” гэв.
Мөн мэргэжлийн хяналтынхан иргэдийн гомдлын мөрөөр шалгадаг байна. Тэрбээр “Малчид “Манай өвөлжөө бууцыг “нинжа” ухчихлаа” гэж мэдүүлнэ. Шалгаж нягтлахаар малчид нь өөрсдөө “Манай өвөлжөөг ухаад өг. Алт гарвал хувааж авъя” гээд техникжсэн “нинжа” нартайгаа тохиролцчихсон байдаг. Тэгээд алт гарахгүй, эсвэл ашиггүй байхаар нөгөөхөө матчихдаг байх жишээтэй. Хэнд нь хариуцлага тооцох вэ гэдэг хэцүү” хэмээн үргэлжлүүлсэн.
Баянхонгор аймгийн Өлзийт, Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт суманд нинжа нар газар сүйдлээд ийлдэхээ больсныг тэрбээр тодотгосон. Ялангуяа Бөмбөгөр сумынхан тэр аяараа нинжа болсон, газар нутгаа хайр гамгүй сүйтгэдгийг тэрбээр дуулгасан. Ирогийн уурхайнханд яагаад арга хэмжээ авахгүй байгааг түүнээс лавлалаа. Иргэдийн мэдээллийн мөрөөр өнгөрсөн гуравдугаар сард мэргэжлийн хяналтынхан тус уурхайд очиход ганц ч “нинжа” байгаагүй гэнэ. Дараа нь аймгийнхаа Цагдаагийн газрынхантай хамтран гэнэтийн шалгалт хийсэн ч бас л “өө сэв” олоогүй аж.
Бидний уулзалттай давхцан хөдөө шалгалтаар явахаар зэхэж суусан Ц.Болорчимэг байцаагч цаг зав гаргах боломжгүйгээ учирлаж, Баянхонгор аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 86 компани байгаагаас 16 нь одоо үйл ажиллагаагаа явуулж буй, 1383 га газар эвдэрсэн гэсэн статистик мэдээлэл өглөө. Тэнд эвдэрсэн газрын тооллого хийгээгүйг Н.Бямбадорж дарга дуулгасан юм. Тиймээс байцаагчийн өгсөн баримт баттай, эсэхэд эргэлзэв.
Харин байцаагч эмэгтэй “Уурхайнуудыг шалгахад түгээмэл илэрдэг зөрчил нь техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, түүнийг дагасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг холбогдох, шаардлагатай бичиг баримтгүй байх. Бичиг баримт нь бүрдээгүй байхад яагаад үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэхээр “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд техник, эдийн засгийн үндэслэлээ аль эрт хүргүүлсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ өгсөн.
Баталж өгөхгүй удаад байна. Ажлаа хийдэггүй хүмүүсийг хүлээхээр цаг хугацаа, зардал мөнгө урсах учраас ажиллаж эхэллээ” гэсэн тайлбар тавьдаг. Бид ямар ч бичиг баримтгүй уурхайг хэрхэн ажиллаж байгааг яаж шалгах вэ” гэж ярьсан нь анхаарал татав. Яам, тамгын газрынхан үүрэгт ажлаа хугацаанд хийдэггүйгээс уул уурхайнхан хуулийг гууль болгож, байгаль орчинд хохирол учруулах нөхцөл болж байгааг байцаагч эмэгтэй хэллээ. Ийм нөхцөлд тэд тухайн компанид шаардлага тавьж ч чаддаггүй байна.
Ц.Болорчимэг тэргүүтэй шалгалтын багийнхан “Маргааш (өнгөрсөн сарын 27-нд) Ирогийн уурхайд очно” гэж бидэнд ярьсан юм. Иргэдийн амиар дэнчин тавин байж шороо зарж буй хариуцлагагүй уурхайд очих хүсэл бидэнд байв. Гэвч өмнөх орой нь энэ уурхайн талаар илэн далангүй мэдээлэл өгсөн мөнөөх залуу “Цаг зав, шатахуун тосоо хий дэмий үрнэ. Уурхайгаасаа нэг км-ийн наана хатуу харуул хамгаалалттай, гаднын хүн ер нэвтрүүлдэггүй.
Сэтгүүлчид гэвэл бүр ч зүглүүлэхгүй” гэж зөвлөлөө. Тэрбээр “Эмч биднийг уурхайд 28-нд ирээрэй гэсэн нь учиртай байж. Шалгалтынхан өмнөх өдөр нь тэнд очих болоод тэгсэн хэрэг” гээд инээмсэглэснээ “Шалгалт ирэх гэж байгааг уурхайнхан хэдийнэ дуулчихсан бол мэргэжлийн хяналтынхан юу олж мэдэх вэ дээ. Гэнэтийн шалгалт хийсэн ч юм мэдэж чадахгүй. Аймгаас шалгалтынхан хөдөлж байгааг бараг л Засаг дарга маань цаадуулд чинь утсаар хэлчихэж байгаа биз” гэж ёжлов. Энэ аймгийнхан дарга цэрэггүй алттай ямар нэгэн байдлаар холбоотой учраас мэдээлэл тэр дороо задарч, гэрлийн хурдаар таран, компаниуд нүд хураахдаа бэлтгэж, “нинжа” нар нуувчиндаа орж, нэг нь шалгасан, нөгөө нь шалгуулсан дүр үзүүлдэг нь түүний ярианаас илэрхий байлаа.
Мэргэжлийн хяналтын газраас хөдөлсөн бид Баянхонгор аймаг дахь Баруун бүсийн худалдааны төвийг зорив. Тэнд алтны ченжүүдтэй уулзав. Худалдааны төвийн хоёр давхар, цагаан саарал барилгын баруун талд 10-аад жийп зогсож байлаа. Зураг хөрөг авахгүй, нэр ус асуухгүй гэж ам өчиг өгч байж эхнэр, нөхөр хоёрын амнаас цөөн үг унагав. Өнгөрсөн жилээс хойш “нинжа” нар алт тушаах нь эрс багассан гэнэ. 700-гаас дээш сорьцтой цэн (3.75 грамм) алтыг дээд тал 320 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа гэлээ.
Тэгэхээр лан алт 3.2 сая төгрөгийн үнэд хүрдэг байх нь. Цуглуулсан алтаа Улаанбаатарт ирж, “Урт цагаан” хавьд тушаагаад буцдаг гэж тэд ярилаа. “Хаанахын, хэнийх нь үл мэдэгдэх компаниудаар алт олборлуулж байхаар “нинжа”-гаар ухуулаад, нөхөн сэргээлт хийлгэсэн нь байгальд илүү ээлтэй” гэж өөрийнхөө бизнест ашигтай саналыг хэлэхээ ч тэд мартсангүй. “Нинжа” нараар ухуулбал тэдний авах алтны хэмжээ нэмэгдэж, бизнес нь цэцэглэх нь дамжиггүй.
Шинэхэн танилынхаа зөвлөгөөг дагасан бид Ирогийн уурхай руу биш бүгдээрээ шахам “нинжа” болсон Бөмбөгөр сум руу хүлгийн жолоо заллаа. Тус сумын Улаансайр багийн нутаг Хөх хайрханд “Унагалдай” трактороор “зэвсэг” хийсэн хууль бус алт олборлогч буюу “нинжа” нар бужигнаж байгаа сураг биднийг тийш хөтлөв.
Үргэлжлэл бий.
Бэлтгэсэн: Т.Энхбат, Ж.Сувдмаа