Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, салхи хүчтэй шуурах зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх хүн хүчээ бэлтгэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, иргэдэд сэрэмжлүүлэх нэгдсэн арга хэмжээг ОБЕГ-аас өчигдрөөс ирэх есдүгээр сарын 30 хүртэл зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад Баян-Өлгий, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Ховд, Хөвсгөл, Архангай, Төв, Сэлэнгэ, Увс, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур буух гэнэ.