Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны хоёр дахь тоглолтын хувь заяа мөн торгуулийн цохилтоор шийдэгдлээ. Данийн Йергенсен, Хорватын Манжукич нар тоглолтын эхэнд гоол оруулан тооны харьцааг 1:1 болгосон ч уг дүн үндсэн болоод нэмэлт цагт ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ багтаа хожил авчрах боломж Хорватын лидер Модричид 116 дахь минутад олдсон. Гэвч түүний цохилтыг Данийн хаалгач Шмейхель хааснаар ялагч багийг тоглолтын дараах торгуулийн цохилтоор тодруулсан. Хоёр багийн хаалгач цохилтыг тун сайн хаасан ч Хорватын аз шовойж Ракитич хожлын гоолыг оруулав. Ингэснээр хорватчууд шөвгийн наймын шатанд ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-тай учраа таарна.