Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 оронд л нутагладаг цоохор ирвэс одоо дэлхийд 4500-7000 орчим бий гэх. Мянгатаар хэмжвэл 4-7 айлын хоттой хонийг нийлүүлсэнтэй дүйх тооны ирвэс л манай гарагт амьдарч байна гэсэн үг. Тиймээс эл амьтныг дэлхий нийт нэн ховор гэж хүлээн зөвшөөрч, 2008 онд “Улаан ном”-д оруулсан юм. Монгол цоохор ирвэст ээлтэй орон. Тоо толгой, тархац нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт буюу өмнөд хөршийн дараа ордог. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар манай улсад өдгөө 800-1000 ирвэс бий. Үүний зонхилох буюу 500-700 нь амьдардаг Алтай Саяны бүсэд ажилладаг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн ирвэс судлаач, доктор О.Мөнхтогтохтой ярилцлаа. Ховдод амьдардаг, “уулын эзэн” шиг үзэгдэх нь ховор хүн” гэж мэргэжил нэгтнүүд нь тодотгосон эл эрхмийг төслийн ажлаар Улаанбаатарт ирсэн үед нь “барьж авч”, цөөн хором хөөрөлдсөн юм.
-Ирвэс хамгаалах чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхны гол анхаарал тавьж, хамгаалж буй амьтан бол цоохор ирвэс. Энэ амьтан Хималайн нуруунаас эхлээд Азийн өндөрлөг уулсад л бий. Өндөрлөг уулс нь бидний ундаалдаг усны гол эх үүсвэр, үүтгэл болдог. Цоохор ирвэсийг хамгаална гэдэг энэ уул, ус, экосистемийг давхар хамгаалж буй хэрэг. Тиймээс ирвэс хамгаалал Монгол төдийгүй дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд идэвхжиж байна.
Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий гээд баруун бүсийн аймагт бид гол үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар ирвэс нутагладаг томоохон найман уулс сонгож, тэнд ажиглалт, судалгаа хийж байгаа. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд дахин зургаан ууланд судалгаа, хамгааллын ажил эхлүүлэхээр төлөвлөөд буй.
-Амьдрах орчны онцлог, зан төрх зэргээс хамаараад ирвэс судлахад бэрхшээл их болов уу?
-Тийм шүү. Ирвэс нууцлаг, хүмүүст тэр болгон харагддаггүй амьтан. Харин техник, технологийн хөгжлийн ачаар түүний нууцлаг амьдралыг нээх, судлахад томоохон дэвшил гарсан.
Хүмүүс биднээс “Энэ бүс, ууланд хэчнээн ирвэс байна вэ” гэж байнга асуудаг. Гол шалгаадаг, сонирхдог зүйл нь энэ. Ирвэсийн тоо толгойг тогтоох, бодитоор үнэлэх амаргүй. Аргаль, янгир шиг тоолж, бүртгэх боломжгүй. Бие дээрх толбо, хэмжээ, хэлбэр зэргээрээ бодгаль тус бүр өөр учраас тэр бүхнийг нь нарийн ажиглаж, ялгаж тоо толгойг нь тогтоодог. Ингэж ажиглаж, судлахад автомат камер гол үүрэгтэй.
Камерт өртсөн ирвэсүүдийнхээ зургийг харьцуулах байдлаар хэчнээн тоо толгой байгааг үнэлдэг. Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд бид камер байршуулаад, ирвэсний 1800 гаруй зураг авсан. Тэдгээр зургаа нягталтал тухайн уул ердөө 27-хон ирвэстэй болж таарсан. Бумбат хайрхан, Баатар хайрханд мөн ирвэсний өчнөөн олон зураг аваад, харьцуулж тоолоход нэгэнд нь 13, нөгөөд нь 34 толгой байгаа нь тогтоогдлоо. Энэ мэтчилэн хүндрэл бэрхшээл бий.
Тоо толгойн судалгаа ямар хэрэгтэй юм бэ гэж хүмүүс бодож байж магадгүй. Чухал ач холбогдолтой. Тухайн бодгаль өсөж байна уу, эсвэл цөөрч, ховордсон уу гэдгийг бодитоор үнэлж байж, зохистой хамгаална шүү дээ.
-Автомат камерын тусламжтайгаар “цоохор дээлт”-ийн тоо толгойг тогтоохоос гадна зан төрхийнх нь онцлог тод харагддаг байх. Хүнтэй зүйрлэвэл ирвэс ямар темпераменттэй вэ?
-Их сонин зүйлс ажиглагдана шүү. Ирвэсний 60 хувь нь ихэрлэдэг гэдэг нь ажиглалт, судалгаагаар тодорхой болсон. Мөн 15 хувь нь гурван ихэр гүем төрүүлдэг байна. Ховд аймгийн Баатар хайрхан ууланд 2016 онд ирвэс дөрвөн ихэр гүем төрүүлсэн нь дэлхийд анхны тохиолдол байлаа. Энэ ховор тохиолдлыг бид автомат камерын тусламжтайгаар л үзэж, ил болгосон. Шинжлэх ухааны нотолгоотойгоор баталсан.
Ирвэс зан төрхийн хувьд тайван, амгалан. Чоно, үнэг ч юм уу, бусад амьтан шиг хүн харангуутаа зугтдаггүй. Тоосон шинжгүй өмнөөс хараад л байдаг. Ирвэс хүн рүү дайрсан тохиолдол байдаггүй юм билээ.
-“Уулын эзэн”-д хүзүүвч зүүж тандах тохиолдол бас олширчээ.
-Хаагуур нутаглаж, амьдарч байна вэ гэдэг байршил, шилжилт хөдөлгөөнийг нь сансрын дохиололтой хүзүүвчээр хянадаг юм. Ирвэс тодорхой газар нутгийг эзэмшээд, тэндээ байнга амьдардаг онцлогтой. Нэг ирвэс хэчнээн км газар эзэмшдэгийг тогтоох сонирхолтой судалгааг сансрын дохиолол бүхий хүзүүвч ашиглан одоо хийж байна. Бид оросуудтай хамтраад Увс аймгийн Цагаан шувуут ууланд ирвэс барьж, хүзүүвчилсэн. Судалгааны баатар маань Орос, Монголын нутаг сэлгэн амьдардаг нь илэрсэн. Өөрөөр хэлбэл, тухайн бодгалийг хоёр улсын хил дамнаж нутагладгийг нь энэ судалгаагаар тогтоосон юм. Үүнээс үндэслээд Цагаан шувуутын ирвэс хамгаалахад аль аль улс нь анхааарч, хамтрах шаардлагатай болж буй юм.
-Цоохор ирвэсийн тоо толгой хэвийн өсөхөд тээг болдог гол хүчин зүйл юу вэ?
-Ирвэс идэш тэжээлгүй болохоороо айлын мал руу дайрдаг гэмтэй. Энэ үйлдэл нь малчдад тааламжтай байхгүй нь ойлгомжтой. Ингээд малчин ирвэс хоёрын хооронд зөрчил үүсэх нь элбэг. Зарим нь ирвэсийг шууд буудаад алчихаж зүрхлэхгүй, хавх тавьдаг зөрчил олон. Камерт ч бичигдсэн байдаг.
Хулгайн ан ид задгайрсан 1990-ээд онтой харьцуулахад ирвэсийг хууль бусаар агнах зөрчил эрс багассан. Иргэдийн амьдрал, амьжиргаа өөр болсонтой холбоотой байх.
-Малчин, ирвэс хоёрын дунд үүсдэг идэш тэжээлээс үүдэлтэй зөрчилд бэлчээр нутгийн давхцал ч бас нөлөөлдөг байх, тийм үү?
-Малчид өвөл уул, хад бараадаж, нөмөрлөж буудаг. Харин ирвэс өндөрлөг, хад асга ихтэй газарт нутагладаг онцлогтой. Нутагладаг газарт нь айлууд тулаад буучихаар идэш тэжээл ховор цагт мал руу нь дайралгүй яах вэ. Бэлчээрээс нь ч, хотноос нь ч “шүүрчихнэ”.
-Монголчууд ирвэс хар мөртэй гэж ярьдаг энэ үнэн болов уу. Эсвэл байгаль хамгаалах уламжлалт арга ухааны нэг хэлбэр үү?
-Энэ амьтныг агнавал хүний аминд цөвтэй гэж итгэдэг, цээрлэдэг. Уламжлалт гэж хэлж болохоор их сайхан үзэл, хандлага шиг санагддаг. Хүмүүстэй уулзаж, үг дуулах нь ээ, энэ үг үнэний ортойг батлах маш олон баримт байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ уламжлалаа бид хүмүүст түгээхийг зорьдог. Үүнтэй холбоотойгоор “Уулын эзэн” гэдэг кино хүртэл хийсэн.
Цуглуулсан мэдээллээсээ жишээ болгож, хуваалцъя. 1990-ээд оны үед Ховд аймгийн Манхан сумын нэгэн малчин нэлээд тооны ирвэс агнажээ. Тэгсэн тэр малчны хүү нь хүн буудаад, шоронд суучихаж. Давхар биетэй байсан охин нь хүүхдээ төрүүлж чадалгүй нас барсан байх жишээтэй. Баянхонгорын Богдод ирвэс агнасан хүн гэр, хоттой хонь нь тэр чигтээ шатсан гэдэг. Саяхан Ховдын Зэрэг сумын нэг малчинтай уулзахад аав нь ирвэс агнасан газраа мориноосоо унаж нас барсан тухай ярьсан. Энэ мэт жишээ баримтаас харахад энэ яриа хий хоосон зүйл биш бололтой. Зарим нутагт нэрийг нь хэлэхээс ч цээрлэж, цагаан өвгөн, ийжгэн гэдэг. “Ирвэс агнаж болохгүй” гэж үр хүүхдэдээ захидаг. Эрүүгийн хууль ярих бус, ирвэс хар мөртэй гэдгийг л сануулах болж, малчид.
-Өнгөрсөн өвөл, хавар их хүнд боллоо. Зэрлэг амьтан олноор харангадаж үхсэн. Ирвэс энэ аюулд хэр өртөв?
-Айлын мал руу дайрсан тохиолдол олон байна. Гэхдээ чононоос их ялгаатай. Чоно нэг дор хэдэн арван мал барьдаг. Харин ирвэс тэгдэггүй. Ирвэс олонтой газар нутагладаг малчнаас “Та яагаад энэ эрсдэлтэй уул руу зүтгээд байдаг юм бэ. Өөр газар өвөлжиж болдоггүй юм уу” гэхэд “Ихдээ 10-аадыг ирвэст өгөхөд яав гэж. Энэ дулаахан сайхан газар өвөлжчихөөр хавар нь 200, 300 төл авна шүү дээ” хэмээн хариулж байв.
Судлаачид өдгөө ажиглалт, судалгаа хийж буй, ирвэсийн нутаг бүхий томоохон уул, нуруу
• Жаргалант хайрхан
• Бумбат хайрхан
• Баатар хайрхан
• Мөнх хайрхан
• Алтан Хөхий
• Цамбагарав
• Хөх сэрхийн нуруу
• Сийлхэмийн нуруу
• Цагаан шувуут уул
• Хархираа, Түргэний голын сав
• Сайр хайрхан
• Хатуугийн нуруу
• Дарвийн нуруу
• Хасагт хайрхан