Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан ирэх сарын 5, 6-нд Үндэсний их баяр наадам, сумынхаа 81 жилийн ойг тэмдэглэхээр товоо зарласан байснаа болиулжээ. Учир нь тус сумын ард иргэд баяр наадам зохион байгуулах мөнгөө нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулсан нь дээр гэдэг санал гаргасан тул өчигдөр ЗДТГ, Засаг даргын дэргэдэх зөвлөл нь хуралдаад ийн шийдсэн аж.
Сүхбаатар сум бол Сэлэнгэ аймгийн төв учраас аймгийнхаа наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тиймээс давхар давхар зардал гаргахаас татгалзсан орон нутгийнхны шийдвэрт талархмаар.
Монголд найр наадам, баяр цэнгэл ер багадаагүй. Аймгуудын наадам гэж нэлээд хөл хөөртэй, зардал мөнгө ч багагүй “цөлмөдөг” арга хэмжээ жил бүр болдог. Гэтэл үүний хажуугаар аймгийн төвүүд тусдаа сумын наадам хийгээд, морь уралдуулж, бөх барилдуулан, бас болоогүй сумын цол хүртэл олгодог “уламжлал” бий. Тэгвэл одооноос энэхүү гаж жишгийг халах санаачилга орон нутгийн иргэдээс өөрсдөөс нь гарч эхэлсэн нь яах аргагүй сайн хэрэг.