“Мал аж ахуй технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурал өчигдөр боллоо. Дэлхийн зах зээлд хонины мах нэг кг нь 20 орчим ам.доллар байхад манайд 1.5 “ногоон” ч хүрдэггүй, экспортын шаардлага хангадаггүй зэрэг нь малын эрүүл мэндтэй шууд холбоотой.
Тэгвэл малыг эрүүлжүүлэх, эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан, экспортын махны эрүүл бүс байгуулах, нүүдлийн мал аж ахуйг хэрхэн өндөр ашигтай фермерийн хэлбэрт оруулан хөгжүүлэх, бэлчээрийн даацад тохирсон цөөн тоотой өндөр өгөөж бүхий сүргийг өсгөн үржүүлэх, малын бэлчээрт технологийн дэвшлийг ашиглах талаар дээрх хурлын оролцогчид зөвлөлдөв.
Тухайлбал, Хятадын “Huawei” компани өндөр технологид суурилсан, Хонины хяналтын ухаалаг системийг танилцууллаа. Энэ нь зүүсэн ээмэгнийх нь тусламжтайгаар тухайн хонины үржлийн үеэс эхлэн төллөх, төлийн бойжилт зэргийг хянаж болох гэнэ. Мөн адгуулах явцдаа малынхаа жин, биеийнх нь дулаан, өвчилсөн, эсэхийг ч мэдэх боломжтой. Малчид компьютер болон гар утасныхаа тусламжтайгаар бэлчээр, усны нөөцөө ч хянаж болох цогц платформыг нэвтрүүлжээ. Түүнчлэн БНХАУ-ын “Aotoso” компани “NB-IoT” технологид суурилсан Үхрийн аж ахуйн системийг танилцуулав.
Үүний тусламжтайгаар мөн л мах болон сүүний чиглэлийн үхрийг хүзүүвчин дэх чипээр нь дамжуулан үржлийн үеэс нь эхлэн хянадаг гэнэ. Улмаар сүргийнхээ дата өгөгдөл дээр тулгуурлан өдрийн аль цагт саах, хэдэн насанд нь нядлах зэргийг ч шийдэх боломжтой аж. Энэ технологи нь санхүүгийн программынхаа тусламжтай малаас гарах ашиг шим, түүнээс олох орлогыг ч тооцох боломж бүрдүүлжээ. Дээрх технологиудыг манайд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна.
Ингэснээр малаас авах ашиг шимийг 50, бэлчээрийн даацыг 30 орчим хувиар нэмэгдүүлэх тооцоо бий гэв. 100 гаруй жилийн түүхтэй АНУ-ын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, мал төхөөрөх үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Жарвис-Монгол” компанийн менежер Э.Ууганбаяр “Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, энэ чиглэлийн бизнесийг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, бусад хөрөнгө оруулагчийн дэмжлэгтэйгээр малын эрүүл бүс бий болгохыг зорьж байна.
Одоогоор Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ аймагт малын эрүүл бүс байгуулах төлөвлөгөөтэй. Энэ бүс нутагт тэжээлийн ургамал тариалах, түүгээр бордсон өндөр ашиг, шимтэй малыг өсгөн үржүүлэх, мал эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь шийдэх юм. Ингэснээр малын гаралтай эрүүл, баталгаат бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ” гэлээ.
ХХААХҮЯ-ны оролцоотойгоор “Жарвис Монгол”, “Аригү Гроү”, “Huawei” компани хамтран зохион байгуулсан тус хурал цаашид малын тэжээл, мал аж ахуйн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар үргэлжлэх ба туршлага судлах хүсэлтэй малчдыг АНУ, урд хөршийн фермерүүдтэй холбож өгөх гэнэ.