Египетийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтоо хөрш орон Саудын Арабын эсрэг хийсэн. Саудууд тоглолтын турш илүүрхсэн ч гоолын боломжуудаа ашиглаж чадахгүй байлаа. Тухайбал, торгуулийн цохилтоо хүртэл гоол болгож чадаагүй. Уг цохилтыг хааснаараа 45 настай Египетийн хаалгач Эссам Эль-Хадари дэлхийд алдаршлаа. Учир нь тэрбээр тус тоглолтод оролцсоноор Колумбын Фарид Мондрагоны 43 насандаа тогтоосон дээд амжилтыг эвдсэн. Мондрагон ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогчийн алдрыг зүүж байв. Хэдий Эль-Хадари рекорд тогтоож, пенальт хаан мандсан ч гэлээ багаа хожигдлоос аварч чадсангүй. Саудууд Арабын ертөнцийн өрсөлдөөнд ялах туйлын их хүсэлтэй байсан тул тоглолтын сүүлчийн минут хүртэл зүтгэсээр 95 дахь минутад гоол оруулснаар 2:1-ээр хожив. Энэ улиралд одтой тоглосон Мохамед Салах багаа аварч болох байлаа. Тэрбээр 22 дахь минутад оруулсан гоол дубль болгох боломжтой байсан ч түүнийгээ ашиглаж чадсангүй. Салах ДАШТ-д хоёр гоол оруулсан ч Египет нэг ч оноо авалгүй гэртээ буцаж байна.