Хөлбөмбөгийн дэлхийн аваргын B хэсгийн гал гарсан тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 45 дахь минутад Португалын шигшээ багийн 20 дугаартай Рикардо Куарэсма эхний гоолыг хийснээр тоглолтын харьцааг 1:0 болгосон бол шүүгчийн мэдлийн цагт Ираны багийн 10 дугаарын тоглогч Карим Ансарифард торгуулийн цохилтоор Португалын багийн хаалганд бөмбөг хийснээр 1:1-ийн харьцаатай болсон юм. Харин нөгөө талд Мароккогийн шигшээ Испанийн хаалганд 2 гоол хийж, тоглолтын харьцаа 2:1 байсан учир Ираны багт хэсэгтээ тунаж үлдэх боломж байсан юм. Гэтэл Испани дахин нэг гоол хийж тоглолтын харьцааг тэнцүүлснээр 5 оноотой болж, хэсгээсээ нэгээр гарч ирэх боломжоо бүрдүүллээ. Тэд шөвгийн 16-д ОХУ-ын багтай тоглох бол Ирантай тэнцсэн Португалын баг Уругвайтай учраа таарлаа.
Харамсалтай нь эцсээ хүртэл тэмцсэн Ираны баг 4 оноотойгоор энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлөж байна. Энэ талаар Алиреза Джаханбахш "Бид хэсгээсээ гарах боломжийг бий болгосон боловч харамсалтай нь гоол оруулж чадсангүй. Хэрвээ гоол хийж чадсан бол хожих байлаа. Хүн бүрийн харж байгаачлан бид ялахын төлөө бүх хүч чадлаа дайчилсан, мөн хичээсэн. Гэхдээ л боломжийг алдлаа" хэмээлээ.