Өвөрхангай аймгийн найман гайхамшгийн нэг Улаан цутгалангийн хүрхрээ “амь тасарсан” тухай таагүй мэдээллээр бид энэ зунтай золгосон. Орхоны хөндийн үзэсгэлэнт хүрхрээ тасарсан шалтгааныг зарим нь байгаль, цаг уурын өөрчлөлт, ган гачигтай холбон тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь уул уурхайнхныг буруутгаж байв.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга хэд хоногийн өмнө “Уул уурхайгаас болж, Улаан цутгалан тасарлаа гэж олон нийтийн сүлжээнд хүмүүс ярьж, бичиж байна. Манай суманд уул уурхай байхгүй, ямар ч холбоогүй. Хүрхрээ тасарсан нь байгалийн хүчин зүйлээс хамааралтай. Тавдугаар сарын 20-д гараад, бороо хур элбэгшэхээр хэвийн болно” гэсэн тайлбар цахим хуудсаараа дамжуулан өгч байв.
Тэгвэл Өвөрхангай, Архангай аймагт өнгөрсөн баасан, бямба гараг дамнан усархаг, ширүүн бороо орсны нөлөөгөөр Улаан цутгалан сэргэжээ. “Энэ удаагийнх шиг устай бороо ойр ойрхон давтамжтай 2-3 удаа ороход хүрхрээний урсгал эрс нэмэгдэнэ” гэж Улаан цутгалан сэргэхийг дүрс бичлэгт буулгасан нутгийн иргэд ярьж байна.
Дашрамд дурдахад, эл борооны улмаас Хархорин, Цэцэрлэг чиглэлийн авто замын 15, 16, 17, 19 дэх км-ийн зорчих хэсэг үерийн усанд автсан учир тухайн хэсгээр болгоомжтой явахыг “Хархорин АЗЗА” ТӨХК-ийнхан анхааруулав.