Мөстлөгийн үеийг давсан хэдхэн төрлийн амьтны нэг нь бөхөн. Халдварт өвчин дэгдсэн 2015 онд Казахстаны бөхөнгийн тоо толгой 90 хувиар хорогджээ. Үүнээс өмнө 1990-ээд онд хууль бус анчдын уршгаар эл туурайтан мөхлийн ирмэгт тулж байв. Өдгөө энэ амьтны тоо толгой эрс цөөрөхөд агаарын температурын эрс өөрчлөлт, дэд бүтцийн төслүүд нөлөөлөх болсон тухай ВВС мэдээллээ.
Арслан заан болон сэлмэн шүдэт барсын үеэс тэсэж, өнөө цагтай золгосон бөхөн Сибириэс Атлантын далайн эрэг хүртэлх Евразийн эх газрын өргөн уудам нутагт тархан бэлчдэг байжээ. Харин өдгөө идээшин дассан газар нутаг нь хумигдсаар Казахстаны тал нутгаар хязгаарлагдаж, устах аюул нүүрлэсэн гэнэ.
Тус улсын эрх баригчид, төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэд эртний амьтны энэ төрлийг аврахыг оролдож байна. Казахстаны биологийн олон төрөл зүйлийг хамгаалах холбоо жил бүр бөхөнгийн янзагыг ажиглах эрдэм шинжилгээний анги гаргадаг. Энэ жил малын эмч, эмгэг бүтэц судлал, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах мэргэжилтэн зэрэг хэд хэдэн улсын судлаачдаас бүрдсэн баг ажиллаж буй аж.
БӨХӨНГИЙН ЭРЭЛД
Бөхөн төллөж байгаа газрыг эрж олох нь амаргүй. Үр төлөө үлдээхийн тулд тал нутгийнхаа хамгийн алс бөглүү, хүнгүй хэсгийг сонгодог. Ингэдэг нь ч учиртай. 1990-ээд оны эхээр бөхөнгийн тоо толгой нэг саяар тоологдож байжээ. Гэвч хуучин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа ан ав замбараагүй хийдэг болсны уршгаар бөх амьтай гэгдэх энэ амьтны тоо 10 жилийн хугацаанд 95 хувиар цөөрчээ.
Олон улсын байгаль хамгаалах холбоо 2002 онд бөхөнг Улаан номын мөхлийн ирмэгт тулсан ангилалд бүртгэсэн байна. Эрлийн зам олон сая жилийн өмнө далай долгилж байсан, Казахстаны зах хязгааргүй тал нутгаар дайран өнгөрөв. Талыг тэгш хавтгай бөгөөд уйтгартай мэт боддог хүмүүс түүгээр огт явж үзээгүйнх байх.
Нэгдүгээрт, тал нь дов сондуул, гуу жалгатай учир шуургатай үед нуур, далайгаар далбаат завиар хөвөхтэй адил. Хоёрдугаарт, суурин газраас холдох тусам тал “амилна”. Алаг даахай бараг л дугуй дороос үсэрч, зурам нүхнээсээ харайж, бүргэд тэнгэртээ халин ниснэ. Нууранд хун шувууд хөвж, ангир шунгаж, болжмор өндөр өвсөн дунд шурган нуугдана. Тал нутгийн эзэд зогсоо зайгүй жиргэн исгэрнэ.
“Цааш яваад хэрэггүй” гэж шинжилгээний ангийн зохилцуулагч, Германы Франкфуртын амьтан судлалын нийгэмлэгийн байгаль орчны хамгаалах асуудал хариуцсан зөвлөх Штеффен Цутер алсыг дурандангаа хэлэв. Бороо цайран орж, талын шавар гадаргуу гулгамтгай болжээ.
ЯНЗАГАНУУД
Майхнаа хатгах хооронд ширүүн бороо бөмбөрдөж байх тэр үед бөхөнгийн бараа үзэгдлээ. Дараагийн өдөр судлаачид бөхөн төллөсөн байж болох газрыг эрэв. “Хамар дор байж” хэмээн Ш.Цутер өвсөн дунд нуугдсан эмэгчин бөхөнг хараад хэлжээ.
Янзагыг нь барьж, жин, өндрийг хэмжихийн сацуу халдварт өвчтэй, эсэхийг шалгахаар цусны сорьц авсан байна. Эргээд отог руугаа явахад нар тэнгэрийн хаяа руу шингэж, улаан туяа нь түнэр харанхуй тэнгэртэй сүлэлдэж, үгээр дүрслэн хэлэхийн аргагүй өнгөний нийлэмж үүсгэв.
АВРАХЫН ТУЛД СУДАЛДАГ
Бөхөнгийн янзагатай танилцсаны маргааш талд үхсэн олдсон төлд задлан шинжилгээ хийхийг хараад шинжилгээний ангийн зарим гишүүн бага зэргийн цочирдолд оров. Шалтгааныг тогтоохын тулд ингэхээс өөр аргагүй. Зөвхөн 2015 онд Казахстаны төвийн нутагт гоц халдварт өвчний улмаас бөхөнгийн сүргийн тоо толгой бараг 90 хувиар буюу 200 мянга орчмоор хорогджээ. Их Британийн нийслэл Лондон хот дахь Хатан хааны мал эмнэлгийн коллежийн эмгэг бүтэц судлалын доктор Хенни Мартинэгийн сонирхлыг амьтны найлзуурхай ихээхэн татаж байв.
“2015 онд бөхөн олноороо хорогдоход хүргэсэн бактери найлзуурхайд байсан гэж бид үзэж байгаа” хэмээн тэрбээр задлан хийх амьтныхаа арьсыг зүсэнгээ ярив. Цаг уурын хэт үзэгдэл буюу аагим халуун хийгээд агаарын чийгшил халдварт өвчин дэгдээж, амьтад олноороо хорогдоход хүргэснийг судлаачид урьд нь тогтоосон.
Эрүүл амьтны биед байсан бактери идэвхжиж олноороо үрэгдэхэд хүргэснийг ойлгохын тулд Х.Мартинэ Хатан хааны мал эмнэлгийн коллеж, Оксфордын их сургууль, Казахстаны Биологийн аюулгүй байдлын хүрээлэн болон бусад байгууллагын эрдэмтдийн хамт эрүүл амьтныг судалж байна.
“Эл амьтан турж үхжээ. Халдварт өвчний ямар ч ул мөр илэрсэнгүй” гэж задлан шинжилгээний дараа Х.Мартинэ мэдэгдэв.
БӨХӨНГ ХҮНЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
“Одоо хамгийн гол нь бөхөнгийн тоо толгойг өсгөх хэрэгтэй. Агаарын температур, эсвэл чийгийн өөрчлөлтийг яах ч аргагүй. Тоо толгой нь өсөхгүй бол дараагийн удаа олноор хорогдоход энэ амьтан устаж болзошгүй” хэмээн Ш.Цутер үзэж байна.
Олон болгохын тулд юуны түрүүнд хууль бус анчидтай тууштай тэмцэх хэрэгтэй. “Хар захад өндөр үнэ хүрдэг бөхөнгийн эврийн төлөө хүмүүс юу ч хийхэд бэлэн” гэж “Охотзоопром” группийн ахлах байцаагч Петр Ницин тодрууллаа. Түүний баг бөхөн төллөсөн газартай залгаа нутагт эргүүл хийж буй. Хөөцөлдөөн эхлэх үед хууль бус анчид олширдог гэнэ.
“Үнэхээр сайн бэлтгэсэн тэдэнтэй тэмцэх амаргүй. Тэд сайн унаатай. Импортын мотоцикл, нэмж тоноглосон жийптэй. Тэдгээр нь түлш сайн хуваарилдаг учир тал нутгаар 100-200 км зам туулан хөөцөлдөхөд хүрдэг” хэмээн П.Ницин ярилаа.
Ийм үед нөөц төлөвлөгөөндөө шилжиж, бусад багтай хамтран ажилладаг. Хууль зөрчигчдийг тэр бүр барьж чаддаггүй ч айлгаснаараа тэдэнд таагүй үр дагаврын сэрэмжлүүлэг өгдөг хэмээн тэрбээр тайлбарлав.
НАЙДВАР
Шинэ газарт янзагатай бараг таарсангүй. Гэхдээ хөндийгөөр нэг жижиг толбо шиг юм байсан нь бөхөн аж. “Миний тооцоолсноор тэнд 9000 орчим толгой байх шиг. Ингэж тааралдана гэж бодоогүй ч сүргийн тоо толгой цөөн байсан” гэж судлаач тодрууллаа.
Энэ онд бөхөн сайн төллөж, халдварт өвчний улмаас хорогдсон тохиолдол бүртгэгдсэнгүй. Дараагийн тооллогоор тоо нь өссөн байх ба энэ нь бөхөнг устахын ирмэгт тулсан амьтны жагсаалтаас хасахад хүргэнэ хэмээн найдаж буйгаа судлаачид мэдэгджээ.