Нийслэлийнхний зуны амралт эхэлж байна. Долдугаар сард найр наадам хэсдэг бол наймдугаар сард амралт, рашаан, сувилалд амраад таардаг. Тэгвэл амрангаа биеэ сувилуулах гэж байгаа хүмүүсийн сонголтод нэмэр болох зорилгоор иргэдийн хамгийн их сонгон үйлчлүүлэх дуртай газруудын дэлгэрэнгүй мэдээллийг сонирхуулъя.
- ӨВӨР ЖАНЧИВЛАН
Төв аймгийн нутаг Улаанбаатараас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд “Өвөр Жанчивлан” рашаан сувилал гэж бий.
“Өвөр Жанчивлан” рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс , эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой юм.
Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж.
Рашаан сувиллын газар 1955 онд байгуулагдсан. Эндхийн рашаан ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан байдаг. тус сувилал нь гурван давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, нэг ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авдаг.
Долоо хоногийн даваа, мягмар гарагт ээлж сольдог.
Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа аваад сувилалд очоод төлбөрөө төлөх боломжтой.
Үнийн хувьд: Өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж.
Хаяг: Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр, засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд бий.
- ӨӨШ МАНХАН - ЭЛСЭН СУВИЛАЛ
Өөш манхан сувилал нь бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97 хувьтай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой.
Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирж үйлчлүүлдэг болжээ.
Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй.
Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.
Үнийн хувьд: 0- 2 насны хүүхэд төлбөргүй, 3-6 насны хүүхэд 50 хувийн хямдралтай
7-11 насны хүүхэд 30 хувийн хямдралтай. Харин том хүний сувиллын нэг өдрийн ор хоногийн төлбөр 48 мянган төгрөг төлнө. Мөн НДШ, ЭМД төлдөг болон тэтгэврийн насны хүмүүс хоногийн 7800 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
Хаяг: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог.
- ХАСУ ШИВЭРТ РАШААН СУВИЛАЛ
Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг тус рашаан нь байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаанаараа алдартайгаас гадна “Нохой унадаг” хэмээх халуун шавраараа мөн алдаршжээ. Тус шавар нь мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад архах өвчин эмгэгүүдийг сувилж эмчлэхээс гадна усан бассейн, фитнесс, билльярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо, сайхан, иллэг зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг байна.
Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP өрөө, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай гэнэ. Уг цогцолбор нь тохилог, тав тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн гурван зэрэглэлийн өрөөг үйлчлүүлэгчиддээ санал болгодог байна.
Багц үнэнд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.
Хаяг: Архангай аймгийн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, харин Улаанбаатар хотоос нийт 465 км-т Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор юм.
- ЭРХЭС СУВИЛАЛ
АШУҮИС-ийн Эрхэс сувилалд уламжлалт эмчилгээний мэргэжлийн эмч нараар яг өөрөөр нь гардан татлага , бумба, зүү,шарлага, төөнүүр зэрэг 7-8 төрлийн эмчилгээ хийдэг. Мөн бариа заслын эмч нар бүтэн болон хэсэгчилсэн тосон ба сүүн бариа хийдэг. Мөн тэнд сувилуулснаар эрүүл мэндийн олон талын мэдлэгтэй болж ,бямба гариг бүрд уламжлалт хоргүй аргаар цөс гэдсээ цэвэрлүүлэн ,өдрийн гурван удаагийн эмчилгээний хоол болон жинхэнэ монгол аргаар бүрсэн шинэ сүү таргаар үйлчлүүлэх боломжтой.
Энэхүү сувилалд хандсанаар хүүхэдтэйгээ хамт хамгийн хямд зардлаар хамтдаа амрах боломжтой. Мөн уламжлалт эмчилгээ, зүү төөнүүр засал, сэргээн засахын мэргэжлийн эмч нараар өдөр бүр 3-4 төрлийн сэргээн засах эмчилгээ, 2-3 төрлийн уламжлалт, шаардлагатай бүх төрлийн бариа засал зэрэг 7-8 төрлийн эмчилгээг нэг дор өдөр бүр тасралтгүй хийлгэх боломжтой. Харин гэдэс, цөс, ходоодыг нэгэн зэрэг угаах эмчилгээг шаардлагатай бүхнд ЭХО-д харж тодруулан бямба гариг бүрт хийдэг байна.
Үнэ: Эрүүл мэндийн даатгалтай иргэнд 2 хүний өрөөнд нэг хүн өдрийн 40.000 төгрөг, 3-4 хүний өрөөнд 30.000 төгрөг төлөх ёстой гэнэ. Харин хүүхдийн хувьд 0-2 нас хүүхэд 5000, 2-4 насныхан 10 мянган төгрөгийн үнэтэй.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн Сэлхийн аманд байрладаг (Дамбын элсээс 3 км яваад хүрнэ).
- ГАЛТЫН ХАЛУУН РАШААН
1961 онд Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан.
Рашааны найрлага: Сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3 эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм. ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг тогтоожээ.
Сульфидийн усыг хэсэгчилсэн газарт хэрэглэснээр салст бүрхэвчийн гиперемийг үүсгэж, гялангийн эпителийн (функция мерцательного эпителия) ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ урвал нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг.
Рашаан усанд фтор өөр элементүүдтэй комплекс нэгдэл үүсгэн оршдог бөгөөд түүний илүүдэл ба дутагдал ялангуяа шүдэнд илэрдэг өөрчлөлтийг үзүүлнэ. Галтын рашаанд 9.4 мг/дм3 фторид ион агуулагдаж байгаа нь өндөр үзүүлэлт бөгөөд халуун рашааныг дотуур хэрэглэдэггүй.
Рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин рН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир Галтын рашаан (рН=8.8) арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Галтын рашааны цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд нь хортой нэгдлүүдийг устгах чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиурт нэгдлээр баялаг рашаан усыг дотуур хэрэглэх үед гэдэсний эсэлт багасдаг.
Байгалийн шавар эмчилгээ: Эмчилгээний зориулалтын ус, эрдэс шим бодис агуулсан нарийн ширхэгтэй, уян, налархай, наалдамхай шинжтэй, анагаах чанартай, байгалийн шаврыг рашаанаар найруулж, буцалган тодорхой температур хүртэл халааж тавина. Шавар тавих талбай, шаврын хэмжээ, температур нь шавар эмчилгээ хийх үндсэн зарчмын дагуу хийгддэг. Эмчилгээний чанарын шаардлага хангасан Эрхэл нуурын шаврыг зөөж ашигладаг.
Үнэ: Жуулчин - 38 ам доллар (3 хоолтой), хөтөч ба жолооч - 38500 төгрөг (3 хоолтой), эмчилгээ сувилгаа хийлгэх амрагчид хоногийн 39.500 – 51.500 төгрөг төлнө.
Хаяг: Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт, Мөрөн хотоос урагш 165 км зайд оршино.