Хөлбөмбөгт шинэ од болон мэндэлсэн Мохамед Салахын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах мөрөөдөл талаар болсон. Учир нь Египетийн шигшээ эхний хоёр тоглолтоос нэг ч оноо аваагүй тул хэсгээсээ шалгарах 100 хувийн боломжгүй болсон билээ. Гэтэл тус улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-д бэлтгэх нөхцөлөөр шигшээ багаа тун тааруу хангасан нь өнөөдөр ил болж байна. Салах Египетийн төдийгүй бүх Араб ертөнцийн баатар болсон тул түүнтэй уулзах гэсэн, тоглолтыг нь харах гэсэн түмэн улс шигшээгийн бэлтгэл дээр өдөр бүр цуглаж байжээ. Тэдний дотор шоу, бизнес, улстөрийн нөлөө бүхий эрхмүүд байсан бөгөөд бүгд л Салахтай танилцах гэж зүтгэж байв. Бүр ийм үйл ажиллагааг хөлбөмбөгийн холбоо нь зохион байгуулж байсныг Египетийн сэтгүүлчид онцоллоо. Үүнээс болж багийн бэлтгэлээ базаах журам алдагдсан тул Салах хөлбөмбөгийн холбоонд дургүйцлээ илээр илэрхийлсэн байна. Шаардлагыг нь авч хэлэлцээгүй тул тэрбээр бэлтгэлдээ гаралгүй өрөөнд бүгж үлдэх явдал ч гарчээ. Тиймээс Египетийн шигшээ дутуу бэлтгэлтэйгээр ДАШТ-д ирж дээрх муу амжилтыг үзүүлэв. Өмнөх хоёр тоглолтдоо тэд бөмбөгийг зөвхөн Салахад өгөх барилаар тоглосоор ялагдалд хүрсэн.