- Буга биш, бид буруутай -
Өмхөрч, царай алдсан хувхай хожуулууд, ургаа юм шиг харагдавч зовиурт өвчнөө нуун муухан мушилзах хүнтэй адил өнгөгүй, хэзээ мөдгүй унах нь уу гэмээр модод руу заагаад судлаач залуу “Ийм л болчихоод байгаа юм” хэмээн толгой сэгсрэн, халаглав. “Манайхан ойгоо хамгаалахын тулд чадлынхаа хэрээр хичээж, олон ажил хийж байгаа ч хүчрэхээ болилоо” гэж учирласан энэ залууг Д.Өсөхжаргал гэдэг.
Тэрбээр их сургуулиа төгсөнгүүтээ тахийн өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Хустайд ирж ажиллажээ. Тэндхийн ан амьтан, ургамал, ой мод, булаг шанд, уул нурууг гарын арван хуруу шигээ мэддэг түүний санааг хамгийн их чилээдэг зүйл бол жилээс жилд нөөц нь багасаж, доройтож байгаа хусан ой юм. Ойн нөөцийнх нь зонхилох хэсгийг бүрдүүлдэг модны нэрээр овоглосон энэ нуруу цаашид ногоон бүс байх уу, үгүй юү гэдэг асуудал нь зөвхөн түүний айдас биш юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС-ийн Биологийн тэнхим хамтран сэтгүүлчдэд зориулсан сургалт явуулах үеэр биологич Ө.Баярсайхан “Хустайн нурууны ой нүцгэрч дууслаа. Үүнд анхаарч, тоох хүн алга” хэмээн халаглаж, бусад судлаач ч энэ талаар нухацтай хөндсөн нь манай сурвалжлах баг Хустайн байгалийн цогцолборт газрыг зорих шалтгаан болсон юм. Улмаар тус газрын хамгаалалтын захиргааныхан болон ойн судалгаа хариуцсан мэргэжилтэн залуутай уулзаж, бодит байдалтай танилцлаа.
Монголд өдгөө 44 мянгаас дөрвөн сая га бүхий талбайтай тусгай хамгаалалттай 102 газар, түүнийг хариуцдаг 33 захиргаа бий. Тахь нутагшуулах зорилгоор байгуулсан Хустайн байгалийн цогцолборт газар 50 мянган га талбай эзэлдэг. Үүний дөрвөн хувь буюу 2000 орчим га газар нь ойгоор хучигдсан байж. “Байж” хэмээн өнгөрсөн цаг дээр хэлсэн нь учиртай. Энэ нь одоогоос 26 жилийн өмнө буюу 1992 онд Голландаас анх 16 тахь авчирч нутагшуулах үеийн тооцоо юм.
Ой жилээс жилд сийрэгжсээр өдгөө 600 орчим га-гаар хумигдсаныг Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан дуулгалаа. Энэ бол зөвхөн талбайн хэмжээгээр нь тогтоосон үнэлгээ. Ургах чадваргүй болсон, хатсан, унанги мод хэчнээн байгаа, ойн хэдэн хувь нь амиа алдсаныг бүрэн тооцоолоход бэрхшээлтэй гэнэ. Судлаачдын багцаагаар ойн сангийн 30-аас илүү хувь нь хэзээ ч нөхөн сэргэхгүй, бүрэн үхсэн, 20 хувь нь мөхөж байгаа аж.
Дотор нь хүн, амьтан явахад хэр барагтайд харагддаггүй, шигүү ой нүдэн дээр нь гундаж, танигдахын аргагүй болж буйг тэнд ажилладаг судлаачид дуу нэгтэй хэлсэн.
Д.Өсөхжаргал “Ой гэж хэлэхэд бэрх болсон. Тиймээс сүүлийн үед манай газрыг сайн, муугаар ярих нь олширлоо. Үнэхээр нүд халтирмаар дүр зураг бий болсон учраас ингэх нь аргагүй. Бид үндэсний болоод гадаадын судалгааны байгууллагуудаар байнга судлуулан, нөхцөл, байдлыг нь үнэлүүлж, ил тод тайлагнадаг.
Манай цогцолборт газар Хэнтийн нурууны хамгийн баруун урд захын үзүүр хэсэгт харьяалагддаг. Байгалийн бүслүүрийнхээ хувьд дэлхийн хэмжээний Сибирийн шинэсэн ой Дундад Халхын хээр талтай огтлолцдог уулзвар цэг учраас их эмзэг, онцлогтой бүс. Тиймээс нөлөөнд автаж, доройтохдоо түргэн” гэв.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутаг дамнан оршдог, Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын болон Шувуун зэрэг олон амтай, цэнгэг уст 10 гаруй горхитой Хустайн нурууг ямар сайхан ой чимдэг байсан тухай домог мэт яриа нутгийн иргэдийн дунд үлджээ. “Тариан талбайгаа сүйтгүүлэхгүй гэсэн иргэд зэрлэг гахайнуудыг хашраах гээд ойн захад хэдэн цагаар манаанд гардаг байсан гэдэг.
Дотор нь юу байгаа нь сайн харагддаггүй тийм шигүү, навчит ой руу орох нь ёстой л эр зориг шаарддаг байж. Зарим нь бүр буудай овоолж, өгөөш бэлтгээд намнадаг байсан гэж ярьдаг” хэмээн Аргалант сумын малчин Х.Түмэнгэрэл өгүүлсэн юм. Гэтэл өдгөө энэ ойд гахай байтугай жижиг шувууд жиргэлдэн нисэх нь ч нэвт шувт харагдах нь холгүй нөхцөлд тулчихлаа.
Сибирийн шинэсэн ойг Дундад Халхын хээр талтай уулзуулдаг ой ингэтлээ доройтоход юу нөлөөлөв. Энэ асуултад хариулт олж, хариу арга хэмжээ авах зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан 2003, 2007, 2009, 2013, 2015 онд мэргэжлийн байгууллагуудаар судалгаа хийлгэжээ. Хамгаалалтын захиргааныхан эхэндээ “Ой доройтоогүй, шилмүүст ой навчит ойгоор солигдох шилжилтийн үзэгдэл үргэлжилж байна” гэж оношилсон ч судалгааны явцад модод олноороо хатаж, үхэж байгаатай эвлэрчээ.
Аль ч байгууллага, судлаачаар тандуулсан “Олон хүчин зүйлийн хавсарга нөлөөгөөр ой сүйдэж байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, байгаль, цаг уурын өөрчлөлт, хортон шавьж, түймэр, ус болон хөрсний чийгийн дутмагшил зэрэг нь Хустайн ойг “үхэлд” хүргэсэн гол дайсан гэж судлаачид үнэлжээ. Ойн судалгаа, менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Канад, Голландын эрдэмтэд ч ийн дүгнэж, томоохон өгүүлэл нийтлүүлж байв.
Ой доройтоход хүргэдэг гол шалтгаануудын нэг нь хууль бусаар мод бэлтгэх. Хустайн нуруу хатуу чанга хамгаалалттай учраас ийм зөрчил гарах нь ховор аж. Харин хүнээс дутахгүй хорлонтой “этгээд” ойд дайсагнах болсон нь бугын сүрэг гэнэ. Тэд байгалийнхаа аясаар нөхөн сэргэж буй залуу моддыг сорлож зооглодог “гэмтэй” юм байна. Тэнд судалгаа хийсэн бүх мэргэжилтнүүд “Бугаа цөөл, эсвэл ойгоо хашаал” гэж хамгаалалтын захиргааныханд зөвлөдөг гэсэн.
Байгаль, цаг уурын өөрчлөлт, цэвдгийн алдралыг “хазаарлах” нь өнөөдөр, маргаашийн дотор шийдчих амар зүйл биш учир ядаж л бугатайгаа тэмц гэж чиглэл өгдөг ч мэргэжилтнүүд юу ч хийж чаддаггүй. “1992 онд тахь нутагшуулахад манай газар 50 гаруй бугатай байсан бол одоо 1200 орчим байна. Нэгэн цагт Монголд 130 орчим мянга байснаа 92 хувиар буурсан энэ амьтныг хядаж, амьдрах орчныг нь хязгаарлах эрх бидэнд байхгүй. Хашаа барья гэхээр төсөв байдаггүй.
Манайх улсаас нэг ч төгрөг авахгүй, өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага. Том амьтны ая даахаар, чанартай хашаа барина гэдэг бэрхшээлтэй” хэмээн ой судлаач ярилаа. Нэгэнт өмхөрч унасан моддыг байгаль хамгаалагч, судлаачид давхарлан өндөрсгөж, ойн захаар хаалт босгосон ч бугын сүрэг зад татаад “тэжээл”-дээ хүрчээ. Ингэлээ гээд түүнийг буруутгах аргагүй. Ямар ч амьтан хоолоо олж идэхийн тулд тэмцдэг. Ой доройтсонд буга биш, бид буруутай.
Хустайн байгалийн цогцолборт газар дахь тахийн тоо толгой эрчимтэй өсөж буй тухай сайхан мэдээ байсхийгээд л дуулддаг. Байгаль орчны чиглэлийн байгууллагууд ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Гэхдээ энэ амьтан өсөж үржих, тайван амьдрах гол нөхцөлийг бүрдүүлдэг орчин, тэр дундаа ой модыг мартаж орхижээ, бид.
“Мод үхэх нь амьтанд ямар хамаатай юм” гэж бодож байвал маш том эндүүрэл. Байгальд нэг ч илүү зүйл үгүй, бүгд хоорондоо харилцан холбоотой. Магадгүй Хустайн ойд тэнд нутагладаг олон зуун амьтан, ургамлын амь бий.
“Байгалиа хамгаалъя, уул ус, ургамал, амьтнаа хайрлая” гэж хашхирдаг хүмүүс минь одоо л “илбэ шидээ” үзүүлж, дуугарах цаг болжээ. Элдэв баяр ёслол, ой тэмдэглэж, бөх, морины бай шагналд хэдэн зуун сая төгрөг хийсгэхийн оронд ховор амьтдын өлгий болсон Хустайн нуруу, түүний ойг хамгаалахад гар нийлж яагаад болохгүй гэж. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны гол байгууллага ч үүнд онцгой анхаарч, санаачилга гаргах хэрэгтэй. Ядаж л ойг хашаалж, хамгаалахад шаардлагатай (хамгийн хямддаа 60-70 сая төгрөг зарцуулна) зардлыг шийдэж өгмөөр санагдана.