Нийслэлийнхний зуны амралт эхэлж байна. Долдугаар сард найр наадам хэсдэг бол наймдугаар сард амралт, рашаан, сувилалд амраад таардаг. Тэгвэл амрангаа биеэ сувилуулах гэж байгаа хүмүүсийн сонголтод нэмэр болох зорилгоор иргэдийн хамгийн их сонгон үйлчлүүлэх дуртай газруудын дэлгэрэнгүй мэдээллийг сонирхуулъя.
- Аварга тосон рашаан сувилал
Аварга тосон рашаан сувилал нь ХЭнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах эмчилгээний Тосон нуур, нуурын шавар, Аваргын бүлэг рашаан болох Аурагийн рашааныг түшиглэн байгуулагдсан магадлан итгэмжлэгдсэн төв амралт, сувиллын газар юм. Тосон нуурын рашаанаараа алдартай бөгөөд химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай сода-лог нуур юм. Мөн рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Амрагчдыг ая тухтай байраар хангаж, өдрийн гурван удаагийн халуун хоол, сувиллын ундаагаар үйлчлэх, үе мөчний өвчтэй болон хүзүү нурууны шохойжилттой хүмүүст халуун шавар эмчилгээ хийх, бариа засал болон физик эмчилгээний аппаратуудаар нөхөн сэргээх эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.
Үнэ: Гэрт - Хоногийн том хүн 50.000 төгрөг, 12-оос доош насны хүүхэд ортой 40.000, оргүйгээр 23.000 төгрөг, байшинд том хүн 44.000 төгрөг, хүүхэд 33.000 төгрөг.
Хаяг: Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, далайн түвшнээс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 280 орчим километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.
- Шаргалжуут рашаан сувилал
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагаах чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгт зүй ёсоор ордог. Шаргалжуут гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож, боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Жишээлбэл, хоолойн өвчнийг анагаах рашаа нь хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаа нь шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч буй нь үүний нэгэн илрэл юм. Мөн VII зуунд хиргисүүд ашиглаж байсан, XVII зуунд Ламын гэгээн Лувсанданзанжанцал, Өндөр гэгээн Занабазар нарын ихэс дээдсүүд хүн ардыг эмчилж сувилах зорилгоор судалж, шинжилж, эмчилгээний жаяг горимыг зохиосон түүхтэй гэнэ шүү.
Үнэ: Гэрт - Хоногийн том хүн 40.000 төгрөг, хүүхэд оргүйгээр 12.000, ортой 26.000 төгрөг, байшинд том хүн 46.000 төгрөг, хүүхэд ортой 32.000, оргүйгээр 12.000 төгрөгийн үнэтэй.
Хаяг: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. Далайн түвшнээс дээш 2150 метр өргөгдсөн уулын энгэрт байрладаг.
- Хужирт
Хужиртын рашааныг эрт үеэс эмчилгээнд ашиглаж байсан археологийн баримтууд, эрдэмтдийн таамагла байдаг. 1600-аад оны үед нутгийн анчин Шунхлай тус рашааны увидасыг олон нийтэд таниулснаар Хужиртын халуун рашаан, эмчилгээний шаврыг түшиглэсэн буддын шашны тусгай хүрээ хийд ажиллаж, 1921 оны үе буюу Ардын хувьсгал ялах хүртэл оточ маарамба, лам нар ард олон эмчилгээ хийдэг байжээ. Үүнээс хойш өргөжин тэлсээр Монголын хамгийн алдартай рашаан сувиллын нэг болжээ.
“Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээх эмчилгээний шавар хоёрыг ашиглаж эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг.
Сувиллын эргэн тойронд Орхон голын сав газарт эртний түүхтэй Хархорин, Эрдэнэ зуу хийд, Төвхөн, Шанхын хийд, Улаан цутгалан, Бага хүрхрээ, Үүртийн тохой зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн. Эдүгээ Хужирт нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгалийн халуун рашаан, эмчилгээний шавраас гадна физик, биеийн тамир, усан иллэг болон эмэгтэйчүүд, зүү төөнүүр зэрэг эмчилгээний кабинетуудад дотор мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нар эмчилгээ сувилгаа хийж байна.
Үнэ: Хоногийн том хүн 30-45.000 төгрөг, хүүхэд 20-35 мянган төгрөгийн үнэтэй.
Хаяг: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог. Нийслэл хотоос 390 км, Арвайхээрээс 90 км, Хархориноос 45 км зайтай бөгөөд нийслэлтэй хатуу хучилттай засмал замаар холбогдсон. Долоо хоногт гурван удаа (даваа, лхагва, баасан гаригуудад) автобус өглөө 07.00 цагт Төлөөлөгчийн газраас явдаг.
- Ар Жанчивлан
“Ар Жанчивлан” нь Жанчивлангийн рашаанд түшиглэн байгалийн үзэсгэлэнт газарт жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг рашаан сувилал юм. Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж, нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлтэй ус, Монгол болон дэлхийн нэн ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоож байсан түүхтэй.
Тус газар нь зуны нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, өвөл нэг ээлжиндээ 150-200 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ходоод, элэг, цөс, бөөр, ууц, нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, физик, тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Үнэ: Хоногийн том хүн 29 мянган төгрөг, хүүхэд 14.500 төгрөгийн ханштай.
Хаяг: Улаанбаатар хотоос 60 км зайд, Төв аймгийн Эрдэнэ суманд, далайн түвшнээс дээш 1600 метрийн өндөрт өргөгдсөн газар оршдог.
- Гурван нуурын рашаан
Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй.
Рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай.
Жилийн улирлын туршид ажилладаг ба энгийн амрагч нарыг бусад цагт авч үйлчлэх боломжтой.
Шавар эмчилгээ, шилмүүст банн - усан эмчилгээ, физик эмчилгээ, агаар эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр, гүүний саам эмчилгээнүүдтэй.
Үнэ: Рашаан сувиллын үнэ өдрийн таван удаагийн хоол цайтай 35000 – 45000 төгрөг. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал учраас тэтгэвэр болон өвчний групптэй хүмүүс тушаасан төлбөрийн 50 хувь болон тээврийн зардлын 50 хувийг харъяа газрын халамжийн төвөөс буцаан авах боломжтой.
Хаяг: Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн түвшнээс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.
- “Нар элс” буюу Бигэрийн элс
Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрладаг. Халуун элс, ингэний хоормогоор голлон эмчилгээ хийдэг. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүс, физик эмчилгээг хослуулан хийдэг. Гэрт байрлах ба 4 ортой, 5 ортой, 10 ортой гэрүүд бий. Нийт нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах боломжтой.
Жил бүрийн зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 10-ны хооронд сувилал нээгддэг бөгөөд цаг агаарын байдалтай уялдан элсний халуун чанарын нөлөөллөөс хамаарсан хуваарь юм.
Үнэ: Хоногийн 31.000 төгрөг бөгөөд үнэнд эмчилгээ, өглөө ба өдрийн хоол багтдаг. Үйлчлүүлэх хүмүүс өөрсдийн унаагаар ирнэ.
Хаяг: УБ хотоос 960 км, Бигэр сумын төвөөс урагш 17 км-т орших эртний хотын туурин дээр тогтсон “Таван элс” хэмээх газар байрладаг.
- Улаан хаалгын рашаан
Халуун хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.
Амрагч сувилуулагчдын байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 80-100 амрагч хүлээн авах чадалтай. Одоо аялал амралт, рашаан сувиллын чиглэлээр 6-9 сарын хооронд улирлын чанартай үйлчилж ажилладаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж морин аялал, явган аялал, байгалийн аялал, үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж, рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.
Мөн үе мөч, бөөр, сав дотор, элэг цөс, ходоодны өвчинд тустай. Ундаргаар эмчилэх, онгоцонд орох, шүршүүрт орох, рашаанаар шавших, зайлах зэргээр хэрэглэдэг.
Үнэ: Хоногийн том хүн хоногийн 30 мянган төгрөг, хүүхэд 15 мянган төгрөгөөр эмчлүүлнэ.
Хаяг: Улаан хаалгын рашаан нь Завхан аймгийн Алдархаан суманд нутагт Улаанбаатар хотоос 1000 киломерт, аймгийн төвөөс 50 км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газар далайн түвшнээс дээш 2100 метрт оршдог.
- Отгонтэнгэрийн рашаан
Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон ойн зурвас вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг ан араатан амьтад нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувууд загасаар баян өндөр уулын бичил уур амьсгалтай, жилд 200-300 мм хур тунадас унадаг, агаарын жилийн дундаж температур цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй байгалийн ховор үзэсгэлэнт Монгол улсын дархан цаазат газар юм.
Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам тогтоон нэр өгсөн байдаг ба 1930-1950-иад он, 1970-1982 онуудад ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн байна.
Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байна.
Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой.
Тулгуур хөдөлгөөний эрхтэний өвчин, зүрх судас, цусны эргэлтний дутмагшил, 1 үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин, арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаат өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе), гуурсан хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл.
Үнэ: Хоногийн том хүн 15 мянга, хүүхэд 5-12 мянган төгрөгийн үнэтэй.
Хаяг: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатар хотоос 1210 км алсад, Отгонтэнгэр уулнаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн түвшнээс дээш 2500 метрт байдаг.