Хөлбөмбөгийн ДАШТ-ий ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тоглолтод гайхалтай сайн тоглосон Александр Головиний ханш нэг шөнийн дотор хадлаа. Өчигдөр оройны байдлаар хөлбөмбөгийн зах зээл дэх үнэ нь 20-25 сая еврогийн хооронд эргэлдэж байсан бол өнөөдөр 30-ыг давж 40 сая рүү дөхжээ. Тэрбээр өчигдрийн тоглолтод 1 гоол, 2 дамжуулалт өгсний дээр багийн гол уураг тархи нь байлаа. Үнэ өссөнөөс үүдэн Италийн “Ювентус” клуб Головиныг авч чадахгүйд хүрч байна. Италийн баг 25 саяыг нэхсэн “ЦСКА”-гийн үнийг 20 сая болгож буулгах санаатай хоёр долоо хоногийн турш хэлэлцээр хийж буй. Головин ДАШТ-ий гол нээлт болох магадлалтай гэж тэд үзэж байгаа тул 20 саяыг Оросын багт атгуулаад тэмцээний өмнө элсүүлчих бодолтой байв. Одоо байдал эсрэгээрээ эргэж, олон өрсөлдөгч “Ювентус”-т гараад ирлээ. Оросын од хөлбөмбөгчнийг “Барселона”, “Арсенал” багууд сонирхож эхэлжээ. “Барселона” Головиныг авах боломжийн талаарх судалгаа хийж эхэлсэн талаар Marca сэтгүүл мэдээллээ.