Н.ЭНХБАЯР
Хөлбөмбөгийн хорхойтнуудын дөрвөн жил хүлээсэн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өнөөдөр ОХУ-д эхэлнэ.
Одоогоос найман жилийн өмнө буюу 2010 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) чуулган Цюрих хотноо хуралдаж, 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсаар ОХУ-ыг сонгож байлаа. Эл сонголт нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж, спортын нэр хүндтэй энэ байгууллагыг доргиож байсныг эргэн товч сануулъя.
ДАШТ-ий түүхэнд анх удаагаа FIFA-гийн гишүүн бүх улс сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгч байсан цагаас хойш шилдгийн шилдэг 32 баг шигшигдэн шалгарч, хойд хөршид хүрэлцэн иржээ. Харамсалтай нь, тэдний дунд дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, гурван удаагийн дэд аварга Нидерланд болон Чили, Шинэ Зеланд, АНУ, Гана, Кот Д`Ивуарын шилдэг баг алга. Харин Исланд, Панам, Египет, Марокко, Сенегал, Перу улсын шигшээ анх удаагаа эсвэл олон жил завсарласны дараа ДАШТ-ий дэвжээг чимэхээр ОХУ-д хөл тавиад байна.
Тэмцээнийг тамирчид, үзэгчдэд чирэгдэл багатай, ая тухтай байлгах үүднээс зохион байгуулагч ОХУ Европын бүсэд багтдаг 11 хотыг сонгожээ. Тэдгээр “азтай” хотууд бол Самара, Нижний Новогорд, Волгоград, Екатеринбург, Казань, Калининград, Саранск, Москва, Донын Ростав, Санкт-Петербург, Сочи юм.
“Russia-2018” нь олон талаараа онцлог тэмцээн болно. Тухайлбал, тус тэмцээн нь хүйтэн дайнаас хойш Зүүн Европын улсад анх удаа зохиогдож буй бөгөөд ОХУ нь хөгжил дэвшил, шинжлэх ухаан, урлаг, соёлоо сурталчлан таниулах сайхан боломжтой боллоо. Мөн нийт 32 баг оролцох сүүлчийн ДАШТ болж магадгүй.
Учир нь багийн тоог 48 болгож нэмэх талаар FIFA-ийн түвшинд ярьж буй билээ. Түүнчлэн З.Блаттерын сүүдрээс гарсан FIFA-гийн шинэ удирдлага, тодруулбал ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Инфантиногийн хувьд анхны ДАШТ нь. Эдгээрээс гадна хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг хамгийн их татаж буй шинэчлэл бол бичлэг үзэж шийдвэр гаргах шийдэл буюу VAR (video assistant referee) юм.
Дээд түвшний 1000 гаруй тоглолтод туршигдсан ч VAR нь олонхын талархлыг хүлээж чадаагүй л байна. Хэрэв ОХУ-д технологийн энэ шийдэл үр дүнд хүрэхгүй, тоглолтын хувь заяанд тус биш, ус болох аваас цаашид хөлбөмбөгийн тоглолтод бичлэг үзэхийг хориглох асуудлыг ярьж мэднэ.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхлэх ОХУ, Саудын Арабын багийн тоглолтын өмнө “Russia-2018”-ын нээлтийн ёслол болно. Өмнөх тэмцээнүүдээс ялгаатай нь энэ удаагийн нээлт богинохон, албаны бус хэв шинжтэй болох бөгөөд тоглолтоос хагас цагийн өмнө эхлэх аж. Нээлтийн ёслолд дуучин Робби Уильямс болон ОХУ-ын дуурийн авьяаслаг залуу дуучин Аида Гарифуллина нар оролцох юм.
Уг ёслолд тамирчдыг төлөөлж оролцох Бразилын нэрт хөлбөмбөгч асан Роналдо “Нээлтийн тоглолт бэлгэдлийн шинжтэй байдаг. Дөрвөн жилийн турш хүлээсэн агуу мөч ирснийг эхний тоглолт л тоглогч, хөгжөөн дэмжигчдэд ойлгуулдаг юм” гэжээ. ОХУ-ын “Нэгдүгээр суваг” нээлтийн ёслолыг шууд дамжуулж, найруулагчаар нь Ф.Михайлов ажиллаж буй юм.
НЭЭЛТИЙН ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2018 оны ДАШТ-ий эхний тоглолт өнөөдөр 23.00 цагаас Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын багийн хооронд болно. Саудын Араб бол Азийн бүсэд хэсгийн сүүлчийн тоглолтод ДАШТ-ий эрхээ нэгэнт авсан Японы багийг хожсоноор Австралийн багаас оноо илүү болж, улмаар ОХУ-ыг зорих эрхтэй болсон “азтай” баг. Тэд 2006 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа.
1998 онд “мундиал”-ын нээлтийн тоглолтод анх удаагаа оролцож, талбайн эзэн Францыг багт 4:0-ээр бут ниргүүлж байсан түүхтэй. Энэ удаад хавьгүй сул өрсөлдөгчтэй таарсан учир ийм гашуун ялагдал хүлээхгүй байх бүрэн боломжтой. ОХУ-ын багийн хувьд эхний тоглолтод нэр төртэй тоглож, хожих нь нэн чухал. Хэрэв ялбал хөгжөөн дэмжигчид төдийгүй тоглогчдод ч сэтгэл санааны том дэмжлэг болохоос гадна хэсгээсээ шалгарахад нэн чухал гурван оноотой болно.
Сонирхолтой нь, энэ хоёр багт гадаадын лигт бүртгэлтэй тоглогч бараг үгүй юм.
Тус тоглолтыг Өмнөд Америкийн шилдэг шүүгчдийн нэг, Аргентиний иргэн Нестор Питана шүүнэ. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Бразил-2014”-ийн үеэр нийт дөрвөн тоглолт шүүсэн юм.
ШИНЭЧЛЭХ БОЛОМЖТОЙ 10 ДЭЭД АМЖИЛТ
Энэ удаагийн тэмцээний үеэр доорх онцгой амжилтууд шинэчлэгдэх боломжтой.
- Хэрэв шөвгийн 16-д Уругвай, Португалийн шигшээ баг учраа таарвал хоёр багийн дасгалжуулагчдын насны нийлбэр 135 жил, гурван сар болно. Энэ нь ДАШТ-ий түүхэнд дээд амжилт болох юм. Одоогоор дээд амжилтыг О.Рехагель, Л.Лагербак эзэмшиж буй. 2010 онд Грек, Нигерийн баг тоглоход хоёр дасгалжуулагчийн насны нийлбэр 133 жил, есөн нас байсан билээ.
- Мексикийн баг 1994, 1998 оны ДАШТ-ий зургаан тоглолтод ялагдаагүй. Харин 2014 онд Бразилд болсон тэмцээнд оролцохдоо таван тоглолтод ялагдаагүй Коста Рикагийн баг энэ удаад Сербийн багт ялагдахгүй бол уг дээд амжилттай тэнцэж, улмаар Бразилд хожигдохгүй бол рекордыг шинэчилнэ.
- Францын шигшээ дэлхийн аварга болбол дасгалжуулагч Д.Дишам тоглогч болоод дасгалжуулагчийн хувиар алтан цомыг өргөсөн гурав дахь эрхэм болно. Түүнээс өмнө М.Загалло, Ф.Беккенбауэр нар ийм амжилтад хүрчээ.
- Бельгийн шигшээ 1998, 2002 оны ДАШТ-д таван тоглолт дараалан тэнцсэн. 2014 онд сүүлчийн гурван тоглолтдоо эвийн гэрээ байгуулсан Коста Рика уг амжилтыг эвдэх магадлалтай.
- Египетийн шигшээгийн Эссам Эль-хадари (45 нас, таван сар) Ф.Мондрагоны дээд амжилтыг (43 нас, гурван өдөр) эвдэж, ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогч болно.
- Багийн ахлагчийн хувиар ДАШТ-д зургаан гоол оруулсан тоглогч бол Диего Марадона. Түүний дээд амжилтыг эвдэхийн тулд Лионел Месси гурван гоол оруулах ёстой.
- Бразилын шигшээ баг 1954 онд шөвгийн наймд Унгарын багт 4:2-оор хожигдсоноос хойш 1966 онд хэсгийн тоглолтод мөн энэ улсын багт 3:1-ээр ялагдах хүртлээ 13 тоглолтод дийлдээгүй юм. Харин Германы шигшээ 2010 онд хагас шигшээд Испанийн багт 1:0-ээр ялагдсанаас хойш найман тоглолт дараалан ДАШТ-д ялагдаагүй байгаа. Тэд хожлын цувралаа ОХУ-д үргэлжлүүлэх үү?
- Хэрэв Рафа Маркес Мексикийн багийн төлөө талбайд гарвал таван ДАШТ-д оролцсон гурав дахь хөлбөмбөгч болно. Түүнээс өмнө нутаг нэгт Антонио Карвахал, Германы Лотар Маттеус эл амжилтад хүрчээ. Италийн Ж.Буффон таван ДАШТ-д оролцох боломжтой байсан ч “Франц-1998”-д нэг ч тоглолтод хаалгаа манаагүй юм билээ.
- Хэрэв Т.Кэхилл (Австрали), Р.Маркес (Мексик), К.Роналду (Португал) гоол оруулбал дөрвөн ДАШТ-д оноо авсан амжилтын эзэд болно. У.Зеелер, Пеле, М.Клозе нь гурваас олон ДАШТ-д гоол оруулсан юм.
- Томас Мюллер гурван ДАШТ-д таван гоол оруулсан анхны тоглогч болж магадгүй. Түүх сөхвөл дөрвөөс олон гоолыг 2-3 тэмцээнд оруулсан гурван тоглогч бий нь өмнө дурдсан Т.Мюллер болон Мирослав Клозе, Теофило Кубиллас юм.