ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны конгрессийн хурлаар 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орныг тодруулах санал хураалт боллоо. Уг санал хураалтын дүнд АНУ, Канад, Мексикийн хамтарсан нэр дэвшигчид ялалт байгуулав. Конгрессын гишүүдийн 134 нь тэдэнд итгэл үзүүлсэн бол өрсөлдөгч Марокког 65 хүн дэмжжээ. Ингэснээр тус тэмцээн түүхэндээ анх удаа гурван оронд зэрэг зохиогдох гэж байна. 2026 оны тэмцээнд Европ, Азийн орнууд нэрээ дэвшүүлэх эрхгүй. Учир нь энэ жилийн тэмцээн Европын улс ОХУ-д, 2022 оных Азийн орон Катарт болно. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх үүднээс 2002 оноос эхлэн “Тив бүрт ДАШТ” гэсэн бодлогыг барьж ирсэн.