ОХУ-д маргааш эхлэх хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсний дараагаар Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж дүрэмд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тэр нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах формат байх аж. Одоогийн систем нь хөлбөмбөгийн олон мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөж ирсэн бөгөөд зарим тохиолдолд хөлбөмбөгчид ч гэсэн энэ талаар байр сууриа ил тод хэлэх болсон. Тиймээс хөлбөмбөгийн ертөнцийг хоёр талцуулаад байгаа асуудлыг ойрын хугацаанд нэг талд нь гаргахаар ФИФА эрс шийджээ. Энэ талаар тус байгууллагын ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албанд сонгогдсоноосоо хойш ФИФА-д бүх талын өөрчлөлт хийхийг зорьж буй юм. Үүнээсээ болж Европын хөлбөмбөгийн холбооны шүүмжлэлд өртөж байгаа. Учир нь УЕФА түүний барьж буй бодлогын зарим чиг хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.