Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.
Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм. Засаг дарга С.Эрдэнэбаяр танилцуулгадаа “Манай дүүргээс Засгийн газрын болон нийслэлийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхийг зорин ажиллаж ирлээ. Иргэд төрийн байгууллагын үйлчилгээнээс алслагдмал, мэдээ мэдээллийг тухай бүрт нь авч чаддаггүй, төрийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байдгаас шалтгаалан, “Засаг даргын явуулын өрөө” үйлчилгээг 1997 оноос үзүүлж эхэлсэн. Энэхүү явуулын үйлчилгээгээр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7 төрлийн үйлчилгээг 64 өрхийн 192 иргэнд хүргэж, 26 иргэний гаргасан 45 санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Мөн манай дүүрэг “Иргэн таныг сонсьё” уулзалтыг зорилтот бүлгүүдийн дунд зохион байгуулж хэвшсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар уг уулзалтад 327 иргэн хамрагдаж, тэдний гаргасан нийт саналын 90.2 хувийг бүрэн шийдвэрлэж ажиллажээ. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ уламжлал болгон 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан. Тэмцээнд 12 аймаг, 8 дүүрэг, 6 клуб, 5 спорт хороо, 21 байгууллагын 800 гаруй тамирчин оролцлоо” гэв.
Засаг дарга С.Эрдэнэбаяр дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц, хэрэгжилтийг танилцуулаад зарим ажилд нийслэлээс анхаарч өгөхийг хүссэн юм. Дүүрэгт баригдаж буй “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн барилгын ажил, Багахангай мах боловсруулах НӨҮГ-ын байнгын үйл ажиллагааг сэргээх, Дүүргийн 1 дүгээр хорооны 129 айлын орон сууцыг дүүргийн мэдэлд шилжүүлэн ашиглалтанд оруулан байр орон сууцны хэрэгцээ шаардлага бий болоод байгаа төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчинг орон байраар хангах боломж бүрдүүлэх зэрэг хэд хэдэн саналаа нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.