Перугийн шигшээ багийн лидер П.Герреро өнгөрсөн жил нэгэн таагүй хэрэгт буруутгагдаж ДАШТ-д оролцох эрхээ хасуулсан. Гэвч тэрбээр өөрийн буруугүйг нотлохоор цөхрөлгүй хичээсний эцэст эх орноо төлөөлөн ОХУ-ыг зорих эрхтэй болсон юм.
2017 оны намар Перугийн шигшээ баг сүүлийн 36 жилд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан юм. Тэд Шинэ Зеландын багийн эсрэг нэмэлт тоглолтод гол тоглогч, мэргэн бууч Хосе Паоло Геррерогүй оролцсон билээ. Учир нь довтлогчийн цуснаас сэргээшийн төрөлд хамаарах кокаины метаоболит буюу бензоилэкгонин илэрсний улмаас тоглох эрхээ нэг сар хасуулсан юм. Улмаар арванхоёрдугаар сард FIFA түүнд нэг жилийн “ял” оноолоо. Перугийн шигшээ багийн ахлагч ДАШТ-д оролцохгүй байх аюул нүүрлэв.
П.Герреро гэм буруугүй гэдгээ шинжилгээний хариу гарсан эхний өдрөөс эхлэн мэдэгдсэн. “Хориотой бэлдмэл санаатай хэрэглээгүй” гэж өмгөөлөгч нь баталж байв. Үнэндээ кокаин хэрэглэсэн гэдэг нь батлагдаагүй бөгөөд FIFA ч үүнийг нотлов. Гэвч энэ нь түүний шийтгэлд нөлөөлсөнгүй. Багийн андууд, хөгжөөн дэмжигчид нь түүнийг гэм буруугүй гэдэгт итгэлтэй байсан учир Перугийн багийн тоглолтын үеэр өмсгөлийг нь өмсөх, Цюрих дэх FIFA-гийн төв байрны гадаа жагсах зэргээр эсэргүүцлээ илэрхийллээ.
Арванхоёрдугаар сарын сүүлчээр FIFA П.Геррерогийн гомдлыг хэлэлцээд шийтгэлийн хугацааг нь зургаан сар болгож (арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн) бууруулав. Ингэснээр Перугийн шилдэг тоглогч ДАШТ-д оролцох боломжтой боллоо. Гэвч Сэргээштэй тэмцэх дэлхийн агентлаг (WADA) энэхүү шийдвэрээ эргэж харахыг FIFA-гаас шаардаж эхэлсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард буюу тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө Спортын арбитрын шүүх (CAS) П.Геррерогийн шийтгэлийн хугацааг 14 сар болгож нэмэгдүүлэв.
Тэрбээр энэ удаад ч бууж өгөхийг хүссэнгүй, Швейцарьт очиж, CAS-ийн шийдвэрийг давж заалдлаа. Сонирхолтой нь, Перугийн багтай нэг хэсэгт орсон Франц, Дани, Австралын шигшээ багийн ахлагч У.Льорис, С.Кьер, М.Эдинак нар Паологийн талд буйгаа илэрхийлж, шударга ёсыг хамгаалах үүднээс түүнийг ДАШТ-д оролцуулахыг FIFA-гаас хүссэн юм. Харин энэ үед Лима хотод олон мянган перучууд багийн ахлагчийнхаа төлөө жагсаж байлаа.
Перу тоглогч Ж.Инфантинотой биечлэн уулзав. Гэвч FIFA-гийн ерөнхийлөгч түүнийг ойлгож буйгаа илэрхийлээд спортын шүүхийн дээд байгууллага шийдвэрээ нэгэнт гаргасан учир Олон улсын хөлбөмбөгийн холбоо яаж ч чадахгүй гэдгийг хэлсэн байна.
Гэвч Паоло энэ удаагийн ДАШТ-д оролцож эх орон нэгтнүүдээ баярлуулна. Түүний гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл шийтгэлийг нь цуцлахаа Швейцарийн холбооны шүүх мэдэгдээд байна. Эцсийн шийдвэр хэсэг хугацааны дараа буюу ДАШТ-ээс хойш гарах нь нэгэнт тодорхой болжээ.
Товч танилцуулга
Хосе Паоло Герреро Гонсалес 1984 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Перугийн шигшээ болон Бразилын “Фламенго” багийн довтлогч. Шигшээ багтаа 2004 оноос хойш 77 тоглолтод оролцож, 32 гоол оруулсан. Америкийн цомын хошой хүрэл медальт.
“Байерн” (Мюнхен) багт тоглож байхдаа Бундеслиг, Германы цомд тус бүр хоёр удаа түрүүлсэн. “Коринтианс” багийн хамтаар 2012 онд клубүүдийн ДАШТ-ий аварга болсон юм.