Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсны улмаас гурван хүн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлсэн. Тэднийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс “химийн бодисын хордлого” гэсэн оноштойгоор нийслэл рүү илгээсэн бөгөөд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв ч дээрх оношийг бататган, хордлогын эсрэг эмчилгээ хийсэн билээ. Харин компанийн удирдлагууд энэ талаар хэвлэл мэдээлэлд албан ёсоор ямар нэг мэдээлэл өгөөгүй ч ажилчид нь орон нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад “Гурван ажилтан цианидад хордоогүй” гэсэн мэдээллийг өгсөөр байсан. Үүнийг олон хүний яриагаар нотолж болно.
Тухайлбал, мэдээллийг хамгийн түрүүнд авч, газар дээр нь ажиллах үүрэг хүлээсэн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатартай гуравдугаар сарын 8-нд холбогдоход “Ажилчид нь тэсэлгээний утаанд угаартсан байж магадгүй гэсэн мэдээлэл уурхайнхан өгсөн” гэж хэлж байв.
Мөн хордсон иргэн Ж.Амгалангийн хамаатны ах Э.Төмөрбат “Баян-Овоо сумын дарга нарт “Орон нутагт чинь ийм юм боллоо. Онцгой байдал дуудаж шалгуулж шинжлүүлэхгүй юм уу” гэтэл “Наадуул чинь тэсэлгээний утаанд хордсон гэсэн. Тиймээс арга хэмжээ авах шаардлагагүй” гэж хариу өгсөн байх юм. Утаанд хордсон гээд байгаа нэг хүнээ сая манай дүүтэй хамт хот руу явууллаа. Тэдний уурхайд олон хүн утаанд хорддог. Тэндээ сүү ууж, хэвтэж байгаад зүгээр болчихдог, Улаанбаатар руу явтлаа хүндэрдэггүй л юм байсан. Утаанд хордсон гэсэн яриа энд тэндгүй сонсогдож, угаартсан хүнээ дагуулж явуулж байгаа зэрэг нь бодит үнэнийг гуйвуулж, буруу зөрүү болгох вий, худлаа онош гаргах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна” гэсэн.
Үүнээс хэд хоногийн дараа манай сурвалжлах баг Баянхонгор аймагт ажиллахад ч энэ хэргийн талаар бодит байдлаас зөрүүтэй олон цуурхал, тэр дундаа “Ажилчид тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн яриа тарсан нь анзаарагдаж байлаа. Цагаан цахирыг харьяалдаг засаг захиргааны анхан шатны нэгж болох Баян-Овоо сумын I багийн дарга М.Мэндсайхантай гуравдугаар сарын 16-нд уулзахад “Спэйшл майнз” компанийн уурхай хариуцсан ажилтан Тэгшжаргал гэдэг залуу хотоос ирээд, буцлаа. Түүнтэй өнөөдөр уулзсан. Тэр “Хүмүүсийн бие зүгээр, өнөөдөр хотоос Баянхонгор руу гарч байгаа.
(Хордсон хүмүүс дөрөвдүгээр сар гартал хотод байж, эмчлүүлсэн) Хот руу явсан гурван залуугийн нэг нь гүний уурхайд ажиллаж байгаад хүчилтөрөгч дутагдсан юм билээ. Нөгөө хоёр нь цианидад хордоогүй нь тогтоогдсон. Угаартсан байж магадгүй” гэж байна. Асгарсан бодис нь ч цианид биш бололтой юм ярьж байна билээ” гэсэн. Биднийг “Спэйшл майнз”-ын уурхайд очиход уурхайг төлөөлж бидэнтэй ярилцсан ганц хүн болох хамгаалалтын албаны ахлах А.Батдаваа “Тэр өдөр тэсэлгээ хийсэн. Тэсэлгээний доргилтод автоматын пускатель унасан. Цианид хальж асгараагүй” гэсэн юм.
Мөн компанийн зүгээс гурван ажилтнаа Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвөөс гаргаад үргэлжлүүлэн эмчлүүлсэн хувийн эмнэлгийн эмчээр “Эхнээсээ цианид натри бараг байгаагүй юм чинь тийм хордлого үүсээгүй байх гэж бодож байна. Газрын гүнд ажилладаг болохоор угаартсан байхыг үгүйсгэхгүй. Би картнаас нь өмнөх эмнэлэгт хийсэн эмчилгээний явцыг уншсан. Цианидаар хордсон шинж тэмдэг гараагүй юм билээ.
Харин нэг нь угаартсан байж магадгүй байсан. Нөгөө хоёр нь гайгүй юм билээ. Түрүү булчирхай, бөөр, үе мөчний үрэвсэл, толгой нь байнга өвддөг, багадаа шарлаж байсан, хоолны буруу дэглэмээс болоод цөс нь өвдсөн онош л байсан. Харин энэ хүүхдүүд үүнийхээ хүчинд их сайхан эмчлүүлж авсан. Амгалан бол архаг хатгалгаатай. Түүнээсээ болоод амьсгааддаг, цээжээр нь хөндүүрлэдэг байсан. Түүнээс энэ хүүхдэд цианидын, ямар нэг угаарын хордлого байхгүй” хэмээн яриулсан бичлэгээ манай сонин руу илгээсэн. Энэ бол дөрөвдүгээр сарын 20-доор болсон явдал.
Бүр сүүлд, тавдугаар сарын дундуур МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаас “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн орчны хөрс, усанд цианид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй” гэсэн дүгнэлт гаргасан талаар нь тодруулсан. Энэ үеэр “МХЕГ-ын дүгнэлтэд хүний эрүүл мэнд хохирсон талаар огт дурдаагүй байна билээ” гэж асуухад “Үнэнийг хэлэхэд хордсон гээд байгаа хүмүүс юунаас хордсоныг нь тогтоож чадахгүй байгаа. Цианидаар хордсон байлаа гэхэд арван хэдэн цагийн дотор задраад хөлс, шээс, шүлсээр гадагшилчихдаг. Гэтэл энэ хүмүүс 2-3 хоног алдаж эмнэлэгт хандсан учраас хордсон уу, үгүй юу гэдгийг хаана ч тогтоох боломжгүй болсон. Сүүлдээ хоолны хордлого ч гэж оношлогдох шахсан шүү дээ” гэсэн юм.
Энэ бүхний эцэст одоо гар дээр минь Л.Эрболд химийн бодисын цочмог хордлого, Ж.Амгалан химийн бодисын (тодорхойгүй хийн) хурц хордлого гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Л.Эрболд, Ж.Амгалан нар цианид устөрөгчийн хордлого (өртөлтийн түвшин 1) гэсэн оноштойгоор эмчлүүлсэн тухай Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт байна. Ямартай ч дээрх хүмүүс хоолонд бус цианидад хордсоныг мэргэжлийн байгууллагууд нотолжээ. Урт хугацаа, олон худал тайлбарын ард ийм дүгнэлт, тодорхойлолт гарсан нь талархууштай хэрэг.
Гэсэн ч үүнд компани бус ажилчид л буруутаж дуусах бололтой. Учир нь хууль, хяналтын байгууллагынхан үйлдвэрийн технологийн бүрэн бүтэн байдал руу биш, ажилчдыг хэрхэн буруутгахад л анхаарлаа хандуулаад байх шиг. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг компанид технологийн горим алдагдсан гэж үзээд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон атал тус газрын байцаагч нь химийн хорт, аюултай бодис болох цианидыг үйлдвэрлэлд ашиглах зөвшөөрөлтэй гуравхан компанийн нэг, тэр утгаараа аюулгүй байдлыг онцгой хангаж ажиллах үүрэгтэй “Спэйшл майнз”-ын баяжуулах үйлдвэрийн хорны шахуурга “өөрөө” ажилласныг, хорт бодис 30 минутын турш ямар ч хяналтгүй асгарч байхад цианидын өрөөний мэдрэгч детектор ажиллаагүйг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хэрэг бүртгэлтийн хэргийн нэгэн нотлох баримт болсон байна. Мөн өөр нэг байцаагч нь “Ажилчид амны хаалтаа зүүгээгүй нь хууль зөрчжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан байх юм.
КОМПАНИЙН ТАЙЛБАР
“Спэйшл майнз” компаниас манай сонинд “Компаниас тараасан зориулалтын хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйн улмаас ажилчдад хөнгөн чанарын хордлого илэрсэн. Ажилчид өөрсдөө хариуцлага алдсан ч компанийн зүгээс зохих эмчилгээг хийлгэсэн. Одоо бүх ажилчдын биеийн байдал сайн байгаа. Тэд ямар нэг гомдол санал гаргаагүй бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлтээ компанид гаргасан” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн гуравдугаар сарын 30-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан “Үйлдвэрийн орчин дахь ус, хөрсөнд агуулагдаж буй цианидын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ихгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан гээд эдгээр мэдээллийг гаргахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдсэн билээ.
ХОРДСОН ИРГЭНИЙ ҮГ
Мэдээллийг тэнцвэртэй, бодитой байлгах үүднээс, мөн хүчгүй, хохирогч талын байр суурийг орхигдуулахгүйн тулд хордсон иргэн Ж.Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа. Хордсон гэсэн оноштой эмчлүүлсэн гурван иргэний нэг нь цианид асгарсан үйлдвэрт огт хамааралгүй газарт байсан, нөгөөх нь үйлдвэр дотор хэдий ч ослын “голомт”-оос хол ажиллаж, цианидын уусмалтай “ноцолдоогүй” тул хөнгөн өртсөн бололтой байдаг. Тэд компанитайгаа хэл амаа ололцоод ажилдаа орчихсон. Харин Ж.Амгалан цианидын уусмалыг улаан гараараа цэвэрлэсэн тул илүү гүн хордсон, эрүүл мэнд нь сайнгүй байгаа гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
-Бие нь сайн уу?
-Сайнгүй ээ. Толгой, зүрх байнга өвддөг болсон.
-Өмнө нь ингэж өвддөг байсан юм биш үү. Чамайг олон төрлийн архаг өвчтэй гэсэн?
-Үгүй, үгүй. Огт өвддөггүй, ямар ч зовиургүй, эрүүл саруул байсан. Намайг архаг хатгаатай, бараг сүрьеэ болох гэж байсан, тархины шохойжилттой гэж хүртэл ярьж байгаа. Сая Хөххот явж шинжилгээ өгсөн. Тархины судасны нарийсал, ар дагзнаасаа шохойжсон байна гэж хэлсэн гэсэн. Цаанаас нь ямар онош өгсөн, тэрийг нь зөв, буруу орчуулсныг мэдэхгүй. Шинжилгээнийхээ хариуг авъя гэж зөндөө хэлсэн ч надад өгөөгүй, компанийнхан авчихсан. Энд ирээд эмч нараас асуухад “Өндөр настай хүмүүст ховор тохиолддог болохоос залуу хүний тархи шохойжно гэж байхгүй” гэж байна билээ.
-Ажилдаа орсон уу?
-Эмч нэг хэсэгтээ ажил төрөл гэлгүй биеэ эмчлүүлэхээ бод гэсэн болохоор одоохондоо гэртээ байна.
-Цаашдаа яах бодолтой байгаа вэ?
-Яахаа мэдэхгүй сууна. Өнгөрсөн хугацаанд компанийн заасан газарт очиж, үзүүл гэсэн эмчид нь үзүүллээ. Зүв зүгээр, цоо эрүүл байсан бие маань тэр явдлаас хойш байнгын өвчин зовиуртай болчихоод байхад “Цианидаас болоогүй” гэсэн хариу гаргахын төлөө л ажиллаж, намайг өвчний үүр байсан мэтээр яриад байгаа учраас надад итгэл төрөхгүй байна. Тиймээс компанийн хүмүүсийг дагаж, заасан газарт нь очиж явах биш, өөрөө эмнэлэг, эмчээ сонгож, биед маань юу болоод байгааг мэдэж авмаар байна. Энэ явдлаас хойш гэнэт гарч ирсэн толгой, зүрхний өвчнийхөө шалтгааныг үнэн зөвөөр нь олж, эмчлүүлмээр байна.
-Чамайг компаниас мөнгө нэхэмжилсэн гэж сонссон?
-Би компаниас хараат бусаар оношилгоо, эмчилгээнд явмаар байна. Санхүүг нь зохицуулж өг гэж хэлсэн минь үнэн. Өөрөөр яах ёстой юм бэ.
-Тэр өдөр юу болсныг ярьж өгөөч?
-Ил тэсэлгээ хийнэ гээд үйлдвэрийн ажилчид бүгд операторын өрөө рүү орсон юм. Үдийн цайны цаг болж байсан болохоор тэр хооронд хоол идээд, тэсэлгээ дуусахад нь ажлын байрандаа ирэхэд шалаар дүүрэн шингэн асгарчихсан байсан. Би бага оврын ачааны машинаар шлам зөөх үүрэгтэй. Машины тэвш шламны шавраар дүүрэх дөхөж байхаар нь гарахаасаа өмнө цэвэрлэчихье гээд насосоор соруулж, шалны хонхор хэсэгт тогтсоныг нь хүрзээр хамж авсан. Ингээд шавраа асгачихаад буцаад ирэхэд дахиад зөндөө шингэн хальчихсан байсан. Түүнийг нь цэвэрлэтэл цаанаас нь асгарч урсаад байхаар нь ээлжийн ахлагчид хэлсэн. Ингээд хяналтын камераа хартал цианидын товчлуур ажиллачихсан байсан.
-Хамгаалах хэрэгслээ яагаад өмсөөгүй юм бэ?
-Маскнаас бусдыг нь өмссөн. Хоол идчихээд гарч ирэхэд машины тэвш бараг дүүрч байлаа. Гэтэл шалаар дүүрэн нэлийсэн ус байхаар нь гялс цэвэрлэчихье гэж бодсон юм. Тэгж хальсан байхад нь машин явахаар ус дугуйнд цохигдоод гадагшаа гарчихдаг. Тэр нь хөлдөж, буцаад машин ороход хэцүү болдог. Түүн дээр нь давс, шороо цацахаас эхлээд надад илүү ажил уддаг юм. Тийм учраас би машины тэвш дүүрэхээс өмнө хурдхан цэвэрлэчихье гэж бодсон.
Тэгэхэд цианид асгарсныг хэн ч мэдээгүй. Би ч мэдэлгүй ганцаараа баахан ноцолдоод, болохгүй болохоор нь очиж хэлсэн хэрэг. Түүнийг цэвэрлэж, янзлаагүй, цианидын уусмал хальж асгарч байгааг хэлж арга хэмжээ авахуулаагүй бол хүний эрүүл мэнд, бусад зүйлд учруулах хохирол нь илүү нэмэгдэх байсан байх.